МОСКВА. /Russia Direct/. Энэ онд манай хойд хөршийн барих гадаад бодлогын үндсэн үдсэн чиглэлийн талаар тус улсын "Коммерсант” сонины редактор, ОХУ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын бодлогын зөвлөлийн гишүүн Александр Габуев таамаг дүгнэлт бүхий нийтлэл бичжээ.
Нэг. Евразийн нэгдлийг бэхжүүлэх
Энэ жил ОХУ-ын гадаад бодлогын гол хэсэг бөгөөд В.Путины бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх гурван үндсэн зорилгын нэг болох Евразийн эдийн засгийн нэгдэл байгуулах асуудлыг нэг тийш шийдэх жил болох учиртай.
Ирэх гуравдугаар сард Евразийн эдийн засгийн нэгдэл байгуулах гэрээний төсөл бэлэн болж, ирэх зунаас ОХУ, Беларусь, Казахстан гурван улсын төрийн тэргүүний гарын үсгээр баталгаажих төлөвтэй байна.
Харин намар тус гурван улс тус тусын парламентаар уг асуудлыг хэлэлцэж, 2015 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Евразийн эдийн засгийн нэгдлийн үйл ажиллагааг эхлэх боломж бий болно.Гэхдээ 2013 онд уг асуудлыг хэлэлцэх явцад багагүй бэрхшээлтэй тулгарч байлаа. Учир ньЕвразийн эдийн засгийн нэгдлийг ОХУ, Казахстаны зүгээс харах өнцөг ялгаатай байсанд оршино. Тухайн үед хэвлэлээр тарсан мэдээллээс харвал, ОХУ Евразийн эдийн засгийн нэгдлийг бүх асуудлыг шийдвэрлэх нэгдсэн байгууллага болгох зорилготой байсан. Харин гишүүн орнууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, хөрөнгө, хүн хүчний чөлөөт зах зээл болоод зогсохгүй шилжилт хөдөлгөөн, боловсрол, мэдээллийг харилцан чөлөөтэй хуваалцах орон зай болгох нь ОХУ-ын хүсэл юм. Гэвч Казахстан, Беларусь үүнийг өөрийн орны эрхэд халдах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм. Тиймээс ОХУ энэ жил Евразийн эдийн засгийн нэгдлийг байгуулахын тулд гадаад харилцаа, бодлогын чанартай арга зам сийлж дээрх асуудлыг шийдэхээс аргагүй юм.
Хоёр. Баялгийн шинэ зах зээл олох
ОХУ-д тулгараад байгаа урт хугацааны шийдэх ёстой асуудлаас өнгөрсөн онд хамгийн их амжилт олсон нь нүүрс-устөрөгчийн түлш гаргах шинэ зах зээлтэй болсон явдал байлаа. Оросын төрийн өмчит "Газпром” компани Хятадад 60 тэрбум долларын нефть нийлүүлэх гэрээ байгуулж, төлбөрийг урьдчилж авахаар тохиролцсон байна.
Ингэснээр түүхий эд гаргах шинэ зах зээлийн асуудал шийдэгдсэн боловч ганц монополь хэрэглэгчид хэт түшиглэх эрсдэлтэй байдал бий болсон. Хятад улс Оросын нефтийн Ази дахь монополь хэрэглэгч болж байгаа үед Зүүн Хойд Азийн бүс нутаг дахь олон талт харилцааг бий болгох нь 2014 онд ОХУ-ын хувьд хамгийн чухал асуудал болох юм. Цаашид Хятад улс ОХУ-ын байгалийн баялгийн маш том хэрэглэгчийн үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. Харин ОХУ-ын хувьд Хятадын нөлөөг тэнцвэржүүлэх өөр нэг хүчин зүйл нэн шаардлагатай болно.
Гэвч хараахан тэнцвэржүүлэх чадалтай тоглогч гарч ирээгүй л байна. Өнгөрсөн онд Ерөнхийлөгч В.Путины БНСУ-д хийсэн айлчлал гарц болж чадаагүй, мөн Японтой хийх харилцаанд Курилын арлуудыг тойрсон газар нутгийн маргаан тээг болсоор байгаа. Энэтхэг, Вьетнам зэрэг Азийн бусадорон техник, тоног төхөөрөмжийн зах зээл болох боломжтой ч тэдэнд хөрөнгө оруулалт хийх чадал хомс.
Гурав. Европтой харилцаагаа сэргээх
Түүхийн эдийн зах зээлд Хятадын хэт хараат байдал үүсэх эрсдэлийг багасгахын тулд ОХУ Ази дахь харилцааг олон талт болгохоос гадна Европтой харилцаагаа сэргээх, илүү ойр харилцах хэрэгтэй. ОХУ болон Европын Холбооны орнуудын харилцаа ил сайн ажиглагдахгүй ч үнэндээ сүүлийн хэдэн жилийн турш эрс муудсаар ирсэн. Үүнийг харуулах хамгийн ойрын жишээ бол 2013 онд ОХУ Европын Холбооны дээд хэмжээний уулзалтыг арай гэж ганц удаа зохион байгуулсан явдал юм. Өмнө нь дээд хэмжээний уулзалт жилд хоёр удаа зохион байгуулагддаг байсан билээ. Харин арай гэж зохион байгуулсан дээд хэмжээний уулзалт үр дүнгүй шахам болж өнгөрчээ. Хоёр талын харилцааны таагүй уур амьсгал Украиныг тойрсон асуудлаар улам хурцдав. Европын Холбооноос ОХУ-ын тусгаар улсын дотоод хэрэгт гар дүрлээ хэмээн буруутгаж эхэлсэн юм. Харин ОХУ үүнд хянамгай хандаж, "Евромайдан”-ын талбайд жагсагчдыг дэмжихээр Украинд очсон Европын жуулчид тэднээс учрыг лавлаж байсан юм.
ОХУ-ын хувьд Германтай харилцаа муудаж байгаа нь маш хүндээр тусч байгаа. ОХУ-ын эрх баригчид 2012 оны тавдугаар сарын 6-нд цагдаатай тулгарсан сөрөг хүчний жагсагчдыг эрүүгийн хэрэгт татсан, дээр нь "Pussy Riot” хамтлагийн гишүүдийг хорьсон зэрэгт Герман шүүмжлэлтэй хандаж байгаа билээ. ОХУ нэгэн өндөр албан тушаалтан хэлэхдээ, "эдийн засаг нь жилд долоон хувийн өсөлттэй байгаа Хятадын талаар гадаад улсууд ярихдаа тэнд хүний эрх зөрчигдөж байгаа талаар чимээгүй өнгөрдөг. Харин тэд эдийн засаг нь ямхаар өсөж буй ОХУ-ын тухай ярихдаа хүний эрхийн асуудлыг хүчтэй хөндөж тавьдаг” гэсэн юм. Хоёр орны харилцаа албан бус байдлаар хэдийн доройтож эхлээд байгаа боловч, оросууд Германы тусламжгүйгээр Европын Холбооны бусад улстай хамтран ажиллах боломж хомс гэдгийг маш сайн мэддэг. Ингээд харахаар Европ, тэр дундаа Германтай харилцаагаа сэргээх нь ОХУ-ын гадаад бодлогын аргагүй нэгэн чухал асуудал мөн юм. Михаил Ходорковскийг сулласныг Германтай харилцаагаа сэргээх гэсэн бас нэгэн оролдлогын жишээ гэж харж болно.
А.Цацралт
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих