Өвөрхангайгаас танил маань ярьж байна. "Малчин залуучуудыг цэрэгт татдаггүй болмоор байна. Чи бичээд өгөөч” гэв. Яаж байгаа нь тэр билээ, харин ч цэргийн алба хааж юм үзэж нүд тайлах хэрэгтэй юм биш үү гэвэл:
-Тэр ч яахав тийм. Гэхдээ мал маллаж байгаад цэрэгт явсан залуучууд хөдөөдөө эргэж ирэхгүй хотдоо шингээд байна. Хөдөө эзгүйрч, баахан малынхаа баанд баригдсан өвгөн хөгшин хоёр л уулын амын өвөлжөө сахьж суудаг боллоо. Цэрэгт явсан залуучууд халагдаад хот суурин газар шингэчихээд байна” гэв.
Ховд аймгийн малчин залуучуудын олонх нь эхнэргүй, гоонь эрчүүд байгаа гэв. Яагаад гэвэл эхнэр болох эмэгтэйчүүд олддоггүй. Хөдөөд малын зах бараадаж, малчин залуугийн өрхний оосор даялах бүсгүйчүүд жинхэнэ утгаараа сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ болсон гэнэ
...Ховдоос хотод ирсэн гэр бүлийн найзуудтайгаа хөрөлдөж хэсэг сууцгаав. Нөхөр нь Ховдын Их сургуульд багшилж, угсаатны зүй, түүхийн чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бол, эхнэр нь аймгийн захиргаанд олон жил ажиллаж байгаа, нэг үгээр хэлбэл хязгаар нутгийнхны аж амьдралыг хамгаас сайн мэдэх хоёр л доо.
Тэдний ярианаас хот хөдөөд байгаа нэг урвуу гэмээр хамаарлын тухай олж сонслоо. Юу гэвэл, Ховд аймгийн малчин залуучуудын олонх нь эхнэргүй, гоонь эрчүүд байгаа гэв. Яагаад гэвэл эхнэр болох эмэгтэйчүүд олддоггүй. Хөдөөд малын зах бараадаж, малчин залуугийн өрхний оосор даялах бүсгүйчүүд жинхэнэ утгаараа сураад олддоггүй сувд, эрээд олддоггүй эрдэнэ болсон гэв. Энэ бол гагц Ховдын бус Монголын зовлон болчихоод байгаа гэнэ. Хөдөөнийхэн охин хүүхдээ эрдэм номын мөр хөөлгөх сонирхол ихтэй, харин хүүдүүдээ хань бараа татаж, малчин болгох нь илүүтэй аж.
Гэтэл сургууль соёлын мөр хөөж, суурин соёл иргэншилд хөл алдсан хөдөөний бүсгүйчүүд эргэн ирж малчин залуугийн энгэрийг бүлээцүүлэх сонирхол үнэндээ үгүй аж. Яг ийм хандлагаар хөдөөд залуу бүсгүйчүүд цөөрч, гадаадад ажилахаар явсан залуу эрчүүдийн хомсдолтой хот суурин газарт нөхөргүй хүүхнүүдийн "зуд”-ыг нэмэгдүүлдэг байна.
Хүйсийн харьцаа ингэж хот хөдөөд урвуу хамааралтай болж, тэнцвэр алдагдаад байгаа нь цаашдаа монголчуудын нөхөн үржихүй, хүн амаа өсгөх бодлоготой огтхон ч уялдахгүй байгааг дээр суугаа эрх мэдэлтнүүд эрхбиш анхаарч анзаардаг байх гэж найдъя. Энэ бол асуудлын нэг тал.
Харин асуудлын нөгөө тал нь гэвэл цаашид малаа хэн маллах вэ, нүүдэлчин хэвшил, нүүдлийн мал аж ахуй оршин тогтнох эсэх тухай юм.
Хэдэн жилийн өмнө Өмнөговь аймгийн Гурвантэс суманд очлоо. Энэ сум Нарийнсухайтын нүүрсний ордоос эхлээд уул уурхай эрчимтэй хөгжсөн газар нутаг. Нутгийнхан нутаг маань эзгүйрлээ хэмээн гуниглангуй ярьж байна билээ. Залуучуудын олонхи нь аймаг, хот гээд амьдрал хөөгөөд явчихсан. Нутаг усандаа үлдсэн нэг нь малаа орхиж, уул уурхайд ажиллах болсон гэнэ. Малаа бараадаж үлдсэн хэдэн хөшчүүл цагийн эрхээр тэнгэрт одохын цагт тэндэх нутагт нүүдлийн мал аж ахуй түүх болон үлдэж мэднэ.
Гурвантэс сумын малчин Б.Тогтох гуай "Хөдөө эзгүйрч байна. Харин чоно л олширч байна. Урьдын бид хүн шиг бөхтэй сайхан тэмээ хараад унаж эдэлж үзэх гээд тохом бурантаг бариад очдог байсан бол одооны залуучууд олс хутга бариад дайрдаг боллоо." гэж харамсангуй ярьж байхтай таарсан. Баянхонгор аймгийн Баянлигийн малчин өвгөн Р.Адьяа "Залуучууд малын дэргэд төрж өссөн хэрнээ малаасаа айдаг болчихжээ. Ус нутгийнх нь агаар салхинаас илүү Улаанбаатарын утаа сайхан байдаг юм байлгүй, хот руу дүрвээд дууслаа " хэмээн ёжилж байна билээ.
Хот суурин газар сэтгэл нь хоргодож, анир гүмхэн хөдөөгөө огоорч байгаа залуучуудыг буруутгах арга байхгүй. Энэ чинь XXI зуун. Техник технологийн ийм эрчимтэй хөгжлийн үед буйдхан хязгаарт малын тоосон дунд залуу насаа өнгөрөөнө гэдэг зарим талаараа уйтгартай байхыг үгүйсгэхгүй. Ийм болохоор 10,20 жилийн дараа малаа хэн маллах вэ гэсэн асуулт Монгол төрийн толгойны өвчин болж ирэх байх.
Буурал дээдсийнхээ бууриар тамгалагдсан газар нутгаа орхино гэдэг уг нь хүсмээр зүйл биш. Гэхдээ хөгжил, их хотын шуугиант амьдрал, өөрийгөө сорих боломж, амьдралын олон сонголтууд хөдөөний залуучуудын сэтгэл зүрхийг урвуулсаар л байна. 2011 оноос хойш Монголын малчин залуучуудын тоо 41,2 мянгаар цөөрсөн гэх тоо баримт байна. Ерөнхий дүнгээрээ бол жилд 10 орчим мянгаар цөөрдөг аж. Аймшигтай тоо. Гэхдээ үүнд хэнийг ч буруутгах аргагүй. Энэ бол бидний, монголчуудын маань хамтын асуудал. Гагцхүү зөв зүйтэй шийдлийг л олох ёстой. Уг нь энэ мал, малчин хоёр Монголын маань оршин тогтнох нэг үндэс юм байгаа юм.
Хөдөөд малчин залуучуудаа тогтоож барих "чөдөр”, хотынхныг хөдөө рүү чиглүүлэх хазаар хэрэгтэй байна.
П.Булган
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих