Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа болон түүний хамсаатнуудын авлигатай холбоотой хууль бус адал явдлууд саяхнаас ил болоод байгаа билээ. Т.Эрдэнэтуяагийн толгойлсон бүлэглэл нь барилга байгууламжийг барьж босгохоос эхлээд ашиглалтад хүлээн авах хүртэлх бүх дамжлага дээр хуурамч баримт бүрдүүлэн, голцуу танил талынхаа шахаагаар зохицуулдаг байжээ.
Т.Эрдэнэтуяа нь албан тушаалаа урвуулан ажиллаж Хан-Уул дүүргийн нутагт дэвсгэрт явган хүний зам хааж барьсан өөрийнхөө нэг найзын компанийг хамгаалж хаацайлан, барилгыг ашиглалтанд хүлээн авах актыг хуурамчаар бүрдүүлж өгснийхөө төлөө жаран сая төгрөгийн хахууль авсан байв. Түүний иймэрхүү том, жижиг авлигын хэргүүдийн мөрөөр уйгагүй мөшгөөд, ухаж түнхээд байвал Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, орлогч дарга Ш.Уртнасан мэтийн хүмүүсийнх нь хүзүүг ороож ч мэдэхээр байгаа аж.
Тэрхүү 60 сая төгрөгийн хахуулийг Т.Эрдэнэтуяа лав ганцаархнаа хүртэхгүй болов уу. Тэгээд ч саяхнаас зарим шударга иргэдийн зүгээс төр, засгийн өндөрлөгүүд, хотын удирдлага, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газарт хаягласан өргөдөл гомдолдоо Э.Анар, Т.Эрдэнэтуяа тэргүүтэй бүлэг хүмүүст Монголын хууль үйлчлэхгүй байгаа талаар бичдэг болжээ. Шинээр баригдсан барилгыг ашиглалтанд хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд Э.Анарын албатуудаас заавал оролцдог бөгөөд үүнийг нь далимдуулан Т.Эрдэнэтуяагийн найруулсан элдэв янзын хуулийн зөрчилтэй бичиг баримтууд хөвөрч, комиссын хорь гаруй гишүүд нь мэдсэн ч мэдээгүй царайлан өнгөрдөж байсан байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг "Шинэ өргөө” хотхоны хүүхдийн тоглоомын талбайд барилгын архитектур төлөвлөлтгүйгээр барилга барих зөвшөөрлийг олгуулж оршин суугчдыг нь хэдэн сарын турш бурхидуулан, эсэргүүцлийн жагсаал цуглаан хийж тэмцэхэд хүргэж байсан юм. Уг нь тус хотхоны хүүхдийн тоглоомын талбайд усан оргилуур барьж байгуулахаар төлөвлөөд байтал Т.Эрдэнэтуяагийн бүлэглэл хүч түрэн тэнд үйлчилгээний зориулалттай барилга бариулахаар тийнхүү улайрч байжээ. Түүний будлиантуулсан иймэрхүү газрууд нийслэлийн дүүрэг болгонд хэд хэдээрээ байдаг юм байна. Жишээлэхэд, Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг "Хийл сайд” хотхоны урд талын "Toyoko-inn” зочид буудал болон хажуугийнх нь орон сууцнаас арав хүрэхгүй алхамын зайд "Солонго лайн” компанинийн эзэдтэй хуйвалдан тэдэнд нийтийн эзэмшлийн талбайг дураараа ашиглан оффисын зориулалттай барилга барих зөвшөөрлийг бас л Т.Эрдэнэтуяа тэргүүтний оролцоотойгоор, хууль бусаар олгосон байв. Үүнийх нь гайгаар саяхан оршин суугчид, цагдаа нарын хооронд бөөн хэрүүл шуугиан дэгдэж, сүүлдээ бүр зодоон цохион болохоо шахсаныг зарим нь тодхон санаж байгаа байх.
Оршин суугчид "Солонго лайн” компанийн барьж байгаа тэрхүү хууль бус барилгыг нураалгах шаардлагыг хотын захирагч С.Батболдод тавьсан боловч огт авч хэлцээгүй ажээ. Мөн захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар нь ч хотын захиргааны хууль бус шийдвэрийг хамгаалах гэж оролдсон тул байж ядталаа бухимдсан иргэд тийнхүү "Солонго лайн” компанийн эздийн дуудлагаар ирсэн цагдаа нартай нэгийгээ үзэж нэхийгээ уралцахад хүрчээ.
Т.Эрдэнэтуяа тус компанид хууль бус зөвшөөрөл олгосныхоо шанд хориод сая төгрөгийн хахууль авсан гэдэг яриа ч бас түгэж эхлээд байна. Энэ үнэний ортой болов уу. Тиймээс тэр одоо цуврал авлигын хэргүүдийнхээ түрүүчээс мэдүүлгээ өгөөд урьдчилан хорих байранд саатуулагдаа байгаа юм. Харин түүний авлигын хэргийг эртнээс өөгшүүлсэн Э.Анар болон бусад хамсаатнууд нь дараагийн ажлаа амжуулсан шигээ гадуур сул чөлөөтэй алхаж байна.
О.Баяр
Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих