Манай оронд гурван улсын хилийн зааг хоёрхон байдаг. Нэг нь Алтай таван богд уулан дээр байдаг болохоор хүн очих боломжгүй. Харин Дорнод аймгийн Чулуунхороот суманд байх гурван улсын хилийн шугам дээр хүмүүс ирэх боломжтой юм. Эрээнцавын хилийн боомтын ойролцоо Орос – Монгол – Хятад гурван улсын хилийн зааг буюу 0 дугаартай хилийн багана бий. 1993 онд гурван улсын төлөөлөгчид нийлж байгаад гурван тулгуурт баганыг босгожээ.
Өнгөрсөн жилээс эхлэн хоёр хөрш улс гурван улсын хилийн зааг газраа "аялал жуулчлалын бүс” болгох зорилгоор тохижуулж эхэлжээ. Хятадын тал Монгол, Оросын хилд тулган нэг метр хүрэхгүй зай үлдээгээд төмөр хашаа барьж, дотор нь өнгөт хавтангаар талбай засаад улсынхаа бэлгэ тэмдэг бүхий хөшөөг босгожээ. Оросууд мөн адил аялал жуулчлалын бүс болгох зорилгоор талбай засаад хайрга асгаж, хоёр ч хөшөө байгуулжээ.
Хятадууд хилийн цаахна өндөр цамхаг босгож, цамхаг дээр камер ажиллуулдаг. Хятадын хилийн цэргийнхэн хилээ эргэхдээ жийп машин унадаг бол оросууд мотоцикль, Монголын хилийн цэргийнхэн мориор хилээ эргэдэг аж.
Хятадын тал гурван улсын хилийн зааг бүхий газраас холгүйхэн толгодын цаана тосгон барьж, иргэдээ хилийн торонд тулгаж амьдруулдаг болсон нь хил орчмын аялал жуулчлалаас орлого олуулах зорилготой гэнэ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих