Ирэх 2019 онд Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ой тохионо. Энэхүү ялалтын ойг тохиолдуулан нэгэн эрэлхэг эх орончийг улсын баатар цолоор нэхэн шагнахаар төрсөн нутаг усныхан нь санал санаачилга гаргаад байгаа ажээ. Тэр хүн бол Халхын голын домог 6 дугаар дивизийн дарга, хошууч Чимидийн Шаарийбуу юм. Түүний намтар түүх, байгуулсан гавьяаны тухай МЗЭ-ийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, судлаач, хурандаа Г.Нэргүйн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Хэнтий аймгийн Галшар сум бол хэзээнээсээ суу билэгт мэргэд, эр зоригт дайчид, алдарт хурдан хүлгүүдээрээ Монгол даяар алдартай нутаг билээ. Монгол Улсын Төрийн соёрхолт зохиолч Цэгмэдийн Гайтав нэгэнтээ:
Энэ нутгаас дорнын гүн ухаантан Тунгалаг цорж Занын Агваанбалдан, Галшар хурдан удмын үүлдэрийн адууг үндэслэгч, их шинжээч уяач, Хардал жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжав, Богд хаант Монгол Улсын Сангийн яамны сайд, Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч сайд, Цэргийн яамны тэргүүн сайд, Бишрэлт чин ван Доржцэрэн, Богдхаант Монгол улсын Шударга баатар Бумжаргал, Халхын голын домогт 6 дугаар дивизийн дарга Ч.Шаарийбуу зэрэг цуут хүмүүс төрөн гарсан билээ.
Газрын холоос ив илхэн харагдах Галшар, Их, Бага Арт, Үнэгт, Төдөгтэй Хан уул, номин цэнхэр зэрэглээ наадсан Ноён хөөвөр, Үүдэн, Бааран, Хүйс, Дондойн цэлгэр говиуд, зэгс, харганатай Улаан тал, зээрийн сүрэг халиурсан Тосонгийн тал. Авдран хад, Сүмийн хад, Бударын чулуу, алсаас суварга мэт гэрэлтэх Үйзэн цагаан, Цамба цагаан, Цагаан дэл. Говь, тал хосолсон энэ нутагт Буянт булгийнхаа ногоон зүлэг, Цагаан нуурынхаа цэнгэг усанд шумбан тоглож өссөн нэгэн домогт баатарын мартагдах учиргүй үнэн түүхийг өгүүлсү.
Чимэдийн Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар сумын тавдугаар багийн нутаг Жаргалантын Цагаан дэл гэдэг газар төржээ. Балчир ахуйд эцэг нь нас барсан учир эхийн асрамжинд хүмүүжин эрийн цээнд хүрч, 1932 онд цэргийн албанд татагдан Өндөрхаан, Тамсагбулаг дахь цэргийн ангиудад алба хааж байхдаа бага даргын сургууль төгсөж, жагсаалын болон сумангийн даргаар ажилласан байна.
1937-1939 онд ЗХУ-ын Тамбов хотод "Тамбовское Краснознаменное Ковалериское училище имени Первой Конной Армии" буюу Морин цэргийн сургуулийг "Онцсайн" дүнтэй төгсөв. Халх голын байлдаанд дивиз, 1945 оны чөлөөлөх дайнд Хуягт танкийн бригад командалж явсан Монгол Улсын баатар Л.Дандар, Д.Нянтайсүрэн нартай нэг ангид хамт сурч байсан бөгөөд 1939 оны хоёрдугаар сард 13-уулаа төгсөж иржээ. Тэд Монголд ирээд Зайсан толгойн баруун талд буюу одоогийн ХААИС-ийн урд нэгэн модон байшинд байрлаж байв. Найм дахь хоногт нь Маршал Х.Чойбалсан тэднийг дуудаж, найрсгаар хүлээн авч, тушаал уншсан байна. Маршал Х.Чойбалсангийн 1939 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 4 тоот тушаалаар хамгийн түрүүнд Ч.Шаарийбууд ахлах дэслэгч цол олгож, Тамсагийн зургадугаар дивизийн Тагнуул ангийн даргаар, Д.Нянтайсүрэнг Цэргийн ерөнхий сургуульд Сумангийн даргаар, Л.Дандарыг Тамсагийн VIII дивизийн 22 дугаар хорооны штабын туслахаар тус тус томилжээ.
Ч.Шаарийбуу ажиллах хугацаандаа цэргийн зохих хэмжээний боловсролтой, зохион байгуулах авъяас чадвартай, удирдах албан тушаалд дэвшүүлэн ажиллуулах найдвартай боловсон хүчин болохоо харуулсан учир Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн 1939 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн 18 тоот тушаалаар дивизийн захирагчаар түр томилогдон ажиллаж, нэг сарын дараа 4 дүгээр сарын 28-ны өдрийн 34 тоот тушаалаар хошууч цол шагнагдаж, 6 дугаар морьт дивизийн захирагчаар томилогджээ. Ч.Шаарийбуу улсын дорнот хил хязгаарт Японы халдан түрэмгийлэх аюул занал улам хурцдаж байсан нөхцөлд дивиз нэгтгэлийн байлдааны байнгын бэлэн байдлыг хангах, нийт дайчдын улс төр, ёс, суртахууныг улам өндөржүүлэх, тэдний сонор сэрэмжийг дээшлүүлэх, дайчдыг эх орон ард түмэндээ үнэнч байх үзлээр хүмүүжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулан ажилласан байна.
1939 оны 5 дугаар сард Японы милитаристууд манай орны дорнод хилийг Халхын голын районоор зөрчин үлэмж их хүчээр довтолсон билээ. Тэр үед зүүн хязгаарт байсан Тамсагбулагийн 6 дугаар морьт дивизийн анги, салбарууд цэргийн дээд командлалын тушаалаар хамгийн түрүүнд байлдаанд орж дайсанд цохилт өгсөн байна. Энэ тухай 1972 онд хэвлэгдсэн "БНМАУ-ын баатрууд ба гавьяат үйлстэн” номын 213-р талд бичихдээ: "...Хошууч Шаарийбуу байлдааны тушаалыг хүлээн аваад Тамсагбулагийн төвөөс өөрийн нэгтгэлийг түгшүүрийн дохиогоор хөдөлгөн хурдавчилсан маршаар Халх голд хүрэлцэн очиж хамгийн тэргүүн эгнээнд Японы самуурай нарын эсрэг байлдаанд орж дайсанд цохилт өгсөн байна. 6 дугаар морьт дивизийн тэргүүний анги, салбарууд 1939 оны 5 дугаар сарын 22, 23, 24-ны өдрүүдэд Халх голын цаад талд Хайлааст манханд Японы цэргийн тэргүүний ангитай тулалдаж бут цохив. Тэр энэ байлдаанд цэрэг, дайны арга техникийг сайн судлан эзэмшиж, нэгтгэл, ангийг чадварлагаар удирдан командлах авьяастай эрэлхэг дарга болохоо үзүүлжээ” гэж бичсэн байна.
Дивизийн захирагч хошууч Шаарийбуу зөвхөн захиран командлагч төдийгүй ухуулагч, суртал нэвтрүүлэгч, дайчдыг биеэр үлгэрлэн хүмүүжүүлэгч хүн байжээ. Энэ тухай Халх голын ахмад дайчин, тэр үед дивизийн сургуулийн сумангийн улс төрийн удирдагчийн туслах байсан З.Төгсжаргал /УИХ-ын гишүүн, сайд асан Т.Гандигийн аав/ "...дивизийн дарга Шаарийбуу байлдааныг удирдахын зэрэгцээ дайчидтай уулзаж эзэмшиж байгаа буугаар нь дайсныг устгаж биеэрээ үлгэрлэн явдаг, ухаалаг тайван, аймшиггүй зоригтой, халуун эх оронч хүн байсан юм” гэж Халх голын байлдаанд оролцсон "Монгол-Зөвлөлтийн ахмад дайчдын дурдатгал” номонд бичиж үлдээжээ.
1970 онд хэвлэгдсэн тус номонд зургадугаар морьт дивизийн комиссар байсан Д.Пэлжээ "...дивизийн дарга Шаарийбуу бол цэргийн хэргийн мэдлэг, боловсролоор чадварлаг, өөрийн дивизийг дайсны эсрэг тулалдаанд чадамгай удирдаж сайн зохион байгуулж байсан юм. Шаарийбуу зан байдлын хувьд төлөв томоотой, эелдэг зөөлөн харьцаатай, наргиан хөгжөөн ихтэй, шулуун шудрага, эрэлхэг зоригтой хүн байсан бөгөөд Халх голын байлдаанд эх орон, ард түмнийхээ төлөө эрэлхэгээр тулалдаж яваад алтан амиа алдсан хүн” гэж бичсэн байна. Ч.Шаарийбуу 1939 оны 5 дугаар сарын сүүлийн 10 хоногт фронт дээр болж буй цагийн байдлыг тодруулахын тулд өөрийн дивизээс тагнуул туршуулыг байнга ажиллуулж дайсны байрлал, болзошгүй ажиллагааг урьдчилан илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж дайсныг угтан байлдах төлөвлөгөөг дивизийн зөвлөх Васильев, штабын сургагч Малов нарын хамт боловсруулж бүх анги, салбарууддаа байлдаанд ороход бэлэн байх тушаал өгсөн байна. Монгол-Зөвлөлтийн цэргийн гол хүч Халх голын байлдааны фронтод хүрэлцэн очиж амжаагүй байхад 1939 оны 5 дугаар сарын 26-нд дивизийн штаб Хайлаастын голын зүүн эрэгт очиж байрласан байна. Энэ үеэс дивизийн сургуулийн суман дивизийн штабыг хамгаалах үүргийг гүйцэтгэжээ. 5 дугаар сарын 28-нд 6-р морьт дивизийн бүх ангиуд японы цэргийн давуу хүчний эсрэг ширүүн тулалдаанд орсон байна.
Ч.Шаарийбуу дивизийн морьт хороод, их буу, хуягтын ангиудын хүчийг зөв хуваарилан дайсны эсрэг эрэлхэгээр тулалдан самуурай нарын довтолгоог няцаасаар байжээ. Гэвч японы самуурай нар үлэмж давуу хүчээр дивизийн байрлалын зүүн гар талаар ороон давшсан байна. Тавдугаар сарын 28-ны өглөөний 10 цагийн орчим дивизийн штаб бүслэгдэж дайсан штабын байрлалын ар талаас ширүүн давшилт хийв.
Дивизийн штаб, хороодуудын утсан холбоо тасарсан байна. Цагийн байдлын энэ хүнд нөхцөлд дивизийн дарга хошууч Шаарийбуу сургуулийн суманг гардан удирдаж Халх гол, Хайлааст манхны завсраар орж ирсэн дайсны түрэлтийг зогсоохын тулд өдөржин хоол ундгүй тулалдаж дайсны давшилтыг няцаасан байна. Мөн өдрийн орой 17 цагийн орчимд хошууч Шаарийбуу дайсны үлэмж давуу хүчтэй тулгаран эрэлхэгээр тулалдаж байгаад амь эрсэджээ.
Тавдугаар сарын 30-нд байлдааны талбараас нас барсан дайчдын цогцосыг цуглуулахад дайсанд хэд хэдэн удаа буудуулж, сүүлчийн сум нь амин газар нь туссан байдалтай түүний цогцос олдсон байна. Ч.Шаарийбуу ингэж эрэлхэгээр тулалдаж байсан нь ахмад дайчин С.Нанжаа, З.Төгсжаргал нарын "Улаан од” сонины 1979 оны 32-рт нийтлэгдсэн дурдатгал, 1970 онд хэвлэгдсэн ”Ахмад дайчдын дурдатгал” номонд Д.Пэлжээ, Ж.Осор нарын бичсэн дурсамжаар тодорхойлогдож байна. Цэргийн явдлын яамны сайд, бүх цэргийн жанжин маршал Х.Чойбалсангийн 1939 оны 6 дугаар сарын 11-ний 76 тоот тушаалын 2-р зүйлд: ".... саяны өнгөрсөн байлдаанд дорнод хязгаарын Тамсагийн 6-р дивизийн олон дарга, улс төрийн тушаалтан, байлдагч цэргүүдээс маш гайхамшигтай эрэлхэг зориг гаргаж эх орныхоо төлөө баатарлаг тулалдаж дайсныг бут цохисон явдлын зарим нэг цөөн баримтыг дурдваас .... дивизийн дарга Шаарийбуугийн бие эх орныхоо төлөө баатарлагаар тэмцэж агаад дайсанд эрсдэж нас барсан явдалд Дорнод ангийн дарга цэргүүдээс гүн их гашуудалтайгаар гавьяат нөхөр Шаарийбуугийн хүүр биеийг хүндэтгэн ёслож Тамсагийн төв дээр оршуулгын ажлыг гүйцэтгэсэн болой” гэж Зэвсэгт хүчний улсын архивын фонт №4, хадгаламжийн нэгж 37-д тэмдэглэгдсэн байна.
Ч.Шаарийбуу эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө баатарлагаар амь үрэгдсэн. Гэтэл үүний дараахан "Шаарийбуу урвагч байжээ” гээд л цуурч эхэлсэн төдийгүй хэлмэгдүүлсэн байдаг. Дивизийн дарга, хошууч Шаарийбуугийн баатарлаг vйлсийн талаар Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсан "Тамсагбулагийн зургадугаар дивизийн дарга Ч.Шаарийбуугийн бие баатарлагаар тэмцэн байлдаж байгаад, энэхүү байлдааны галын хүрээнд хорт дайсан Японы эзэрхэг түрэмгий нарын суманд дайрагдаж, баатарлагаар амь үрэгдсэн" гэж онцлон тэмдэглэж байсан байдаг.
Ч.Шаарийбуутай хамт Тамбовын морин цэргийн сургуульд сурч байсан Матадын 8 дугаар дивизийн дарга асан хурандаа Д.Нянтайсүрэн, 17 морьт хорооны даргаас 6 дугаар дивизийн дарга болсон гарамгай баатар Л.Дандар нар түүнийг хэзээ ч урвагч байгаагүйг батлан хэлдэг байжээ. Монгол Улсын баатар Л.Дандарл "Шаарийбуу намхан, шингэхэн үстэй, биеэр жижигдүү, нэлээд хатуу захирамжтай, морин сургуульд гарамгай нэгэн байсан. Нөхөр Шаарийбуу бол эх оронч, шударга, цэргийн даргын ариун сайхан нэр алдар, нам, төрөөс өгсөн үүрэг даалгаврыг нэр төртэй биелүүлсэн хүн гэж боддог" гэжээ.
Монголын ардын армийн 6-р морьт дивизийн дарга Л.Дандар, армийн жанжин, маршал Х. Чойбалсан, хорооны комиссар Э.Пэлжээ нар
Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст "Ч.Шаарийбууг дайсанд урвасан гэх яриа үндэслэлтэй эсэхийг шалган тогтоож өгөхийг хүссэн"-ий дагуу 1994 онд ЗХЖШ-ын I орлогч дарга, хошууч генерал Б.Шагдараар ахлуулсан цэргийн мэргэжилтэн, хуульч, түүхч, мэргэжлийн шинжээчдээс бүрдсэн комисс томилогдон уг асуудлыг нухацтай судалж, дүн шинжилгээ хийснээр дээрх үг, яриа ор үндэсгvй цуурхал байсныг тогтоожээ.
Ч.Шаарийбуу 5 дугаар сарын сүүлчийн ширүүн тулалдааны үеэр П.Шагдарсүрэн, Н.Дугаржав хоёрт тусгай үүрэг өгч өөр хороо руу явуулсан байдаг. Хэрвээ тэд ийн тушаал авч яваагүй бол дайсны суманд өртсөн ч байж болох магадлал маш өндөр байжээ. Энэ тухай хожим Монгол Улсын Баатар болсон П.Шагдарсүрэн "Миний дарга Ч.Шаарийбуу бол Халх голын дайнд Монгол ардын армийн 6-р морьт дивизийг командалж эрэлхэгээр тулалдаж яваад эх орныхоо төлөө амиа өргөсөн баатар хүн. Ч.Шаарийбуу бол баатар болох ёстой хүн” хэмээн дурсан өгүүлсэн байдаг.
Эх орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө эрэлхэгээр тулалдаж байлдааны талбарт амь үрэгдсэн хошууч Шаарийбууд Халх голын ялалтын 40 жилийн ойг тохиолдуулан "БНМАУ-ын БААТАР” цол нэхэн шагнуулахаар БНМАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, хурандаа генерал Ж.Авхиа, Ардын армийн улс төрийн газрын дарга, дэслэгч генерал Д.Ёндондүйчир нарын тодорхойлолт байсан ч хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр бүрэн арилаагүй цаг үе таарч он цагийг элээсээр бидний үетэй золгожээ.
Мөн ОХУ-ын Үндэсний Төв архив, манай БХЯ-ны Цэргийн төв архив хамтран 2014 онд ОХУ-ын Москва хотод гаргасан "Халх голын районд болсон дайны асуудлууд, 1939.05-09 сар” гэсэн баримт материалуудыг анх удаа хэвлүүлсэн номын 516 дугаар хуудаст "Ч.Шарибу 1909 онд төрсөн, 1939 онд нас барсан, хошууч цолтой. 1936-39 онд СССР-ийн Цэргийн сургуульд суралцсан. 1939 онд 6-р морьт дивизийн захирагч, 1939 оны тавдугаар сарын 28-ны тулалдаанд нас нөхцжээ” гэж тэмдэглэсэн байна.
2019 онд Халх голын ялалтын 80, эх оронч Ч.Шаарийбуугийн мэндэлсэний 110 жилийн ой тохионо. Энэхүү түүхэн ойг угтан Хэнтий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 5 дугаар сарын 9-ны өдрийн хурлаар Галшар сумын харьяат, эх оронч, Халх голын дайнд баатарлагаар амь эрсэдсэн хошууч Чимэдийн Шаарийбууг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнуулахаар 100 хувийн саналаар дэмжсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү тогтоолыг Монгол Улсын Батлан хамгаалах яаманд уламжилсан бөгөөд тус яамны зүгээс дэмжиж Монгол Улсын Ерөнхийлөгч болгоож зарлигаа гаргаснаар бидний өнөөгийн жаргалтай амьдрал, эх орныхоо сайн сайхан ирээдүйн төлөө халуун амь, бүлээн цус, тулах ясаа ивсэн зоригт өвөг дээдсийн минь яруу алдар батжина.
Баатар цол нэхэн олгох, эс олгох асуудал маргаан дагуулдаг ч олгохгүй гэсэн нэг ч төр, засгийн тогтоол шийдвэр алга. Ч.Шаарийбууд баатар цол нэхэн олголоо гэхэд эх орон, газар шорооныхоо бүрэн бүтэн байдал, тусгаар Монголынхоо төлөө халуун залуу нас, амь биеэ зориулсан түүнд Халх голын дайнаас амьд үлдсэн цөөхөн хэдэн буурлууд, 14 жил сум орны удирдлагад ажилласан, нутаг нэгтэн эрэлхэг дайчныхаа алдрыг тодруулах санааг оройлон хошуучилж эхлүүлсэн, ахмад дайчин Донойн Даваажанцан багшаасаа энэ эгэл баатарын тухай үг, сургаалыг нь сонсож өвлөн авч олон арван нэвтрүүлэг, нийтлэл бичсэн буурал сэтгүүлч Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн Лувсандоогийн Гүнсэн, 101 нас сүүдрийг зооглож буй Монгол Улсын баатар, Ч.Шаарийбуугийн торгон цэрэг П.Шагдарсүрэн, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Хасу Мегаватт” компанийн Ерөнхий захирал, Галшар сумын нутгийн зөвлөлийн дарга Ж.Түмэн-Аюуш, хаан Чингэсээрээ овоглосон Хан Хэнтий нутгийн зон олон болоод Монголын минь хөх тэнгэр, уул, ус нь амирлах биз ээ.
Дайн алсарч, суман мөндөр, шуурган давшилтанд мөр зэрэгцэн тулалдаж явсан ахмад дайчид маань улам л цөөрсөөр. Халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, ариун газар шороонд нь шингэж мөнх нойрссон баатруудаа бид мартах учиргүй. Цусан гавьяа, баатар алдрыг нь үеийн үед дархалж бахархан дурсах учиртай билээ.
Домогт Халхын гол
Халхын голын дайны шарх, бөмбөгдөлтийн ул мөр өнөөдөр ч аниагүй хэвээр.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих