Хамуг Монголын Хөдөлмөрийн намын Цэцийн дарга Ц.Шинэбаяртай ярилцлаа.
-Улс орны эдийн засгийн байдал хүндэрсэнд парламентын гаднаас төрд хяналт тавьж буй жижиг намууд, тухайлбал танай нам ямар байр сууриас хандаж байна?
- Монгол Улсын улс төр, эдийн засаг маш хүнд байдалд орчихлоо. Ийм үед зүгээр хараад сууж болохгүй.
Бид тодорхой асуудлаар байр сууриа илэрхийлж, дуу хоолойгоо нэгтгэж, улс орныг уруу нь түлхэж байгаа эрх баригч хүчний увайгүй, арчаагүй үйлдлийг хурцаар шүүмжилж байгаа.
-Засгийн газар эдийн засгийг 100 хоногт чадавхижуулж, 70 бүтээлч ажил амжуулна гэсэн. Парламентад суудалтай намууд дор бүрдээ хүндрэлээс гарах гарц хайж байна. Эргэлзэх нэгэн байхад олонх нь итгэж хүлээж байх шиг?
-Өнгөрсөн хоёр жилд эдийн засгаа эрчимжүүлж чадаагүй. Чадаагүй учраас өнөөдөр 100 хоногт идэвхжүүлнэ гэж байна. Хоёр жилд чадаагүйг 100 хоногт чадна гэдэг худал. Валютын ханш өдрөөс өдөрт чангарч, төгрөгийнх унаж байна шүү дээ. Ийм үед хариуцлага сахилга батыг сайжруулж чадахгүй байна. Хэрэглэгчдийг дэмжиж чадахгүй байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар өчнөөн тендер зарлагдаж байхад хаа сайгүй ажил назгайрчихсан, хаасан, боогдуулсан байдалтай байгаа үед эдийн засаг эрчимжихгүй. Одоо үүний дараа дахиад 100 хоногт яах юм бол. Хэрэв 100 хоногт идэвхжихгүй бол яах вэ. Идэвхжүүлэх биш цаг алдсан 100 хоног гэж зарлах юм уу, хаашаа юм. Тийм байдал руу орох байх л даа.
-Энэ чадваргүй хүмүүс, чадамжгүй нам төрийн толгойд гарсных уу. Эсвэл улстөрчид ганцаарчилсан болон бүлэг, фракцийн тоглолт хийснийх үү. Ерөөс эдийн засгийн хямрал яван явсаар оргилдоо хүрч байна уу, та юу гэж дүгнэж байна?
- Авилгалд идэгдсэн этгээдүүд МАН, АН гэх нэр зүүн засгийн эрхийг ээлжлэн барьж, ард түмний саналаар наймаалцаж жүжиг тоглож байсных. Тэр тоглоом явсаар сүүлдээ МАНАН болсон. Түүний дараа хар машины БУДАН болсон.
-Одоо үүсээд байгаа хямралаас яаж гарах вэ?
-Хариуцлага, сахилга батыг бий болгох ёстой. Гэтэл хариуцлагаас ухарчихаад байна шүү дээ. О.Баасанхүү нэг хариуцлагагүй сайдад хариуцлага тооцуулах гэж тогтоолын төсөл өргөн барьсан. Түүнийхээ үр дүнг үзэлгүй буцаагаад татчихлаа. Энэ бол улс төрийн харалган жүжиг. Хариуцлага тооцохгүйгээр ажил сайжирна гэж байхгүй. Өнгөрсөн хоёр жилд нэг ч хариуцлага тооцсонгүй. Хөгжил дэвшил гэж юу ч байсангүй.
-Эдийн засгаа сөхрүүлснийг уул уурхайд хориглосон хуулиуд баталсан, хөрөнгө оруулагчдыг үргээснийх, хоёр хөршийнхөө итгэлийг алдсаных гэхчлэн эдийн засагч, улстөрчид янз бүрээр тайлбарладаг. Та аль өнцгөөс харж байна вэ?
-Уул уурхайг бол дэндүү задгай тавьсан. Энэ салбарт 1990 оноос өмнө нэг ч тонн нүүрс гадагш гаргадаггүй байсан. Энэ жил манай улс 30 гаруй сая тонн нүүрс гаргана. Өнгөрсөн жил хорь гаруй сая тонныг гаргасан. Зэсийн баяжмал гаргаж буй хэмжээ өссөн. Хамаг байдгаа хамж гаргаад өөдлөхгүй байна шүү дээ. Энэ юутай холбоотой вэ гэхээр ашигт малтмалаас орж буй ашгийг цөөн хүн, тэдний цаана байгаа хэдхэн гэр бүл шууд зувчуулж байна. Үүнийг мэддэггүй гэхэд хаашаа юм, АТГ, цагдаа хууль хяналтынхан ерөөс шалгадаггүй. Тэднээс илүү эрх мэдэл бүхий хүмүүс тэр мөнгийг хармаалж байгаад гол учир байна шүү дээ.
-Өнөөдөр бүх салбарт зардлаа таная гэж байгаа. УИХ-ын төвшинд Өрийн удирдлагын тухай хууль ярьж, төсвөө тодорхой хэмжээнд тодотгоё гэж байна. Үр дүн гарахгүй гэж үү?
-Зардал танах байсан бол өмнөх онд баруун, солгойгүй цацаж байхдаа яагаад танаагүй юм бэ. Яагаад улсын төсөв баталснаас гуравхан сарын дараа тодотгоно гэдэг юм. Ийм л арчаагүй, харалган хүмүүс төр барьж байна. Ядаж гуравхан сарын цаадахыг харахгүй байна гэж үү. Ам.долларын ханш өнөөдөр 1815-д хүрлээ. Гэтэл төсөвтөө 1390 гаруйгаар тооцоод явж байна. Ингэхээр хоорондын зөрүүг нөхөж чадахгүй. Гарцаагүй төсөвт тодотгол орж ирэх нь ойлгомжтой байсан шүү дээ.
-Ашигт малтмалын тухай хууль, "Урт нэрт” болон бусад хуулийн талаар та юу хэлэх вэ?
-УИХ сүүлийн үед улс оронд онц чухал шаардлагатай хууль батлахаа больсон. Мөнгөтэй, захиалгатай хууль баталж гаршсан. Алтны нөөцийн татварыг 4 дахин бууруулсан хуулийг "Алтан Дорнод-Монгол” компанид харъяалалтай нөхөр захиалж батлуулсан. Мөнгөтэй хүмүүс захиалсан учраас УИХ баталсан. Хэсэг бүлэг хүн хууль батлахын өмнө юу гэж хэлсэн бэ гэвэл, энэ хуулийг баталсны маргааш валютын ханш хэмжээндээ орно гэсэн нь хаа байна, харин ч улам өслөө. Монголбанкинд маш их алт орно гэсэн, орсон. Гэхдээ багагүй хэмжээний алт орсон. Яагаад ийм хахир өвлийн цагаар хэмжээний алт орчихов. Алтаа тушаахгүй хүлээж байсан байна шүү дээ. Энэ нь хууль захиалгатай гэдгийг харуулж байгаа юм. Алтаа тушаахгүй байж байгаад нөөцийн татварыг бууруулсны дараа тушааж байгаа нь татвараас зугтаасан гэмт хэрэг. Тэгэхээр гэмт хэргийг өөгшүүлж байгаа УИХ юу болж таарах вэ. Одоо Ашигт малтмалын тухай хуулийг ярьж байгаа нь ч дээрхтэй агаар нэг.
-Тухайлбал?
-Ашигт малтмалын тухай хуулийн 5.4, 5.5-ыг дахиад өөрчилж байна. Стратегийн ач холбогдол бүхий ордыг улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд төрийн эзэмшил тогтоох ёстой. Гэтэл төрийн эзэмшлийн хувийг доошлуулах гэж байгаа учраас асар том захиалгат хууль явж байна гэхээс өөр хэлэх үг алга. Хэрэв тэр хуулийг баталчихвал уул уурхай жилд 100 сая тонн нүүрс гаргана гэж байна. Оюутолгой ч ашиглалтад орох юм гэнэ. Тэр бидэнд ямар ч хүртээлгүй болно. Хэдэн хүний олз болж, гаднын банкуудад байрших биз.
-Оюутолгой гэснээс далд уурхайн ТЭЗҮ хүлээгдэж байна гэсэн яриа амнаас ам дамжиж, нэг ёсондоо сурталчилгаа мэт сонины нүүр чимэх боллоо. Гэтэл манай талаас Рио Тинто руу захидал бичиж, ТЭЗҮ-гээ дараа болно биз, ажлаа эхлүүлье, хөрөнгөө оруулаач гэж санал тавьсан сураг дуулдаж байсан?
-Оюутолгойн асуудлаар саяхан доктор С.Авирмэд, Ч.Хурц, н.Эрхэмбаяр бид дөрөв "Шударга ёс” эвсэлд ил захидал бичсэн. Түүнд юу гэж бичсэн бэ гэвэл, анхнаасаа л Оюутолгойн ТЭЗҮ-г батлах үед 5.1 тэрбум дотор далд уурхайн хөрөнгө оруулалт орчихсон гэдгийг хэлсэн байгаа. Гэтэл одоо тэрийг зориуд орхигдуулж, дахиад далд уурхай дээр мөнгө авч улс орныг улам их өрөнд оруулах нь. Ийм л саналыг тавьж, "Рио Тинто” компанийн өмнө өвдөг сөгдөн мөлхөж очиж, захидал бичиж байна шүү дээ, манай Ерөнхий сайд. Засгийн тэргүүн нь ингэж Оюутолгойд найр тавьсан арчаагүй байдлыг бид харж байна. Ямар шахалт үзүүлсэн болоод Ерөнхий сайд тэнд мөлхөж явдаг болчихов. Уг нь хоёр хөл дээрээ явах ёстой биз дээ. Өмнөх гэрээ, ТЭЗҮ нь цагаан дээр хараар бичээстэй байсаар байтал яагаад дахиад хийе гээд явж байдаг юм бэ.
-Одоо ер нь манай улс өр тавихаас аргагүй байдалд хүрээд байгаа юм биш үү. Эдийн засгийн хөгжлийн сайд ч ингэж мэдэгдсэн байгаа?
-Энэ байдлаас гарах нэг л арга бий. Их хурал яаралтай тарах хэрэгтэй. Өнөөдөр улсын өр 18 тэрбум доллар хүрчихээд байна. Тэрийг нь 20 тэрбум болгох гэх гээд байгаа юм уу. Эсвэл бүр 36 тэрбум болгох гээд байгаа юм уу. УИХ Оюутолгойгоос тавьсан бүх хүсэлтийг гүйцээх гээд суугаад байгаа юм уу. Их хурал дотор хар тамхичин ороод ирчихсэн гэж байна. Цаашид хэдэн хар тамхичинтай болох гэж хүлээгээд байгаа юм. УИХ дотор хоёр гартаа хутга барьж, Төрийн ордны хажууханд хүн хутгалсан хүн сууж байна. Одоо тэр нөхрийг ордон дотор хүн хутгалахыг хүлээгээд байгаа юм уу. Юу хүлээж энэ Их хурал цаашаа ажиллах гээд байгаа юм бэ. Улс оронд хэрэгтэй шийдвэр гаргах талаар ажиллахгүй байна. V цахилгаан станц барина гээд л шуугисан, алга байна. Энэ бүрэн эрхийн хугацаанд л лав тэр станцыг барьж амжихгүй. Дөнгөж байгаль орчны үнэлэгээг нь хийж байгаа юм билээ. Түүний дараа асуудал шийдэхэд 36 сарын хугацаа хэрэгтэй. Бүх ажил сайн явлаа гэхэд 2017 онд л ашиглалтад орно. Гэтэл 2015-2016 оны өвлийн их ачааллыг цахилгаан станцууд даах хэцүү. Түүнийгээ мэдсэн ч өдөр хоногийг гэмт хэрэг, хийсэн булхайгаа нуух гээд гол ажлаа орхигдуулж байна. Энэ их гай түйтгэрийг арилгахын тулд эд нар маш хурдан буух хэрэгтэй. Дахиад хэлье, энэ Их хурал унах нь тодорхой учраас аль болох хурдан, зөөлөн газардах хэрэгтэй. Удах тусам илүү чанга унана. Чанга унахаар ард түмний тархи л доргихоос авлигачдынх доргихгүй шүү дээ.
-Эдийн засаг хямарсан тул бүсээ чангал гэх нь хаашаа юм, гэхдээ та иргэдэд хандаж юу хэлэх бол?
-Төрд шаардлагаа тавь. Тэд чинь таны итгэж
сонгосон төлөөлөл шүү дээ. Гэтэл итгэлийг чинь биелүүлэлгүй 24 жил
худал ярилаа. Төрд ажиллах чадваргүй, хариуцлагагүй хүмүүс УИХ, Засгийн
газарт байна. Хэрэв тэд ард түмнийхээ төлөө ажиллаж чаддаг байсан юм
бол яагаад энэ их алт, байгалийн баялаг гадагшаа үнэгүй шахам урсч,
өчнөөн лиценз олгочихоод улс орон босохгүй байна вэ. Гадаадын гэх
компаниудад хүссэнээр нь эрх олгосон. Тэд гадаадын улс орнуудын ёс
зүйтэй компаниуд ч биш, манай төрд байгаа хэдэн хүнийг урхидчихсан
нөхөд С.Баярцогтоос эхлээд төрд байгаа хүмүүсийг барьцаанд авчихаад,
бусдыг нь олсоо татаж айлгаж байна. Ийм хүмүүс төрд байхад сайн зүйл
хүлээх боломжгүй.
Ч.ҮЛ-ОЛДОХ
ЗУУНЫ МЭДЭЭ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих