Манайхан малаа бэлчээрийн шим шүүстэй, эмийн ургамлаар сорчилж хооллодог, цэвэр усаар ундаалдаг болохоор махыг нь цоо эрүүл хэмээн итгэж, элдэв бордоотой ногооноос илүү махаараа түлхүү хооллодог.
Гэвч малын мах маань бас л анхаарах ёстой хүнсний нэг болоод уджээ. Малчид мэдлэггүйн хар гайгаар малын мах маань хоол биш хор болж, хүнсний аюулгүй байдал, цаашлаад үндэсний аюулгүй байдалд заналхийлэх болсныг эрдэмтэн судлаачид ч мэдэгдэх болж.
Ийм нэг яриа байдаг. Нэг малчин үнээгээ жаахан таргалуулж бгаад идшинд идэх санаатай малын эмч дээр очоод ивомик тариа асууж л дээ. Гэтэл малын эмч нь "Малаа зарах гэж байгаа юм уу” гэжээ. "Үгүй, өөрөө л идэх санаатай” хэмээн малчин ч хариултал малын эмч "Өөрөө идэх гэж байгаа юм бол ивомик хийж болохгүй” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр өөрсдөө идэх болохоор эм тариагүй, хотын килограммын мах худалдан авдаг бид тариагаар бордсон малын мах идэх ёстой бол байна уу.
Малчид бие биенээсээ сураг дуулсан, олдсон тариагаа хугацаа, хадгалах горимыг нь ч анхаарахгүйгээр дурын хэмжээгээр шахдаг болжээ. Үүний улмаас монгол хүний эрүүл мэнд хөсөр хаягдах дээрээ тулжээ. Сүүлийн жилүүдэд элэг, ходоод, цөс гэх мэт хавдрын өвчлөл нэмэгдэж байгаа. Үүнд бид өнөөх л муу нэртэй импортын хүнсээ буруутгадаг боловч нарийн учир яривал малын мах, сүүнд ч асуудал байх шиг ээ.
Тэр дундаа малаа малладаг малчдын мэдлэггүй, дураараа зангийн гайгаар өнөөдөр эрүүл саруул инээж хөөрч алхаж яваа хэн нэгэн маргааш хүнд өвчтэй, цаашлаад амь насаа ч алдаж байгаа юм бил үү.
Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн захирал Ууганбаяр "Малын эм бол мал л хэрэглэдэг юм шиг боловч хүнсний аюулгүй байдал, хүний эрүүл мэндтэй холбоотой байдаг. Тиймээс дэлхий нийтээр энэ асуудалд онцгой анхаардаг. Манай малчдын хувьд малын эмийн зохистой хэрэглээний талаарх ойлголт маш муу. Ивомик гэж тариа бий. Энэ бол гадна паразитын эсрэг хэрэглэдэг тарилга. Гэтэл манай малчид ядарсан малд хийдэг гэсэн ойлголттойгоор тарьдаг. Ивомик нь малын мах, сүүгээр дамжин хүний элгэнд хуримтлагдаж, элэг, бөөр гэмтээдэг. Хэрвээ ивомик тарьсан малын сүү 7 хоногийн дараа, 21 хоногийн дараа махыг нь хэрэглэлээ гэхэд хүн өөрөө өвчилнө гэсэн үг. Гэтэл манай малчид ядарсан малдаа хэрэглээд, ядарсан мал нь тэнхрэхгүй бол нядлаад хэрэгцээндээ хэрэглэчихдэг” гэжээ.
"Би малчин хүн. Малаа элдэв төрлийн өвчнөөс яаж хамгаалах, ямар төрлийн эм тариа хэрэглэх, хэнд, хэзээ зарж борлуулах нь миний л асуудал” гэсэн малчин хүний алсыг хараагүй бодлогоос болж бид эмийн үлдэгдэлтэй мах идэж, цаашид эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байх уу.
Засгийн газрын дэргэдэх Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн хурлаар 2018 онд 27.9 мянган тонн үхрийн мах, 43.6 мянган тонн адууны мах экспортлохоор болж, хонь, ямааны маханд хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэжээ. Гэвч хойд, урд талд хоёр том зах зээлтэй ч монгол малын мах үнэд хүрдэггүй, экспорт төдийлөн дорвитой нэмэгдэж чадахгүй байгаа нь малын эрүүл мэндтэй холбоотой.
Тиймээс ч малаа эрүүлжүүлэх ажилд илүү ул суурьтай, шинжлэх ухаанч байдлаар хандаж, энэ асуудалд ХХААХҮЯ-наас дорвитой ажил хийх хэрэгтэй байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих