Тэр гэр бүлдээ бага ч атугай тус дэм болохын тулд 15 настайгаасаа ажил хийж эхэлжээ. Одоо 45 настай Жоу Цюньфэй Хятадын хамгийн баян эмэгтэй болсон байна. Гэхдээ тэр энэ бүх хөрөнгө мөнгийг бараг оргүй хоосноос бий болгож чадсан хүчирхэг эмэгтэй билээ. “Lens Technology” компанийн эзэн Жоугийн хөрөнгө бараг найман тэмбум доллар. Та түүнийг сугалаанд хожсон биз гэж бодож байна уу?… Тэгвэл огтхон ч үгүй. Жоу Цюньфэй тэр бүр олны анхаарлын төвд ороод байдаггүй. Тэр бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгслийн овоо хараанд ч хааяахан өртөнө. Гэхдээ түүнйи амжилтын нууц олонд ил болсон байна. Тэрээр 1970 онд Хятадын Хунань мужийн Сянсян хотод төржээ. Түүнийг ердөө тавхан настай байхад ээж нь өөд болсон гэдэг. Харин золгүй явдлын улмаас харалган болсон эцэг нь охиноо хангалуун өсгөх чадваргүй байсан юм.
Иймээс Жоу гэр бүлдээ ямар нэгэн аргаар тус дэм болохын тулд 15 настайдаа сургуулиа хаяжээ. Охин хувцас загвар зохион бүтээгч болохыг хүсдэг байсан боловч Шэньчжэнь хотод линзний үйлдвэрт ажиллахаас өөр сонголт байсангүй. Учир нь тус үйлдвэр түүний суралцдаг их сургуулийн ойролцоо байдаг байсан ажээ. Жоу ажиллахын хажуугаар сурахаар шийдсэн нь энэ байв. Тэр нягтлан бодох, програмчлал, гаалийн бүрдүүлэлт чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцахаас гадна ачааны машин жолоодох эрхийн шалгалт өгсөн байна. Гэхдээ Жоу тун хүнд нөхцөлд ажилладаг байжээ. “Би өглөөний 8 цагаас оройн 12, заримдаа шөнийн 2 цаг хүртэл ажилладаг байв. 10 гаруй хүн ээлжгүйгээр ажиллаж, бүгд шил бүрэх ажил хийдэг байсан. Энэ ажилд би дургүй. Гурван сарын дараа ажлаасаа гарахаар шийдэж, даргадаа халагдах өргөдлөө бичээд өгсөн” хэмээн тэрээр хожим дурссан байдаг.
1993 онд Жоу багахан хөрөнгөөр өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж чаджээ. Түүнийг ийнхүү зориглоход үеэл ах нь тусалжээ. Хоёр жилийн дараа “Lens Technology” компаниа үүсгэн байгуулсан нь удсан ч үгүй планшет компьютер, ухаалаг утас үйлдвэрлэгч акулуудад шилэн хавтан нийлүүлдэг дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгч болон өргөжсөн байна. “Apple” хүртэл Жоу Цюньфэйг нийлүүлэгчээрээ сонгосон гэдгийг та мэдэх үү?… “Lens Technology” компанийн ерөнхий захирал Жеймс Чао: “Заримдаа тэр гарсан алдааг шалгахын тулд операторын суурь машины ард суух тохиолдол ч гарна. Хэрэв ганц ширхэг алдаа гарсан байх юм бол, Чи яагаад харсаар байж ийм зүйл гаргачихав? гээд загнахад их эвгүй байдалд ордог” хэмээн хэлжээ.
Жоутай хийсэн цөөхөн ярилцлагын нэгд тэрээр баян, олны танил болсон нь өөрт нь таагүй санагддаг талаар дурдахдаа “Ийм дүр надад тохирохгүй. Баян, амжилттай явах үедээ их зан гаргахгүй, харин азгүйтвэл ухарч, цөхрөхгүй байх хэрэгтэй гэж би боддог. Надад “Lens Technology” компаниа байгуулж, амжилттай ажиллахад төдийгүй хүчтэй, бууж өгөхгүй зан чанартай болоход тусалсан өрсөлдөгчиддөө талархаж явдаг” гэсэн байдаг. Жоугийн амжилт олон олон эмэгтэй үйлдвэрлэгчдийн урмыг сэргээж, хийж бүтээх эрч хүчийг өгчээ.
Эх сурвалж: Tuuh.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих