ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдсан Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон Ерөнхий сайд Н.Алтанхуягийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Эдийн засгийн чуулганы урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, талууд хоёр улсын цаашдын хамтын ажиллагаа болон эдийн засгийн асуудлаар санал солилцон, төмөр зам, хоёр орны хамтарсан үйлдвэрүүд зэрэг олон асуудлыг хөндөн ярилцсан байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Монгол Орос улс бол эртний уламжлалт найрсаг харилцаатай ард түмэн. Орос улстай харилцах харилцаа бол Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд уламжлалт харилцаагаа цаашид улам илүү хөгжүүлэхийг бид ямагт эрхэмлэдэг гэдгийг онцолсон. Мөн Н.Алтанхуяг төмөр зам, Монгол Оросын хамтарсан аж ахуй нэгжийн удирдлагуудтай уулзаж санал бодлоо солилцсоноо ОХУ-ын Ерөнхийлөгчид дуулгасан юм.Монгол Улсын Ерөнхийлөгчийн Шанхайн уулзалтын үеэр Халхын голын 75 жилийн ойд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг урьсаныг Ерөнхий сайд дахин нотолж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хүрэлцэн очих боломжийг бүрдүүлэхээ илэрхийлсэн байна. Энэхүү уулзалтаар хамтарсан төмөр замын ашиглалтыг сайжруулах, ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, хоёр орны иргэд харилцан визгүй зорчих асуудлыг ярилцах, шаардлагатай тохиолдолд Монголын нутгаар байгалийн хийн хоолой тавих асуудалд Монгол Улсын Засгийн газар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцолсон байна.
Д.СОДОН /ЗУУНЫ МЭДЭЭ/
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих