Монгол Улс өрөнд баригдаж, Засгийн газар маань өтөнд идэгдээд байгаа ч
ахиад өр хийхээс өөр замгүй болсон тухай мэргэжилтнүүд тоть мэт давтах
боллоо. Эрх баригчдын захиалга байдаг ч биз, зарим нь ч өөрийнхөөрөө
дуугардаг биз. Тэгэхээр өнөөдөр өр нэмэх үү, үгүй юу гэдэг асуудал зүй
ёсоор тулгарч байна. Ёстой л өр хийх үү дээ, болих уу даа. Зээлсэн
мөнгөө тоолох уу даа болих уу даа хэмээн сууна. Өр нэмэхийн тулд юуны
өмнө Өрийн удирдлагын тухай хуулийг батлах ёстой. Тиймээс энэ хуулийн
төслийг Сангийн яамнаас УИХ-д өргөн барьчихаад буй. Чухам УИХ батлах
эсэхийг тааж мэдэх юм алга.
Мэдээжийн хэрэг эрх баригчдын хувьд өр нэмэх нь зүйтэй хэмээн эрх бүхий
хугацаандаа улайрч байгаа нь илт. Харин сөрөг хүчний хувьд өр нэмэхийн
эсрэг байр суурь илэрхийлж буй. Үүнийг аль ч утгаар нь авч үзсэн хоёр
зам л харагдана. Нэгдүгээрт, өнөөдөр өрийнхөө хэмжээг давуулчихсан улс
орон ахиад өрөө нэмээд байвал үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөх
талтайг хаа хаанаа сануулж буй. Энэ бол хамгийн том аюул. Гэхдээ
болгоомжлол байгаад тодорхой бодлогын хүрээнд бол зээл авахад буруудах
юун. Хоёрдугаарт, айл хүнсгүй боллоо гэж үзье. Турж үхэхгүйн тулд мөнгө
зээлж л байж амиа аварна. Өөр яах юм. Гэхдээ чухам энэ өрийг ямар эх
үүсвэрээр төлөх юм гэдгээ тооцоолж байж зээлэх учиртай. Хүнс авахаар
зээлсэн мөнгөө өөр зүйлд зарцуулбал байдал улам л дордоно.
Харин Ч.Хашчулуун доктор хэлэхдээ "Өрийн удирдлагын хуулийг ярихад
хоёр асуудлыг салгаж авч үзэх ёстой гэж бодож байна. Өрийн удирдлага
хэрэгтэй юу гэсэн том асуудал бий. Хоёрдугаарт энэ асуудлын хүрээнд юм
уу тусад нь өрийн хязгаарыг нэмэх үү, үгүй юу гэдэг асуудал байгаа.
Өнөөдрийг хүртэл манайд улсын өрийг тусгайлан зохицуулсан нэгдмэл зүйл
байгаагүй. Ганцхан төсвийн тогтвортой байдлын хуулийн хүрээнд л 40
хувийн хязгаар тогтоосон байсан юм. Гэхдээ энэ хязгаарлалтад орохгүй
байгаа зүйлүүд бий. Жишээ нь төрийн өмчит үйлдвэрүүд их алдагдалтай
байдаг. Алдагдалтай ажилласаар байгаад их хэмжээний өрөнд орвол яах вэ
гэдэг асуудал хариултгүй хэвээр байна. Орон нутаг бонд гаргана гэж ярьж
байгаа. Орон нутгийн бондыг эцэст нь хэн хариуцах вэ гэдэг асуудал бий.
Төсвийн тогтвортой байдлын хуулинд өрийг 40 хувиас дээш байлгаж болохгүй
гэсэн заалт туссан ч төсөвт ордоггүй задгай зүйлүүд байна. Нуугдмал
зардлууд байдаг гэсэн үг” хэмээсэн байна лээ.
Ингээд тал талын байр суурийг авч үзвэл Өрийн удирдлагын тухай
хуулийг батлах яахав, чухам юуны тулд яах гэж гэдгээ тодорхой байлгах нь
чухал болоод байна. Тодруулбал, зээлсэн мөнгөө юунд зарцуулах юм. Тэр
нь чухам юунд үр ашигтай юм. Нийгэм эдийн засагт нөлөөлөл үзүүлэх үү
гээд олон асуудлыг цогцоор нь гаргаж тавьж, үүнийгээ хэлэлцсэний дараа
мөнгө зээлэх нь чухал болоод байгааг хаа хаанаа ярьж байна. Өнөөдрийн
хувьд Монгол Улс өр хийх үү дээ болих уу даа хэмээн сууж байна.
Ч.Дорж
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2813
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих