Ажлын байран дээр гарсан хүн амины хэргээс болж Зам тээвэр хөгжлийн яамны нэр хүнд навс унасан гэж хэлж болно. Ажилдаа хариуцлагагүй хандсан сайд, дэд сайд, хэлтсийн дарга нар ч хатуухан донгодуулж, ажлаасаа чөлөөлөгдөж хариуцлага хүлээсэн.
Тэгвэл дараагийн давхар дээлтэй сайд хэн байх вэ, салбараа мэддэг хүн томилогдох болов уу гэсэн хүлээлт, эргэлзээ нийгэмд бий болоод хоёр сарын нүүр үзэв.
Харин намрын чуулганаар сайдынх нь асуудлыг хэлэлцэж, дараагийн сайдыг томилох ёстой.
Өчигдрийн чуулганы хуралдаанаар Ж.Бат-Эрдэнийг бүр чөлөөлж, орных нь хүнийг томилох асуудлыг МАН-ын удирдах зөвлөл хуралдаж тодруулав. Гурван хүний нэрийг дэвшүүлснээс УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг 100 хувийн саналаар дэмжжээ. Нэр дэвшигч Я.Содбаатар ч “Намаас өгсөн үүрэг даалгавар гэж харж байгаа” гэсэн утгатай мэдээлэл хийсэн байна билээ.
Харин өнөөдөр асуудлыг чуулганаар оруулж томилох эсэхээ шийдэх юм байна.
Угтаа бол ямар ч салбарыг мэргэшсэн салбарын хүн нь удирдах ёстой гэдэг. Гэтэл мэргэжлийн бус хүнийг томилж байна гэсэн шүүмжлэл аль хэдийнэ газар гарав.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн хүнээ сайдын суудалд зүтгүүлжээ. Олон жил бөөрөнд наалдаж явсан хүнд салбар удирдах боломж амархан олдолгүй яах вэ гэсэн шүүмжлэл ар араасаа нэхэн гарч эхлэв.
Засгийн газар Зам тээвэр хөгжлийн яамаа золгит гаргах шийдэлд хүрээгүй л бол энэ томилгоогоо зөв хийх хэрэгтэй байсан. Одоо бүр дэд сайдаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг ч тодруулчихаж. Түүнийг шилэн Цогоогоос ялгагдаад байх хүн ч биш, нэр ч цэвэр хүн биш дээ гэж ярьж байна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг үг байдаг даа.
Хэрэв эдгээр нэрс үнэн болж, томилгоо хийгдвэл Я.Содбаатар, Ц.Бат-Энх хоёр сайд, дэд сайдад яагаад ч тэнцэхгүй хоёр. Ажлын төлөө бус ашиг сонирхлын төлөө томилжээ гэж олон нийт харна.
Учир нь уналтад орсон салбарыг босгож ирж ажил хийх биш сайдын суудалд суух гэж чичирч байгаа нөхдүүд МАН-д олон байсан. Тиймээс талцчихсан дотроо хор найруулсан байж магадгүй хэмээн хардаж буй.
Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүхийн нууц шийдвэр ажил ахиулах нэгэнд үү байсан уу эсвэл албан тушаалд дуртай нэгэнд үү гэдгийг цаг хугацаа харуулах байх. Сал барьж үзээгүй хүн завь жолоодохгүй. Салбараа мэдэхгүй хүн сайдын суудалд суух нь салгүй завин дээр хөвөхтэй ижил биз ээ.
О.Од
Оллоо.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих