УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед амтай болгон "Монгол Улсын эдийн засаг доройтож
байна” гэж ярих болсон. Үнэхээр ч иргэдийн амьдрал, амьжиргаа хүнд
байна. Хэдийгээр Засгийн газраас дорвитой арга хэмжээ авч байгаа гэх ч
тэр нь иргэдэд мэдэгдэхгүй байна гэхэд болно. Харин та өнгөрсөн долоо
хоногт УИХ-ын даргад Монголбанкны удирдлагуудыг огцруулах санал
хүргүүлсэн нь нэлээд хэл ам дагуулж байх шиг байна?
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын дарга З.Энхболдод Монголбанкны
удирдлагуудад хариуцлага тооцож, асуудлыг УИХ-аар ярилцъя гэсэн
байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Улмаар энэ тухай саналаа ч
хүргүүлсэн. Уг нь УИХ-ын Дэгийн тухай хуулийн 45.1-д "УИХ-ын эрх бүхий
гишүүн асуудлыг тавьсан тохиолдолд байнгын хороодын
хуралдаанаар долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой” гэж заасан байдаг.
Харамсалтай нь үүнийг маань энэ долоо хоногт хэлэлцэх асуудалд
оруулсангүй. Тиймээс бид саналаа дахин явууллаа. Энэ удаа УИХ-ын
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Эдийн
засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар нарт хүргүүлээд
байна.
-Гэхдээ иргэдийн зүгээс эхлээд эдийн засгийг элгээр нь хэвтүүлж
байгаа эрх баригчидтай нь хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай
байна. Засгийн газрыг бус Монголбанкны удирдагуудыг эхэлж огцруулах
санал хүргүүлсэн нь ямар учиртай юм бэ?
-Анх Монголбанкны удирдлагууд томилогдохдоо ямар сайхан зүйл ярьж, юу
амлаж байлаа. Харамсалтай нь тэд амлалтаа биелүүлээгүй. Нэг үгээр үүргээ
умартсан гэж хэлж болно. Тэгвэл энэ асуудлыг УИХ-иар хэлэлцэж, ярилцах
цаг нь болсон. Бидэнд ч тийм эрх нь байгаа гэж бодож байна.
Өнөөгийн Монголбанкны удирдлагууд гурван их наяд ам.доллар нөөцтэй
байхад нь ажлаа хүлээж авч байсан. Дээр нь бонд нэрээр 1.5 тэрбум
ам.доллар оруулж ирсэн. Бас самурай бонд байна. Гэтэл өнөөдөр валютын
ханшийг алдчихсан, инфляци тэнгэрт тултлаа өсчихлөө.
Улмаар иргэдийн тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс 30-аас илүү хувиар
уначихлаа. Хохирогчид нь үндэсний үйлдвэрлэгчид болон иргэд. Энд ямар
нэгэн хариуцлага байх ёстой биз дээ.
Тиймээс бид ганц Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргалыг огцруулах
санал хүргээгүй. Цаана нь хоёр дэд даргын асуудалд ч хөндөгдөж байгаа.
Өнөөдөр энэ гурван хүн ажил, үүргээ гүйцэтгэж чадаж байна уу гэдэг нь
эргэлзээтэй. Тэд ямар тайлбар өгөх бол. УИХ дээр дуудаж авч ирээд
ярилцах хэрэгтэй байна. Хариуцлага тооцох ёстой.
Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тал дээр МАН-ынхан
байр сууриа илэрхийлж байгаа. Үүнийг ч бид дэмжиж байна. Маш
тэвчээртэйгээр харж, хүлээж байна. Харин МАН сөрөг хүчин шиг, нам шиг
тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг маш том алдаа хийсэн.
Тэр хүн эдийн засгийн хүнд байдлыг бий болгож, үйлдвэржилтийн бодлогыг
унагалаа.
Иргэдийн амьдралыг ийм эмгэнэлтэй байдалд оруулчихаад, улс орон ийм
хүнд байхад ажлын байр, валютын урсгал, инфляци зэрэгт анхаарлаа
хандуулахгүй байна. Төмрийн нойтон баяжмалын үйлдвэрт ач холбогдол
өгөхгүй байна.
-Та түрүүн Ерөнхий сайдыг маш том алдаа хийсэн гэж ярилаа.
Шинэчлэлийн Засгийн газрын "Эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоног”-т
хямралаас хэрхэн гарах гарцаа хайж байна. Та үүнд ямар байр суурьтай
байна вэ?
-Хөөрхий дөө, 100 хоног гэж ярьж байгаа нь аргаа л барсан хэрэг шүү
дээ. Эцсийн эцэст хоёр жилд хийж чадаагүй зүйлээ 100-хан хоногийн дотор
хийнэ гэдэг юу л бол. Үнэхээр хэцүү л дээ.
-Бараг л боломжгүй зүйл биш гэж үү. Нөгөөтэйгүүр иргэдийн дунд
доройтсон эдийн засгаа зуухан хоногийн дотор аварчих аваас УИХ-ын ээлжит
сонгуулийг дөрөв биш хоёр жилд явуулж байя гэх яриа гараад байна л даа?
-Гэхдээ хамаагүй ээ, Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө байж болно.
Гагцхүү их тодорхой зүйл ярих хэрэгтэй. Тухайлбал Монголын газар
нутгаас гарч байгаа уул уурхайн баялгаа 100 хувь нойтон баяжуулна. Арай
илүү өндөр үнээр зарна, ажлын байр олноор нь бий болгоно гэдэг ч юм уу
амьдралд ойр, маш тодорхой зүйлүүдийг оруулж ирж ярих хэрэгтэй байна.
Үнэндээ 100 хоног гэдэг асар богино хугацаа. Байг гэхэд нойтон
баяжуулах хоёр үйлдвэр, цементийн хоёр үйлдвэр ашиглалтад оруулах талаар
яримаар байна шүү дээ. Арматурын нэг том үйлдвэр барина гэдэг ч юм уу.
Хэрэв ингэж чадах аваас барилгын үнэ 30-50 хувиар унаад эхлэнэ. Тэр
хэрээр иргэдийн амьдрал, амьжиргаа сайжирна.
Ийм л энгийн, тодорхой зүйлүүдийг оруулж өгөх хэрэгтэй байна.
Харамсалтай өнөөдрийн 100 хоногт юу яригдаж байна гээч. Оюутолгой 75-аар
бууж өгнө ч гэх шиг. Үнэндээ Оюутолгой 5.1 тэрбум ам.долларт л бүх
хөрөнгө оруулалтаа хийж, үйлдвэрлэлээ босгоно гэж заасан.
Гэтэл өнөөдөр энэхүү 5.1 тэрбум ам.долларыг хууль, гэрээгээ зөрчин байж
Рио Тинто 8.4 тэрбум ам.долллар болгосон. Ингэснээрээ Монгол орныг асар
их өрөнд оруулж, 2.6 тэрбум ам.доллар болголоо.
Саяхан бид 1.5 тэрбум ам.доллар авчихаад ямар их баярлаж байлаа. Тэгвэл
тэд дөрвөн тэрбум ам.долларын бонд аваад өрийг нь иргэдэд тохчихоод
найрлана гэх шахалтыг оруулж ирж байна шүү дээ. Бид үүнийг нь хэрхэн ч
зөвшөөрч болохгүй. Олигархи бүлэглэлүүд Монгол Улсад дэндүү их бизнес
хийж байна.
Тэд УИХ дээр жирийн ард иргэдийн төлөө гаргах шийдвэрийн өмнүүр орж
шийдвэр гаргуулж явсаар байгаад өнөөдөр эдийн засгийн хямрал авч ирлээ.
Олигархиудаас болж бий болсон эдийн засгийн хямралыг ашиглаж хямралаас
гарах 100 хоногийн хөтөлбөр гэж гаргаж байна.
-Ингэхэд Үйлдвэр хөдөө аж ахуйн дараагийн сайдын асуудал
яригдаж байна. Бие даагч гишүүнийхээ хувьд дараагийн сайдыг давхар
дээлтэй, эсвэл дан дээлтэн байгаасаа гэж бодож байна уу. Энэ асуудалд
бие даагч гишүүд ямар байр суурьтай байгаа бол?
-Бие даагчдын зөвлөлөөс давхар дээлийн эсрэг байгаа. УИХ-ын гишүүн
сайдын албан тушаалыг давхар хаших нь зохисгүй. Хэн нэгний мууг үзэх
гэсэндээ биш. Хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх эрх мэдэл хоёр тустай
байж Монгол Улсад ардчилал бүрэн утгаараа хэрэгжинэ. Энэ л зарчмаа барих
хэрэгтэй. Дагах ч ёстой.
Түүнээс биш нэг сайд болох гэж мөрөөдөж байгаа хүний мөрөөдлийг нь
зогсоох гээд байгаа юм биш. Нөгөөтэйгүүр улстөржүүлсэн зүйл байхгүй.
Өнгөрсөн 24 жилийн хугацаанд хийсэн бидний хамгийн том алдаа бол
засаглалын хямрал гэж хэлэх байна.
Мөнгө, эрх мэдэл хоёр нэг оронд орчихсон учраас өнөөдөр Монгол Улсад
идэж уудаг зүйл цадигаа алдаж байгаа юм. Энэ байдлыг алга болгоё гэж
байгаа л бол шийдвэр гаргадаг, мөнгийг хэрэгжүүлдэг хоёр нь тустай байх
ёстой.
Байгууллагын дарга, нягтлан бодох хоёр нэг хүн байж болохгүй гэдэг
энгийн зарчмыг байгууллага, компани бүрт хэрэгжүүлдэг атлаа УИХ, Засгийн
газар үүнийгээ хэрэгжүүлдэггүй нь сонин. Үүнийг л таслан зогсоох гэсэн
юм. Тиймээс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайдыг гаднаас байгаасаа
гэж залбирч байна.
Б.Төрбат
Эх сурвалж:
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих