Тэтгэвэр гэдэг бол шууд утгаараа хүн өөрийн гараар цуглуулж босгосон, өтөл насандаа хэрэглэх мөнгөн хөрөнгө. Товчхондоо бол төрийн биш, байгууллагын биш, ердөө л тухайн ганц хүний өөрийн хөрөнгө. Харин түүнийг хэн нэгнээс хамааралтайгаар, бүр гуйж, тэр ч байтугай төлбөр төлж буцааж олж авна гэдэг юутай эмгэнэлтэй, зовлонтой. Энэ үйлдлийг тэтгэвэр “барьцаалсан” зээл гээд нэрлэчихсэн. Төр хувийн хэвшилтэйгээ хавсарч ард олныг хэрхэн шулж байгааг цөөхөн хэдэн тоог хялбар аргаар бодоод харчихаж болж байна.
Эхлээд хэдэн тоо хэлье. Нийгмийн даатгалын сангаас нийт тэтгэвэр авагчдын тоо 2017 онд 393.5 мянга болж, үүнээс 282.6 мянга буюу 71.8 хувь нь өндөр насны тэтгэвэр авагчид байлаа. Үүнээс ахмадууд дунжаар 300 мянга гаруй төгрөгийн тэтгэвэр авдаг гэсэн судалгаа байна.
Тэтгэврийн дунджийг 300 мянган төгрөгөөр тооцвол дундаж тэтгэвэртэй нэг ахмад настан нэг сарын тэтгэврийн зээл авахын тулд 1.5 хувийг нь буюу 5400 төгрөгийг хүүнд нь өгч гар дээр 295500 төгрөг авна. Хоёр сар бол гурван хувийн хүү болж нэмэгдээд 18000 төгрөгийг хүүнд өгч гар дээр 582000 төгрөг ирнэ. Энэ мэтчилэн сар нэмэгдэх тусам хүү нэмэгдэж авах мөнгөн дүн багасах болно. Одоо ихэнх банкууд жилийн 18 хувийн хүүтэйгээр тэтгэврийн зээл олгож байгаа. Тэгвэл жилийн 3 сая 600 мянган төгрөгөөс 18 хувийн хүү болох 648 мянган төгрөгийг хасуулаад 2 сая 952 мянган төгрөг л авах болно. Хэрэв тухайн иргэнд 3.6 сая төгрөг хэрэгтэй бол тэрээр дахин хугацаагаа сунгах шаардлагатай бөгөөд тэр хэрээр хүүгийн төлбөрийг нэмж төлнө гэсэн үг.
Хөөрхий эгэл ардууд нь насан туршдаа өөрийн хүч хөдөлмөрөөрөө олж авсан цалин хөлснөөсөө “өтөлсөн хойноо хэрэглэнэ дээ” гэж даатгал нэрээр хэдэн төгрөгөө илүүчлэн байж улсдаа итгээд хадгалуулаад байдаг. Гэтэл тэтгэвэрт гараад түүнийхээ хэсэгхэн хэдэн төгрөгийг нь хэрэгцээ шаардлагаар урьдчилаад авъя гэхээр арилжааны гэх хэдэн луйврын банкууд түүнийг нь “зээл” гэж нэрлээд “хүү” гэж хамгийг нь хамаад үлдсэнийг нь сарвайх нь ариун явдал уу?
Буурлууддаа ивээл үзүүлж байгаа юм байх, “энэ жилээс тэтгэврийн зээлийн хүүг 12 хувь болгож буурууллаа” хэмээн гавъяа байгуулсан “баатар дүртнүүд” хэвлэлүүдээр баахан ярьж бичүүлэв. Баалъя гэвэл бас хэлэх үг байна. Тэтгэврийн хүүг тэглэнэ гэж сонгуулийн шоу хийж нийтээр нь хошгоруулсан хүмүүс бол тэд. Ам таглаж арга ядахдаа 12 хувь болгож байгаа нь тэр юм байх. Гэтэл зүгээр ч эдэлчихгүй нь бололтой тэр хөнгөлөлтийг.
Зээлийн өр ширнээсээ салсан байх, зээлэхдээ тэтгэврийнхээ 70 хувийг л авна гэвэл энэ хөнгөлөлтийг эдэлж болох юм гэнэ. Буурлууддаа зориулж өөрсдөөсөө мөнгө өгөх гэж байгаа юм шиг элдэв нөхцөл, шаардлага, хэм хэмжээ тогтоох нь ахмадуудаа харж үзэж байгаа хэрэг юм байх. Бүр итгэлтэйгээр тэгж тайлбарлаж байна. 30 хувийг нь үлдээж байгаа нь ахмад настан тодорхой орлоготой байх нөхцөл юм байна. Өөрөөр хэлбэл, сар болгон зээлж авалгүй үлдсэн 30 хувиа аваад явах аж. Байж болно. Гэхдээ ахмадуудын хүсч буй гол зүйл бол хүүг “тэглэх” явдал.
Буянаа эдлэх гэсэн буурлууд “хүү” гэдэг “хадны мангаа”-гаас хамгийн их айдаг гэнэ билээ. Учир нь нэгдүгээрт гар дээрээ бэлэн авах гэсэн мөнгөнөөс нь маш их хэмжээгээр нь “хүү”-лээд авчихдаг. Хоёрдугаарт, өтөл насанд хэн хэзээ өөрийгөө тэнгэрт халихыг мэдэхгүй учир үр хүүхдүүдээ хүү, өр төлбөрийн дарамттай үлдээгээд хорвоогоос тайван явахад бэрх гэцгээж байна. Энэ талаар хаа газар таарах ахмадуудаас асуухад үүнээс ч их зүйлийг ярих болно.
Эцсийн бүлэгтээ энэ бүхнээс банк л ашигтай үлддэг. Банкуудын ард “нөгөөдүүл” чинь бий. Өндөр сэнтийтнүүдэд мөнгө хүүлдэг банк, банк бус санхүүгийн байгууллага, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ бүхэн байгаа гэхэд хилсдэхгүй. Тиймдээ зоригтой дуугарч, зоримог алхам хийж чадахгүй хулчийгаад байна уу? Магадгүй, хэн ч ашигтай бизнес санаагаа өргөжүүлнэ үү гэхээс ашгаасаа танахыг хүсэхгүй. Ямар ашигтайг энгийн аргаар бодоод үзье.
Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сарын байдлаар арилжааны 10 банкнаас 230.8 мянган тэтгэвэр авагч 680.9 тэрбум төгрөгийн тэтгэвэр барьцаалсан зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар авчээ. Дээрх тооцоотой уялдуулан бас нэг тоо бодъё.
300 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүний тэтгэврийн нэг жилийн хүү нь 648 мянган төгрөг болж байсан гэвэл өнгөрсөн жилийн байдлаар 230.8 мянган ахмад тэтгэвэр авсан гэхээр эдгээр хүмүүс зөвхөн хүүгийн төлбөр гэж банкуудад нийт 149.5 тэрбум гаруй төгрөгийг зүгээр өгчээ. Энэ бол асар том тоо. Энэ их мөнгийг насаараа хөдөлмөрлөсөн ахмад настнуудаасаа шулдаг байх нь. Цаашлаад өөрсдөө бүр нарийн тооцоо хийгээд гаргаад ирсэн ч болно.
Бас нэг асуудал байна. Дөнгөж өндөр настны тэтгэвэрт гараад байтал гэнэтийн байдлаар, эсвэл өвчин эмгэгээр нас нөгчсөн тохиолдолд тэр хүний насаараа хураасан тэтгэвэр нь үр хүүхэд, хань ижил, ер хэний ч гарт очихгүй. Харин улсын мөнгө болж уусан сарнина. Магадгүй хэн нэгэн тэр мөнгийг ямар нэгэн аргаар янз бүрээр ашиглаад явахыг бид таашгүй. Энэ төрлийн хэргүүд аль эртнээс манайд дэлгэрчихсэн гэдгийг хэвлэлүүдээр бичээд л байдаг. Гэвч хэнд ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өнгөрдөг.
Хөдөлмөрлөж байх үедээ төрт ёсоо, хуулиа дээдэлж ирсэн иргэний өмнө төр ч гэсэн эцэст нь адил хариу барих учиртай сан. Энэ талаар олон жил яриад ч, зарим нь шаардаад ч нэмэргүй. Тэр ч бүү хэл олон улсын жишгээр тэтгэврийн зээл гэдэг зүйл байх учиргүй хэмээн ярьж байна цаана чинь.
Хэрэв зээлээс хүү заавал авмаар байвал нийгмийн даатгалд төлж байгаа мөнгөн дүнд ч одооноос хадгаламжийн хүү тооцох ёстой биш гэж үү? Банкууд үүгээр маш их хэмжээний мөнгө эргэлдүүлж байгаа. Ард түмний эрх ашигт нийцсэн хуулийг санаачлан дэмжиж батлахгүй юм бол УИХ-д сонгогдсон гишүүд өөр юу зохицуулах гэж өндөр сэнтийд залрана вэ?
Хойчийн амар амгалан амьдралынхаа төлөө залуу, идэр насандаа аль чадлаараа хийж бүтээж, үр шимээсээ хуваан өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож, хожмын тэр өтөл насандаа хүний гар харалгүй буянаа эдэлж сууна даа гэж хүн бүр итгэж болох, үгүй дээ гэхэд үрс хойчдоо үлдээх хөрөнгө минь болно доо хэмээн бүрэн найдах тэр сайхан нийгмийг төр засаг минь хэзээ цогцлоох юм бол доо.
Я.ХУЛАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих