УИХ-ын гишүүн Д .Хаянхярваа нэр бүхий 27 гишүүний гарын үсэгтэй Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. Өчигдөр үдээс өмнө болсон бүлгийн хурлаар Засгийн газрыг огцруулж нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэхгүй хэмээж байсан эрх баригчид үдээс хойш гэхэд Засгаа огцруулах бичгийг өргөн мэдүүлэв.
2016 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан ийнхүү хоёр жил гаруйн хугацаанд хоёр дахь Засгийн газраараа "туг тахих” нөхцөл байдал үүсчихлээ. Энэ удаа У.Хүрэл-сүхийн эсрэг албан баланкад УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Н.Амарзаяа, Ё.Баатар-билэг, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнх-баатар, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг, Н.Номтойбаяр, Н.Оюундарь, Д.Оюунхорол,Б.Саранчимэг, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа, А.Ундраа, Ц.Цогзолмаа, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, М.Энхболд, Ж.Эрдэнэбат зэрэг 27 гишүүн гарын үсгээ зураад байна.
Тэд Засгийн газрын гишүүд ЖДҮХС-гийн хөрөнгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхний ААН-үүдэдээ авсан, Ерөнхий сайд өөрөө Үндсэн хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаагаа зарласан, гадаадын иргэнд лиценз зарсан, ЖДҮХС-гаас зээл авсан сайд нартаа хариуцлага тооцож чадаагүй, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж ав гэж бүлэгтээ тулгасан, офшор бүсээс хөрөнгө оруулж ирэх ажлыг гацаасан зэрэг үндэслэлээр Засгийн газрыг огцруулахаар болсон гэв.
Ийнхүү өнөөдрөөс У. Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяаг ярьж эхлэх нь байна.
Тэгвэл Засгийн газрыг огцруулах асуудал хуулийн хүрээнд ямар процессоор явагдах вэ гэдгийг харж үзье. УИХ-ын Дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд "Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам ” гэж заасан байдаг. Энэ журмын дагуу Засгийн газрыг огцруулах асуудал яригдаж, шийдвэрлэгдэх учиртай.
Дэгийн тухай хуулийн 38.1-д Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана гэж заажээ. Тэгэхээр Засгийн газрыг огцруулах асуудал энэ долоо хоногт гэхэд холбогдох байнгын хороодын хуралдаанаар ороод явна гэсэн үг.
Мөн тус хуулийн 38.2-д УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор хуралдаж, Байнгын хорооны дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно” гэжээ. Ийнхүү У.Хүрэлсүхийн Засгийн газрын хувь заяа шийдэгдэхэд хуулийн хувьд 14 хоногийн хугацаа үлдээд байна.
Т.Батсайхан
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28427
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих