Олныг үл нуршин МАН-д хагаралдсан хоёр талаас бид яагаад У.Хүрэлсүхийг дэмжих ёстой вэ гэдэгт хариулт өгөх гурван том шалтгааныг өгүүлье.
НЭГД: У.Хүрэлсүх мафижсан бүлэглэлтэй тэмцэж байна
У.Хүрэлсүхийн талынхан МАНАН буюу мафижсан бүлэглэлтэй тэмцэж байна. Өнгөц харахад намууд ардчилсан сонгуулиар засгийн эрхийг ээлжлэн барьж буй мэт харагдавч аль хэдийнэ аль нэг мафижсан бүлэглэлийн хараа хяналтад орсон байдаг тухай судлаачид сүүлийн үед их ярьж бичиж байна. Ялангуяа хуучин коммунист орнуудад тохиолдож буй энэ үзэгдэл Монголд ч өөрийн гэсэн онцлогтой илэрч буй нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж,УИХ-ын дарга М.Энхболд нарын үүсгэсэн хэлхээ холбоо буюу бидний мэдэж сонссоноор МАНАН гэх бүлэглэл.
Энэ үзэгдлийг барууны судлаачид КЛИЕНТЕЛИЗМ гэж нэрлэсэн бөгөөд дээгүүр зиндааны нэг этгээд буюу ивээн тэтгэгч нь доогуур зиндааны бусдадаа өөрийн нэр нөлөөгөөрөө хангамж,хамгаалалт үзүүлж, төрийн ашигтай албан тушаалуудад тавих зэргээр тусалдаг.
Нэгэнт дээрээс дэмжлэгтэй доодчуул нь дээд хүнийхээ суудлыг бат бөх байлгахын тулд төрийн шийдвэр гаргалт болон мөнгө,санхүүгээр доороос нь ивж, туслах зэргээр хүрээлж,улмаар энэ нь нийгмийн солилцооны авлигыг үүсгэдэг ажээ.
МАНАН бүлэглэл,МАН-ын "Хотын бүлэглэл” хүчтэй гэлцдэг нь энэ. Нэгэнт танил тал,найз нөхөд,ахан дүүсийн ийм бат бөх сүлжээ үүссэн учраас хэчнээн боловсролтой, эрдэм чадалтай байгаад ч тэр сүлжээг гэтэлж, албан тушаалуудад томилогдох боломж ч бусад хүмүүст хаалттай гэсэн үг.
Ардчилал бол нийтийн боломж гэж ярьдаг. Гэтэл ардчиллыг цөөн хүмүүс амин хувьдаа ашиг олох хэрэгсэл болгож буйн эсрэг тэмцэж буй учраас бид энэ удаа ямар ч байсан МАН-ын дарга,Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг дэмжих зайлшгүй шаардлагатай байгаа юм.
ХОЁРТ: У.Хүрэлсүх олигархиудтай тэмцэж байна
Монголд хүчээ авч,улмаар төрийн шийдвэр гаргах механизмуудыг хүртэл өөрт ашигтайгаар эргүүлж чадаж буй олигархиудтай тэмцэж байгаа учир У.Хүрэлсүхийг дэмжиж байна.
Олигархиуд хүчээ авна гэдэг "баячуудын засаглал” тогтоно л гэсэн үг. Монголын хүн амын 5 орчим хувь нь тасарсан баян,30 хувь нь ядуу,олонхи нь нэг сарын цалингаа алдахад л ядууралд орох хэмжээнд эмзэг амьдарч байна.
Харин Монголын төр нь тасарсан баян таван хувийн эрх ашгийг хамгаалах уу, ард иргэдийнхээ төлөө байх уу?
У.Хүрэлсүх ард иргэдийн төлөө байгаа учраас олигархиуд,мафижсан хэсэг түүнийг огцруулахаар улайрч байгааг бид харж байна. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан 27 гишүүний дунд төрийн дэмжлэгээр бизнес нь цэцэглэсэн MCS,МАК,”Хурд”, "Болд төмөр Ерөө гол”, "Бишрэлт”-ийн төлөөлөгчид болон тэдний араас замнагсад, тэднээс ашиг хүртэж төр дэх төлөөллийг нь хангадаг хүмүүс багтсанаас үүнийг бэлхнээ харж болно.
Олигархиуд төрд хүчээ авсаар байх юм бол Монголын ард түмэн тэр чигээрээ ядуу л үлдэнэ. Яваандаа Африкийн улсууд шиг болохыг ч үгүйсгэхгүй.
ГУРАВТ: У.Хүрэлсүх ард түмний итгэлийг сэргээхийг хичээж байна
Мафи, олигархиуд намуудаар дамжин аажим аажмаар төрд үүрээ бэхлэн засч,шударга бус байдал газар авч, монголчууд эрх биш сонгуулиар дургүйцлээ илэрхийлж,нэг намыг нөгөө намаар сольж буй боловч ард олны итгэл сэргэхгүй байна. Хүмүүс төрд,намуудад итгэхээ болино гэдэг ардчилалд итгэл алдарна гэсэн үг. Ардчилалд итгэл алдрахаар сайн сайхан ирээдүйг хаанаас хайх вэ?
Нөгөө л мафи,олигархиуд төрд улам бүр бэхэжсээр,шударга бус байдал газар авсаар байхад яаж олны итгэл сэргэх билээ. У.Хүрэлсүх олны итгэлийг сэргээхийн тулд шударга ёсны тэмцэлд мордсон.Тиймаээс түүнд хүмүүс итгэж байна. Яахав, тэр муйхар хар зоригоор шуудхан л шударга ёсыг тогтоочихьё хэмээн зүтгээд алдаж,онож яваа байх.Гэхдээ чиглэл нь зөв,ирээдүйн хандах зүгийг тогтоох гээд байгаа учраас У.Хүрэлсүхийг дэмжихээс өөр гарц өнөөдөр л лав алга.
tur.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28454
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих