"Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн.
Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч нарийн мэргэжлийн шинжилгээ өгөх шаардлагатай болсон тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон гэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрлэдэхүүн тус хүсэлтийг ханган шийдвэрлэж, шүүх хуралдааныг энэ сарын 23-ны 10:00 цагт товлов.
Шүүхийн албан ёсны шийдвэрт,
Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийн талаар
2018.11.21
Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Жавхлангийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг эмнэлгийн байгууллагад шинжилгээ өгөх үндэслэлээр хойшлуулах хүсэлтийг бичгээр гаргасан.
Мөн иргэн О.Баасанхүү шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох тухай хүсэлт бичгээр гаргасан.
Шүүх бүрэлдэхүүн хүсэлтүүдийг шийдвэрлээд дараах шийдвэрийг гаргалаа.
Шүүгдэгч Д.Жавхланг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангаж шүүх хуралдааныг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Мөн иргэн О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Шүүх хуралдааныг хаалттай явуулж байгаа, түүнчлэн хохирогчийн эрх ашгийг хамгаалан Т.Лхагвасүрэн, С.Баясгалан нар, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалан, хууль зүйн туслалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал нар оролцоно. Иймд хаалттай явуулах шүүх хуралдаанд хэргийн оролцогч нараас өөр хүнийг оролцуулах боломжгүй гэж үзлээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийг Зөрчлийн тухай хуулийн 15.7 дугаар зүйлийн 2-т заасан "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” зөрчлийг гаргасан гэж үзэж, шүүхээс 300,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдууллаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар
Шүүх хуралдааны үеэр шүүхийн Тамгын газрын гадаа Монголын эмэгтэйчүүдийн холбооны гишүүд охины амь насыг хохироосон этгээдүүдэд хуулийн хүрээнд хамгийн хүнд шийтгэл оноохыг шаардаж тайван жагсаал зохион байгуулсан бөгөөд тус жагсаалд Нүдээ нээ хөдөлгөөнийхөн, Лантуун дохио ТББ-ын гишүүд мөн оролцлоо.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Жавхлан, М.Амарболд нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2.4, 11.2.7, 11.2.11, 11.6.2, 12.1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Шүүх хурлын үеэр хохирогч охины өмгөөлөгч Р.Булгамаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зүйл ангийг өөрчилсөн тухайд та ямар бодолтой байгаа вэ?
-Энэ бол зөвхөн хүчингийн хэрэг биш. Хүний амь хөнөөсөн хэрэг шүү дээ. Эрүүгийн тусгай ангийн 10 дугаар зүйлд заасан гурван үндэслэлийг агуулж байгаа. Нэгдүгээрт, Бага насны хүүхдийг биеэ хамгаалах чадваргүйг мэдсээр байж хүч хэрэглсэн. Хоёрдугаарт, хүчиндэх гэмт хэргийг зүй бусаар үйлдсэн. Гуравдугаарт, амь насаа алдах нөхцөлийг үүсгэсэн.
-Хүн амины хэрэг үйлдсэн баримтууд нэмэгдсэн гэж сонслоо?
-Шинээр баримт гарч ирж байна. Зочид буудлын өрөөний цагаан хэрэглэл цусаар будагдсан байхад яагаад дарагдав... Хавтаст хэрэгтэй бид нягталж дахин танилцсан. Хамгийн анхны мэдүүлэгтээ яллагдагч Амарболд "Нялх ногоо зулгаая гэж Жавхлан ах хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Охиныг нас барсан өглөө "Машинтай хэн байдаг билээ. Хээр аваачаад булчихъя” гэж тэд ярьсан. Эндээс харахад яах аргагүй хүн амины хэрэг болох нь ойлгомжтой байна. Хүчингийн гэж зүйлчилсэн байсныг өмгөөлөгч нар эсэргүүцэж хандсанаар шүүхээс бодитой шийдвэр гаргасан. Шүүх хэргийн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харгалзан, дараагийн шийдвэрээ гаргах байх.
-Хохирогчийг биеэ үнэлэгч байсан мэтээр мэдүүлэг өгсөн гэж яригдсан?
-Хохирогч 13 нас, гурван сартай хүүхэд шүү дээ. Сэжигтнүүд охиныг зүгээр нэг хүчиндээгүй. Анусны амсар нь шалбарч, цусанд будагдсан зураг нотлох баримтад хавсрагдсан. Ингэж зэрлэг үйлдэл гаргасан хүмүүст ямар хариуцлага хүлээлгэхийг харж байна. Аав, ээж, ар гэрийнхэн нь жил гаруйн хугацаанд шаналж, зовж байна. Дээр нь хохирогчийг биеэ үнэлэгч байсан мэтээр сэжигтний өмгөөлөгч ярьсан байсан. Үүнийг маш их гайхаж байна.
-Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжилгээний дүгнэлтийн тухайд шинэ мэдээлэл байна уу?
-Шүүх эмнэлгийн дүгнэлтэд харагдах шүдгүй, умайн хэмжээ нь том гэж гаргасан байсан. 13 настай охины умайн хэмжээ яагаад ийм том байх юм бэ гэхээр ерөнхий хэмжээгээр нь авсан юм аа гэдэг. Шүүх эмнэлгийн төлөөлөл шүүх хуралд оролцоно. Бидэнд тодруулж асуух зүйл байгаа.
-Хүүхдийн хамрыг гипсдсэн байсан тухай эмээ нь ярилцлага өгсөн?
-Хохирогчийн хамар мурийлттай байсан. Үүний шалтгаан ч ядаж шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсангүй. Гуяны дотор тал хөхрөлттэй, цус хуралттай байсан. Энэ бүхнийг дахин шинжлүүлье гэхээр өвөл болж хүйтэрсэн тул боломжгүй гэдэг. Шүүх эмнэлгийн дүгнэлт ийм гарсан ч бидэнд бусад нотлох баримтууд байгаа учраас шүүх бодитоор хандах байх гэж бодож байна. Энэ хэргийг хэрхэн шийдэх бол гэж олон эмэгтэйчүүд, ээжүүд, аав, эмээ, өвөө нар анхаарч байгаа шүү.
-Сэжигтнүүдийн өмгөөлөгч хохирогчийн талаар таагүй мэдээлэлтэй ярилцлага өгсөн тухайд та юу хэлэх вэ?
-Үүнд харамсч байгаа. Манай талаас өнөөдрийг хүртэл сэжигтнүүдийг "алуурчин” гэж цоллоогүй шүү. Шүүхээс эцсийн шийдвэр гараагүй байхад хэн ч янз бүрийн зүйл ярих ёсгүй. Харамсалтай нь, хохирогчийн биед хумсан толин чинээ ч шарх байгаагүй гэх мэтээр ярьж байна. Охины аав цустай даавуу зэрэг зүйлсийн зургийг олон нийтэд хүргэнэ гэсэн. Гэхдээ ийм таагүй зүйлийг үзүүлэхийг хүсэхгүй, асуудалд хүлээцтэй хандах үүднээс бид тэвчээртэй хандаж байгаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих