Чингис хааны өлгий нутаг, Хэнтий аймгийн Дадал сумын Бага Яргайт уулын энгэрт “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” нэртэй цогцолбор байгуулах гэнэ. Таван жилийн хугацаатай төслийн бүтээн байгуулалтад 50 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд хөрөнгө оруулалтыг нь Азийн хөгжлийн банк хариуцах аж. Чингис хааны цээж баримал бүхий өргөөтэй, 260 гаруй автомашины зогсоолтой, үзэсгэлэн, уулзалт зэрэг арга хэмжээний тусгай танхимтай, жуулчдад үйлчлэх мэдээллийн төвтэй, хогийн цэг, ариун цэврийн байгууламж, ус, цахилгааныг байгальд ээлтэйгээр шийдэх зураг төсөлтэй энэ цогцолборыг ашиглалтад оруулснаар 25-30 хүн байнгын ажлын байртай болж, орон нутгийн иргэдийн амьжиргаа дээшилж, Дадалд жилд багадаа 90 мянган жуулчин ирж, очдог болно хэмээн төслийн багийнхан эерэг төсөөлөл танилцуулав.
Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө тусгасан Өгий, Ганга нуурын экосистемийг нөхөн сэргээж, тогтвортой аялал жуулчлал хөгжүүлэх “Монголын эзэнт гүрэн музей”, “Орхоны хөндийд аялал жуулчлалын гудамж, цогцолбор барих” төслийн сураг үүнтэй зэрэгцэн дуулдаж эхлэв. Орон нутгийнхан нь энэ хоёр төслийг ихэд дэмжиж, үр дүнг нь хэдийн “зурчихсан” сууж байгааг Монголын хөтөч, тайлбарлагчдын анхдугаар чуулганы үеэр (өнгөрсөн баасан гарагт болсон) аялал жуулчлалынхан онцолсон. Харин Чингис хааны өлгий нутгийнхан баргийн зүйлд барьц алдаж, хөл хөөрцөг болдоггүй хашир зангаар “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан” төслийг хүлээн авч байгаа гэнэ. Энэ нь цахим сүлжээн дэх олон нийтийн хандлагаас илт харагдаж байна. “Барьсан үед нь л итгэе”, “Цонжинболдогийн “Чингис хааны морьт хөшөө” цогцолбор жуулчны улиралд ч алдагдалтай ажилладаг гэсэн. 50 тэрбум төгрөгөөр тоглох вий” гэх зэрэг хаширласан сэтгэгдэл хөвөрнө. Чингис хааны өлгий, түүхэн, дурсгалт газрыг сурталчлан таниулах нэрийдлээр хэрэгжүүлсэн бүтэлгүй, хуумгай төслүүд иргэдийг ийм хашир болгожээ. Үүний нэг жишээ нь, “Монгол хатдын хүндэтгэлийн өргөө” цогцолбор байгуулах төсөл.
Эл цогцолборыг Баян-Адарга сумын сумын нутаг, Дуурлиг нарсны дэнж хэмээх газарт 2011 онд байгуулжээ. Тус сумынхан эхэндээ “Гишүүний дэмжлэгээр энэ сайхан бүтээн байгуулалтыг хийлээ” хэмээн түүнийг магтан сайшаадаг байсан бол одоо “Д.Арвингийн хийсэн ажил энэ” гэж их л ёозгүй дуугардаг тухай аялал жуулчлалын салбарын нэгэн эрхэм хэлсэн. Үнэн хэрэгтээ цогцолбор байгуулах санаачилгыг ч, бүтээн байгуулалтад зарцуулсан төсвийг ч Д.Ариун гишүүн ганцаараа бодож олоод, шийдчихээгүй аж. Харин улсын төсвөөс шаардлагатай зардлыг гаргуулахад тэрбээр нэмэр болжээ. БОАЖЯ, БСШУЯ (хуучнаар), Хэнтий, Баян-Адарга сумын ЗДТГ-ынхан ч энэ ажилд оролцжээ. Гэтэл нэг тэрбум төгрөгөөр боссон өнөөх цогцолборын амь болсон, бортогон малгай хэлбэртэй гол өргөө нь одоо ч жуулчид хүлээж авахад “бэлэн биш” байгааг холбогдох хүмүүс мэдээлэв.
Учир нь нэг тэрбум төгрөгөөр босгосон цогцолборын барилгыг Улсын комисс “Чанаргүй” гэж голсоор өдий хүртэл хүлээж аваагүй гэнэ. “Монголиан гайд тур” компанийн захирал Ч.Буянбадрах “Энэ музейг хурдхан шиг дэглэж, ашиглалтад оруулах шаардлагатай. Есөн цагаан гэрийг нь ашиглахгүй бол тэнд байгаа “Гүнчин богд” жуулчны баазад хүч нэмэгдүүлэн өгч, эргэлтэд оруулсан нь дээр. Тус газарт ойрхон хоёр бааз байх шаардлагагүй бөгөөд эзэнтэй, арчилгаатайг нь дэмжээд, эл цогцолборыг үзмэр болгох нь зүйтэй болов уу” хэмээн үзэл бодлоо эрс шулуун илэрхийлсэн. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжин, соргогоор хүлээн авдаг тэрбээр ийн хэлсэн нь учиртай.
Энэ мэдээллийн мөрөөр, Улсын комисс “Чанаргүй” гэж үнэлэн хүлээж авахаас татгалзсан барилгуудын жагсаалтаас “Монгол хатдын хүндэтгэлийн өргөө” цогцолборын нэрийг хайгаад олсонгүй. Иймд Хэнтий аймгийн БОАЖГ-ынхнаас тодрууллаа. Нэрээ нууцлахыг хүссэн мэргэжилтэн “Би нэлээд сүүлд ажлаа авсан болохоор баттай мэдэхгүй байна. Гэхдээ тийм яриа бий. Ер нь үйл ажиллагаа нь зогсонги гэж хэлж болохоор” гэв. Харин тус цогцолборыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж, хүндэтгэлийн өргөөг барьсан М.Мөнх-Эрдэнэтэй утсаар холбогдож энэ талаар тодруулахад “Одоо нэгэнт барьчихсан учраас ийм, тийм гээд яах вэ” хэмээн тодорхой зүйл ярихыг хүссэнгүй. “Улирал харгалзахгүй байнгын ажиллагаатай байгаа юу. Одоо очвол яадаг бол” гэхэд “Дулаан хангамжийг нь шийдээгүй учраас өвөл ажилладаггүй. Ер нь очоод үзэж болно л доо” хэмээсэн. Харин өөр нэг эх сурвалж “Солонгос жуулчин дагуулаад хоёр удаа очсон. Эхнийхэд нь эзэнгүй байсан. Дараа нь очоод хүндэтгэлийн өргөөнд орж чадаагүй. Засвартай байна гээд үзүүлэхээс татгалзсан” гэсэн юм.
Цогцолборын ажил эхлэх үед төсөл хэрэгжүүлэгчид “Энэ ажил дууссанаар 15 хүн байнгын ажлын байртай болж, жилдээ гадаад, дотоодын 30-50 мянган жуулчин Баян-Адарга сумыг зорьдог болно” хэмээн ирээдүйн зураглалаа танилцуулж байж. Гэтэл одоо тус цогцолбор ганц манаачаас өөр хүнгүй шахам, гол барилга нь ажиллагаагүй болж, зарим үзмэр, дурсгал нь эзний хайр халамжаар дутаж эхэлжээ. “Монгол хатдын хүндэтгэлийн өргөө” бол “Мянганы суут их хүн эзэн богд Чингис хаан”-аас харьцангуй бага зардлаар боссон бүтээн байгуулалт. Гэтэл одоо хүртэл дулаан хангамжийг нь шийдээгүй, гол өргөө нь яагаа ч үгүй “тэтгэвэртээ гарсан” учир иргэд “50 тэрбумын нүсэр ажлыг үнэгүйдүүлэх вий” гэж эргэлзэх нь аргагүй юм.
Монголын домогт хатдад зориулсан есөн цагаан өргөө, дөрвөн суварга, хүндэтгэлийн өргөө бүхий цогцолборын ойр орчимд Дуурилаг нарсны хүннү булш, Хүслийн мод, хамгийн бүдүүн нарс гээд байгалийн ил үзмэр бишгүй тул аялал жуулчлалын хамгийн ашигтай байршилд тооцогддог байна. Харин энэ өгөгдлийг тодруулж, чимэг болгохоор барьсан цогцолбор үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа нь харамсалтай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих