Ирт сэлэмний үзүүрээр дэлхийн цээжинд "Монгол" хэмээн сийлж явсан эзэн Чингисийн удам билээ бид. Монголчуудад морин дэл дээрээс дэлхийн талыг эзэлж, босоо монгол бичгээрээ гайхуулж явсан түүх бий. Хилийн дээс алхаж, эх дэлхийн соёлд суралцахдаа эзэн хаан, эх орноороо бахархах өнөөх сэтгэл минь хаана унтарчихав. Сүүлийн 30 гаруй жил Монгол Улс, монгол залуус мэдлэг, оюуны хувьд хөгжиж байна хэмээн олон улсын судлаачид үзжээ. Энэ нь сайшаалтай. 2030 он гэхэд дэлхийн хөгжилд хүрдэггүй юм гэхэд техник технологийн хөгжлөөрөө дөхөж очихуйц "жишиг" хот болох зорилт бидэнд бий. Дэлхий даяаршиж, техник технологи биднээс илүү ухаажиж байгааг өдөр тутам бид харж байна. Энэ нь бидний амьдралд сайнаар нөлөөлөхийн хажуугаар саараар нөлөөлөх явдал ч байна. Бид цаг үе ороо бусгаа, эрхэм түшээд нь суудлаа олохгүй эдгээр он жилүүдэд "явуулын" амьдралаар бэдчиж байна. Учир нь хөгжлөөрөө хол тасарсан америкчуудыг дуурайж, эрх чөлөөт нийгэм, хувь хүнийг хүсэмжлэх болжээ. Ингэснээр монгол хэмээх язгуур чанараа алдаж, өөрийгөө танихаа байсан эмгэнэлтэй жүжгийн гол дүр болсон гэлтэй. Хэдийгээр дэлхийн соёлыг даган дуурайх нь зөв ч өвөг дээдсийнхээ эртнээс дагаж ирсэн монгол уламжлалыг хэрхэвч мартах учиргүй. Монгол ёс, монгол уламжлал, монгол хүн гэх сэтгэлгээ дэлхийн долоон тэрбум хүнээс биднийг тодотгох жинхэнэ брэнд юм.
"65 ХУВЬ НЬ МОНГОЛ УЛАМЖЛАЛ ГЭДГИЙГ МЭДЭХГҮЙ"
Бид дэлхийн цээжинд гурван саяулаа. Сонсоход их мэт боловч үнэн хэрэгтээ дэндүү бага тоо юм. "Бид монгол хүн" олон улсын байгууллагаас "Монгол уламжлалаа хойч үедээ хэрхэн өвлүүлэх вэ" гэсэн утгатай нэгэн судалгаа явуулжээ. Судалгаа цайны дээж өргөх, цагаан идээ хийх ёс зэрэг монгол уламжлалтай холбоотой 30 гаруй асуулттай аж. Судалгаанд Монголд төдийгүй гадаадад амьдардаг 85 мянган хүн бичгээр болон цахимаар хамрагджээ. Гэвч тэдний 65 хувь нь монгол уламжлал гэдгийг мэдэхгүй гэсэн хариулт өгчээ. Энэ нь монгол гэсэн дархлаанд заналхийлж буй аюултай үзүүлэлт юм. Аливаа үндэстэн оршин тогтнох гол дархлаа, тулгын гурван чулууны нэг нь соёл байдаг. Гэтэл бид өөрсдөө ч анзааралгүй эцэг, өвгөдөөс өвлөж ирсэн монгол уламжлалаа мартжээ. Хотын соёлд хэтэрхий автаж, үнэт өв болсон "Монгол хүн" гэсэн ухагдахуунаа гээж байгаа нь харамсалтай. Монгол бүсгүй өглөө эртлэн босч, өрхөө татаж, галаа түлж, цайгаа чанах нь хүнээр хэлүүлэх асуудал биш байлаа. Гэвч энэ өнөөдөр ийм гэрийн эзэгтэй ховор. Магадгүй хоцрогдсон үзэл, эрх тэгш амьдрал, хүний эрхийн тухай ярих байх. Хэдийгээр дэндүү өчүүхэн мэт сонсогдовч цаанаа монгол гэдэг үндэстэн орших уу, эс орших уу гэдэгтэй салшгүй холбоотой том асуудал билээ. Энэ тухай монгол ёс заншил судлаач, доктор Ц.Авирмэд "Бид өнөөдөр нэг өдөр монгол гэж цээжээ дэлдээд, дэлхийд өөрсдийгөө тунхаглах юм шиг их том зүйл ярьдаг. Гэвч монгол хүн гэдэг чинь багахан зүйлээс л эхэлдэг юм. Би 10 гаруй жил Чикаго мужид амьдарсан. Тэнд олон монгол гэр бүл бий. Гэтэл барууны амьдралдаа амархан дасчихсан нь ажиглагддаг. Ядаж л гэрийн эзэгтэй нь нөхрийнхөө малгайг хоймортоо залдаг монгол ухаан мартагдсан. Ажлаасаа ирээд хоол хийнэ гэсэн ойлголт байхгүй. Ихэнхдээ гадуур хооллох жишээтэй. Хэдийгээр гадаадад амьдарч байгаа ч тэнд л жинхэнэ монгол уламжлалаа алдахгүй байх ёстой. Монгол бүсгүй нөхрөө ингэж хүндэлж, хайрладаг юм гээд гадныханд үлгэр жишээ бол л доо. Насаараа харь оронд амьдрахгүй. Хэзээ нэгэн цагт эх орондоо ирнэ. Үр хүүхдүүддээ юу өвлүүлэх вэ. Эд хөрөнгөөс илүү монгол ухаан, эцэг өвгөдөөс уламжлагдаж ирсэн эртний уламжлалаа л үлдээх нь чухал" гэсэн юм. Гэр бүл судлаач Б.Түвшинтөгс "Монголчууд эхнэр нь нөхрөө, нөхөр нь эхнэрээ хүндлэх агуу соёлтой ард түмэн байсан. Гэтэл жилд 35 мянган хос гэр бүл салдаг гэсэн судалгаа гарсан байна. Үүний цаана хэдэн хүүхэд өнчирч, амьдын хагацал үзэж байгаа бол. Энэ нь өнөөх эхнэр, нөхрийн хүндлэл гэсэн ухаан алдагдаж байгаагийн тод жишээ. Гэр бүл салалтыг судалж байхад үзэл бодол нийлдэггүй, хоорондоо тохирдоггүй гэсэн шалтгаанаар хоёр тийш болсон нь элбэг байдаг. Энэ нь бие биедээ буулт хийж, уучилж чаддаггүйтэй холбоотой. Монгол эр хүн ар гэрийн асуудлыг ухаалгаар шийдэх алсын хараа, холын бодолтой байх учиртай. Эхнэр нь дэмждэг, зөв зөвлөгөө өгч чадах ухаантай байх ёстой. Энэ бүхнийг монгол хүн хамгийн эхэнд сурах ёстой" гэв. Зөвхөн эхнэр нөхрийн харилцаанд жишээ авахад энэ.
"БИД МОНГОЛОО МАРТВАЛ ДЭЛХИЙ БИДЭН ДЭЭР ГИШИГЛЭНЭ"
Үнэхээр гэр бүл салалтын ард хүртэл гэр бүлээ эрхэмлэх, хамгаалах ухаан, уламжлал алдагдсан нь харагдаж байгаа юм. Гэтэл бидэнтэй хамгийн ойр Өвөрмонголд хосууд хайр сэтгэлээ баталгаажуулж, гэрлэлтээ батлуултлаа хүүхэдтэй болохыг хуулиар хорьдог юм байна.
Бид дэлхийд юугаар онцгойрч, онгирох ёстой вэ гэвэл монгол түүх, ёс заншил, уламжлал гэж хариулах нь лавтай. Гэтэл үүнийг өдрөөс өдөрт алдаж, түүх соёлоо мартаж байгаагаа хэн ч анзаарахгүй байна. Дэлхийн хөгжлийг дагаж, XXI зуунтай хөл нийлүүлэн алхах шаардлагатай ч биднийг хүн болгосон, түүх соёлоо хэрхэвч хөсөр хаяж боломгүй. Үүнийг тунгаан бодож, дор бүрээ анхаарах цаг иржээ. Харин монгол уламжлалаа дээдэлж, өвлүүлэн үлдээхийг зорьдог хүмүүс нь Өвөрмонголчууд юм байна гэсэн бодол тэнд ажилласан хэдхэн хоногт төрж байсан юм. Учир нь босоо бичгээрээ бичиж, дунд сургуульд хятад хэл заадаггүй гээд монгол хэвээр үлдэхсэн гэсэн чармайлт тэндээс л жинхэнэ үнэртэж байсан юм. Гэтэл бид хүүхдээ монгол хэл сургах нь битгий хэл багаас нь гадаад цэцэрлэгээр хүмүүжүүлж, монгол уламжлалаас нь холдуулчихдаг ард түмэн. Үүнийгээ хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж байгаа гэж бахархан ярих дуртай. Гэвч монгол эцэг эхийн хамгийн том зорилго, хүсэл нь жинхэнэ монгол хүн бэлтгэх ажээ. Энэ тухай монгол ёс заншил судлаач Оч "Монгол хүн эхлээд уламжлалаа мартахгүй байх учиртай. Бид өнөөдөр хятад, америкчууд шиг бодож, сэтгэж, амьдарвал монгол гэсэн үндсэн язгуураа алдах аюултай. Би насаараа монгол ёс заншил судалж байна. Монголчууд бид ямар бадлаг түүх, ёс заншилтай ард түмэн гэж санана. Үүнийг л дэлхийд гаргах учиртай. Бид Монголоо мартвал дэлхий бидэн дээр гишиглэнэ" гэсэн юм. Монгол уламжлал алдагдаж байгааг бид алхам тутамдаа хардаг. Гэвч хэвийн үзэгдэл мэт тоохоо болоод удаж. Үнэн хэрэгтээ энэ нь бид өөрсдийгөө мартаж байгаагийн илрэл юм. Тиймээс мартагдахад хүрсэн монгол уламжлалыг сэргээе.
Ч.Гантулга
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28566
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих