Монголчуудын эртнээс даган мөрдөж ирсэн уламжлалууд алдагдаж буйг бид өдөр тутмын амьдралаасаа харж болно. Дэлхий даяаршихын хэрээр хүн төрөлхтөн өөрчлөгдөж байна. Дэлхийн хувьслыг дагаад үндэстэн бүхний онцлог цаашлаад хүний мөн чанар алдагдаж буйг хэн ч анзаардаггүй. Энэ нь хэвийн үзэгдэл мэт боловч хэн нь хэн бэ гэдгээ аажмаар мартаж буй "аюулын харанга” юм. Хондлой дээрээ хөх толботой төрдөг учир монголчуудыг дээд тэнгэрээс заяатай, тэнгэрлиг ард түмэн хэмээдэг. Гэвч хөх толбо нь өдрөөс өдөрт бүдгэрч буй тухай зарим буурлууд ярьдаг. Бид бас л тоодоггүй. Бид өмнөх дугаартаа монгол уламжлал хэрхэн устаж буй тухай өгүүлсэн. Энэ удаагийн цувралдаа ч эртнээс даган мөрдөж ирсэн зарим уламжлал ямар байсан тухай сануулахаар бэлтгэлээ.
ГАЛ ТАХИХ МОНГОЛ УЛАМЖЛАЛ АЛДАГДАЖ БАЙНА
Монголчууд галаа дээдэлдэг ард түмэн. Гал голомт цэвэр ариун байвал тэр айлын ажил үйлс бүтэмжтэй байна хэмээн бэлгэшээдэг. Тиймээс галдаа хар модноос өөр юу ч хийлгүйгээр тахин дээдэлдэг ажээ. Балчир байхад эмээ өвөө минь тулганд бурхан байдаг хэмээн домог ярьдаг байсныг тод санаж байна. Галаа баярлуулъя хэмээн өөхний өөдөс, шар тос хийхэд тулган дахь гал бадамлан асч, баярлан хөөрч буй мэт дүрэлздэг байсан цаг саяхан. Тэгвэл монголчуудын энэ уламжлал мартагдахад хүрчээ. Ижий аавтайгаа амьдардаг зарим нь л галаа дээдлэхээс залуу гэр бүлүүд галаа хэрхэн хүндэлж, дээдлэх тухай мэдэхгүй байгаа нь харамсалтай. Ихэнх нь тохилог байранд амьдардаг тул гал голомт гэдэг ямар учиртай болох, хэрхэн тахих тухай мэдлэг алга. Тиймээс айлын хиймор лундааг бадраах учиртай тулга нь зөвхөн хог чихэх зориулалттай дөрвөлжин хайрцаг болоод нэгэнт уджээ. Энэ тухай "Гэсэр” сүмийн хамба лам Б.Болд "Монголчууд галаа тахих эртний уламжлалтай. Чингис хааны үеэс галаа дээдэлж, тахиж ирсэн. Гал голомт ариун байвал гай барцад холуур өнгөрдөг. Учир нь гал гэдэг тухайн айлын хамгаалалт юм. Бүсгүй хүний бадраасан галанд өрхийн тэргүүний хийморь лундаа хамтдаа бадамлаж явдаг. Тиймээс галдаа элдэв бохир зүйл хийхгүй, ариун байдлыг нь алдагдуулахыг цээрлэх учиртай. Орчин үед залуу гэр бүл галаа дээдэлж мэдэхгүй байна. Эсвэл ямар ч хамаагүй өдөр галаа тахиулъя гээд хүрээд ирдэг. Өнөөдөр л тахиад өг гэх жишээтэй. Гэвч гал тахих тусгай өдөр гэж бий. Хүссэн үедээ тахих боломжгүй. Галаа баярлуулах нь өөрийн дэг, ёс, уламжлалтай. Мөн орчин үеийн орон сууцанд амьдардаг залуус гал түлэх, галаа тахих боломжгүй учир өсч төрсөн эцэг, эхийн гал голомтод очиж гал шүтээндээ мөргөж, тахих учиртай” гэсэн юм.
"МОНГОЛ ЁС ЗАНШИЛ, УЛАМЖЛАЛЫН ТУХАЙ ГАРЫН АВЛАГАТАЙ БОЛМООР БАЙНА”
Хэрэв санаандгүй байдлаар тулганд зохисгүй зүйл орвол арц уугуулж, тулгыг ариусгах ёстой аж. Галыг зөвхөн номын хүчтэй хүн л тахих учиртай. Түүнээс хүссэн хүн бүхэн энэ үйлийг хийж болохгүй. Галаа тахихын тулд эхлээд хонины гурав дахь үе сүүл бэлдэх ёстой. Энэ нь идээний дээдийг бэлгэддэг аж. Галаа тахих өглөө гэрийн эзэгтэй эртлэн босч цайныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөнө. Харин гэрийн эзэн тулгаа цэвэрлэж, гал тахих үйл явцад бэлтгэнэ. Улмаар овог нэрээ бүтнээр нь хэлж таниулан өвөг дээдсийн гал, өөрийн гал, үр удмын гал голомт ариун дагшин байж үргэлжид мандан бадарч байхын ерөөлийг айлтгаад, өнгийн хадаг, өвчүү, шар тос, арц, ганга тэргүүтнийг галдаа өргөх ёстой. Энэ үеэр гэрийн эзэд өвдөгнөөс доош далдлах хувцас өмсөхөөс гадна заавал малгай өмссөн байх ёстой юм байна. Ийнхүү галаа тахиснаар тухайн айлын ажил үйлс бүтэмжтэй байж, нэг ёсны аливаа муу зүйлийн хаалга хаагдаж, хамгаалалт болдог юм байна. Монгол ёс заншил судлаач, доктор, профессор Б.Адилбиш "Монголчууд бид түүхээ мартаж байна. Монгол хүн хэзээ л гал голомт руугаа нулимдаг байлаа. Гэтэл ёс уламжлалаа мартсан эрээ цээргүй авир байнга ажиглагдах боллоо. Монгол эр хүн ховор болжээ. Ханиа дээдэлдэг бүсгүй ч цөөхөн болсон харалган үе. Гэрийн эзнээ ороод ирэхэд цайныхаа дээжийг барих нь дэлхийн хаана ч байхгүй монгол ухаан, монгол уламжлал байсан. Гэтэл бид гадны соёлд л уусаад байх юм. Хэдийгээр орчин үе рүү алхах нь зөв ч уламжлалаа мартахгүй байх нь монгол хүний нэн тэргүүний үүрэг юм шүү. Бид гал голомтоо тахихаас эхлээд идээ будааны дээжийг бурхан тахилдаа өргөж, эр нөхрийнхөө үгийг сонсч, шийдвэрийг нь хүндлэхээс эхлээд хүмүүсийн анзаардаггүй юм шиг мөртлөө монгол хүнийг тодотгосон агуу түүх, уламжлалтай ард түмэн байсан. Гэвч энэ бүхэн мартагдаж байна. Бид дэлхийн уран зохиол гэж хошуурахаас өмнө монгол ёс заншил, уламжлалын тухай гарын авлагатай болмоор байна. Хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа бид ийм уламжлалтай ард түмэн байсан шүү хэмээн бичгээр ч болтугай үлдээх нь чухал. Миний бие 2014 онд "Монгол уламжлал” гэсэн ном гаргасан. Гэвч сонирхож, унших нь тун ховор бололтой юм” гэв. Үнэхээр монголчууд бид дэлхийд юугаараа онцгойрох вэ гэвэл ахуй соёл, монгол уламжлал ёс заншил билээ. Гэтэл бид өөрсдийн язгуур чанараа гээсээр уджээ.
"МОНГОЛД СААТАХАД ӨНӨӨХ МОРЬ БОЛОН ҮХЭР ТЭРЭГ НЬ АЧААНЫ МАШИНААР СОЛИГДСОН БАЙНА”
Японы монгол судлаач Ёшихо Харамүчи нэгэн нийтлэлээ "Монголчууд язгуур чанараа алдаж буй нь” хэмээн нэрлэжээ. Нийтлэлд "Эзэн Чингис хаанаараа омогших дуртай монголчуудын аж амьдрал он цагийн эрхэнд өөрчлөгдөж байна. Долоон жилийн өмнө Монголд очиход нүүдэлчин амьдрал нь ихээхэн сонирхол татаж байлаа. Тэд монгол гэрээ морин тэргэнд ачаад хэдэн киломертрийн цаана бэлчээрийн соргогийг сорчилж буудаг байв. Харин өнгөрсөн зун Монголд саатахад өнөөх морь болон үхэр тэрэг нь ачааны машинаар солигдсон байна. Хэдхэн жилийн дотор ийнхүү өөрчлөгдсөн нь сайшаалтай ч монгол уламжлал нь үгүй болсонд жаахан сэтгэл гонсойв” хэмээн бичжээ. Бид ахуй соёлоосоо хэрхэн хурдтайгаар холдож байгааг япон судлаачийн бичсэн ганцхан өгүүлбэрээс харж болно. Хэдийгээр XXI зууны иргэд гэдгээрээ дэлхийн соёлтой хөл нийлүүлэн алхах учиртай ч монгол хүн гэдэг язгуур чанараа хэзээ ч алдаж болохгүйг бид бодох, санах цаг хаяанд иржээ. Дэлхийн цээжинд гурван саяулаа бид эртний уламжлал, ёс заншилаа энэ хэвээр мартсаар байвал нэг л өдөр монгол хэмээх үндэстэн байсан эсэх нь мэдэгдэхгүй, түүхийн хуудаснаас арчигдан одох вий.
Үргэлжлэл бий.
Ч.Гантулга
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=28610
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих