
Айлчлалын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам хүлээн авч уулзсан юм. Тэд хоёр намын цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцахын зэрэгцээ улс орны хөгжлийн чиг хандлагын талаар өргөн хүрээнд санал солилцсон. Мөн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат Солонгосын Хөдөлмөрийн намын Залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбооны дарга нартай уулзаж, харилцан мэдээлэл солилцлоо. Түүнчлэн Солонгосын Хөдөлмөрийн намын эмэгтэйчүүдийн холбооны урилгаар МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа тэргүүтэй төлөөлөгчид ирэх зургадугаар сард БНАСАУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон. Өмнө нь НАМЭХ-ын урилгаар Солонгосын Хөдөлмөрийн намын эмэгтэйчүүдийн байгууллагын дэд дарга тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байжээ.
БНАСАУ нь сүүлийн үед хурдацтай хөгжих бодлогыг баримталж буй бөгөөд тэр дундаа мал аж ахуйг хөгжүүлэх талд нэлээн анхаарч эхэлжээ. Тиймээс Монгол Улсын мал аж ахуй эрхлэлтийн талаар судалж байгаа аж. Айлчлалын үеэр манай улсад өөрийн "Унсан” боомтыг удаан хугацаагаар түрээслүүлэх талаар яригдаж буй асуудлын хүрээнд харилцан санал солилцсон байна.
Монгол Улс, БНАСАУ-ын уламжлалт, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хоёр намын харилцаа, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн байдаг. Тиймээс энэ удаагийн айлчлал нь хоёр намын олон жилийн найрсаг харилцаанд түүхэн хуудас нээж, цаашдын хамтын ажиллагаа улам идэвхтэй хөгжинө гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийлж байв.






URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2884
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих