1980 оны хавар
"Арав дахь хавраа дуулья" гээд машины модон тэвшин дээр ангиараа
сууцгаан аймагт ирж, 10 анги төгсгөж их, дээд сургуульд орохоор
конкурсдээд явж байхдаа Ш.Сүрэнжав найрагчийн бараа зүсийг хараагүй л байж
дээ. Харин намар нь МУИС-ийн сэтгүүлчийн ангид ороод их сургуулийн Утга
зохиолын нэгдлийн гишүүн болоод шүлэг уншиж явахдаа Сүүеэ найрагчийн барааг
анх харж билээ. Улмаар МЗЭ-ийн хороонд Лхагва гараг бүр болдог "Нээлттэй
хаалга"-ны өдрөөр бол үгийг нь олонтаа сонсдог боллоо. Тэр бүү хэл, тэр
намар Горькийн дээд курс төгсөж ирүүтээ "Хөх тэнгэрийн хур" номоо
гаргаад ид шуугиулж байсан болохоор бид ч Сүүеэг дагаад л намирдаг байж.
МЗЭ-ийн хорооны Залуу зохиолчдын секцийн эрхлэгч болсон түүний гарын үсэгтэй
улаан үнэмлэхийг ч өвөртлөн явдаг боллоо. Ингэж Сүүеэ найрагчийн албан ёсны
шавь нар болсон доо, манай их сургуулийнхан, Бидний үеийн олон залуус
Сүрэнжав гуайн гарын үсэгтэй залуу зохиолчийн үнэмлэх өвөртлөө биз ээ.
Тэрбээр тэр үедээ "Хөх тэнгэрийн хур" шүлгээ нүдээ аньж байгаад
дуржигнатал унших нь гайхмаар байсансан. Бидэнд шүлгээ уран, тод уншихийг
дахин дахин зааж сургана. Сүүеэ найрагч чухам тэнгэрийн хүү л явлаа. Тиймээс
ч...
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Тэнгэр эцгийнхээ зүүрмэглэхийн зуур
Тэрхэн зуурын зүүд болж газар дэлхий дээр ирсэн юм
Сэрэхтэй нь зэрэг би явна
Тэр болтол нь та нартайгаа уулс түшиж туйлс хайлж
Морин толгойтой хууранд тань
Монгол аялгууг хоршин дуулж сууна
Хүмүүс минь ээ
Газрыхан минь ээ
Та нар намайг явахын цагт энэ морин толгойтой хуураа л өгөөрэй
Үүгээр чинь би хурмаст эцгээ уяруулан хайлуулан дуулуулна
Үүлэн тансаг хур болон ивэлж үргэлжид тэгвэл нь та нарыг ивээнэ
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм
Гантиг чулуу минь чи
Ганцхан энэ мөрийг минь
Гайгүй сайн тогтоож аваарай
Би тэнгэрийн хүү та нарын дунд ирсэн юм ...гэж уншдаг нь ч, уянгалуулдаг нь ч
бидэнд ер мартагдсангүй ээ. Их найрагчийг маань тэнгэр эцэг нь сэрээд
дууджээ. Тэнгэрийн орон руу явахдаа хуураа авада явна гэж эртнээс бэлдсэн.
Морин хуураа эгшиглүүлээд хур буулгана гэж ярьдагсан. Одоо та минь өвөл бол
цас будруулж, бусад цагт бороо шаагиулж, биднийгээ эгшиглэнт зөнгөөр сэрээн
дуудаж байхаар тэнгэрийн орон руу явлаа. Та минь тун олон үеийнхнийг
дуугаараа, найргаараа цэнгүүлнэ дээ. Таны минь сэтгэлийн хур хэзээ ч
татрахгүй, эгшиглэнт шүлэг, дуу хэдийд ч тасрахгүй ээ. Өнгөрсөн хавар
нийслэлийн "Эрдмийн ундраа" цогцолбор сургуульд өөрийнх нь нэрэмжит
яруу найргийн наадмын шүүгчээр ажилласнаа дуулгахад, "Өө миний хүү, дандаа
шүүж байгаарай. Миний нэрэмжит, намайг амьдад эхлүүлсэн сайхан ярууслын
наадам болдог юм шүү. Түүнийг тасалж болохгүй ээ. "Эрдмийн ундраа"
сургуулийнхан мундаг. Тэдэнд найдаж болно" гэж захиж, сануулж билээ.
Тэгнээ, эрхэм ах мину, бид таны нэрэмжит яруу найргийн гэрэлт наадмыг үргэлж
өнгө донж төгөлдөр хийсээр байх болноо. өөр ч таны нэрэмжит олон төрлийн яруу
найраг, дууны наадмууд болох буйз аа. Алдарт "Багш" найраглалынх нь
гэрэлт хөшөөг МУБИС-ийн буюу Багшийн сургуулийн үүдний талбайд таныг амьдад
босгосон. Түүнд та ихэд баярлаж байж билээ. Ер нь ч сэтгэл сайхантай л даа.
Гэргий Цэндээдээ олон сайхан шүлэг бичсэн. Цэндээ эгчийн цай хоолыг бидний
үеийнхэн чамгүй хүртсэн. Тэгэхээр одоо та минь тэнгэрийн оронд Цэндээ эгчийн
хамт мөнхийн рашаанаар чанасан цай юугаа уунхан, оддын мянган гялбаан дор
онгодын охио ч тамшааланхан суух биз ээ. тэнгэрээс буух хур бүхнийг таныхаа л
хишиг гэж бодож, ахиухан хүртэж явахыг хүснэм, муу шавь чинь. Монгол Улсын
Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав нэг хэсэг оюоохон бор
дарс хүртэж яваад өөрийн хүч, оюун, сэтгэлийн хатаар зогсоосон. Залуу бидэнд
үлгэр болсон. Тиймээс ч За дүү нар минь, хатуу юмыг уулгүй явж болдог юм.
Ойворгон залуудаа онгод оруулна гэж хүртэж л явлаа. Одоо больчихсон чинь
онгод минь улам их л орж байна. Хатуу юмыг больцгоо. Хүний залуу насыг хэн ч
мэддэггүй юм. Залуу нас хийсээд л явчихна. Харин нас ахих тусам хүний нүдэнд
сайхан харагдаж явах хэрэгтэй. Хүний амьдралынх нь сүүлчийн үе цагаа рнь л
хүмүүс мэддэг болдог. Түүгээрээ ч дүгнэж ярьдаг. Тиймээс нас ахих тусмаа
намба төгс, амьдралаа гоё харагдахаар, амьддаа сайхан үзэгдэхээр явж
байгаарай" гэж дахин дахин захидагсан. Таны энэ үг өнөөдөр их тод
сонсогдож байна. Ухаалаг, хэрэгтэй үгс чинь ийнхүү улам тод, улам яруу
сонсогдсоор байх авай.
ШАРАВЫН СҮРЭНЖАВТ...
Шаргалхан талын өвсний толгой дээр
Шаа мөнгөн хяруу бөнжигнөн гялалзана
Шаавай яруу найрагч Сүрэнжавын сэтгэлийн хур
Шар тайлах мөнхийн усан мэт гялбалзана
Жийжүү мөнгөн дөрөө шүргэх шагшуурга
Жил жилийн цасан будраагаар гоёно
Пийсүү пансан алчуураараа даллах бүсгүй
Пийпаа торгон аялгууг лимбэдэн аргадна
Морин төвөргөөн пижигнэсэн хээрийн салхинд
Монгол эгшиглэн хуурын чавхдсаар гийнгоолно
Мордоод саяхан явсан мэт Сүрэнжав найрагчийн дуу
Мөнгөн хяруу бөнжигнүүлсэн өвсний шаагианаас цуурайтна!
2018.12.19...12.12 цагун дору...
Batsaikhan Jigmed
|
Сэтгэгдэл бичих