7000 орчим бэлэг тараав. 1500 гаруй айл өрхөөр орж дуу шүлэг болов. Баяр болоод гуниг зэрэгцэн, нүд хальтрам аймшигт төрхийн өөдөөс юу ч болоогүй мэт инээмсэглэн “Миний хүү мундаг хүн болоорой” гэж хэлэх бол өвлийн өвгөний хувьд хамгийн хэцүү хэсэг нь юм. Юунд найдаж, хэнд итгэж мундаг хүн болоорой гэж хэлж байгаа юм бол гэдгээ тэр өөрөө ч үл мэднэ.
Орой болоод өвлийн өвөө, цасан охидууд нэг дор цуглан элдвийг ярилцана. 2,3 жил дараалан явж байгаа өвөө нар амьдрал эрс дордсон байна гэдгийг бүгд хүлээн зөвшөөрнө. Овоо засраад, дэвжээд явж байсан айлын аав нь архинд орж хүйтэн, давчуу, айдастай болсон байгааг ярилцана. Миний хувьд ч ялгаагүй бүр ганц найдаж, итгэж тусалж явсан айл маань хүчирхийлэл, архины золиос болжээ. “Надад гар хүрэх нь ч одоо дүүрч хүүхдэд маань …” хэмээн хоолой нь зангирах дайчин бүсгүйн яриа. Ямар ч айхтар тэсвэртэй юм дээ. Явж явж үр хүүхдийнхээ л төлөө шүү дээ эмэгтэй хүний тэсвэр тэвчээр.
Зарим нэг бүр аймшигтай зүйлийг ярихаас ч айдас төрнө. Ярилаа гэж бодоход нийгэм түүнийг 7 биш ээ ядаж 10 хоног анхаарах болов уу … Үгүй ээ шинэ жилийн оргилуун дарсны чимээнд тэр нялх “Хашхираан” даанч жулдах байх. Ер нь бол маш олон хүчиндүүлж байсан хүүхдүүдтэй таарлаа. Би ихэнхидээ өвлийн өвгөн биш энгийн хувцастай явсан юм. Өвлийн өвөөг хараад баярлахгүй, юм юманд цочоод л дап дут хийн татаганах нь цаанаа л нэг сэжигтэй. Энэ их айдсын араас хүүхдийн нууж чадахгүй цагаахан баяр баясгалан мэдрэгдэнэ. Ижий, эмээтэй тусад нь уулзаад асуувал таамаг ихэнхидээ зөв байх. Хүчин их ойроос үйлдэгдэнэ. Хойд аав, түүнтэй архиддаг найзууд, нагац ах, заримдаа төрсөн эцэг нь … Олон хүүхэд идэх зүйлсийн цаасыг нь задлаж мэдэхгүй гаднаас нь хазлах бөгөөд хичнээн их өлссөн юм бол доо гэмээр ...
Харин зарим айлууд зүгээр л ямар ч итгэл найдваргүйгээр живж орхиж. Идэх хоол ч алга, түлэх нүүрс ч алга, итгэл найдвар ч алга. Эцсийн эцэст Монгол улсын иргэн ийм хүн, хүүхдүүд энд амьдарч байна гэсэн бүртгэл ч алга. Сарын орлого 140.000 төгрөг 4 хүүхэдтэй. Орлогын гол эх үүсвэр хүүхдийн мөнгө. Гэтэл энэ гүн ядуурал, хар бараан, өлсгөлөн дунд хүүхэд хэзээ ч итгэл дүүрэн, харц ч золбоолог, баярлаж гүйлдэх нь дэндүү хайрлам бас өрөвдөлтэй. Энд утаанд хордож үхэх биш, утаа ч болтугай гаргаж чадах амьдралтай байж өвлийн хүйтнийг тэсэж гарахсан гэдэг тэмцэл өрнөх ажээ.
Надад нэг бодол төрж байлаа. Онцгой байдал зарлачихвал яадаг юм ! Гал усны аюул, зуд гамшгийн аюул харанга эцсийн эцэст хүний төлөө л байдаг бус уу ? Тэгвэл байгалийн хүчин зүйл бус хүн чинь өөрөө гамшиг болж эхэллээ. Үүнд нь хүүхэд хэдэн зуугаараа хэлмэгдэж явна. Ийм үед Монгол улсад хүүхдийн гамшиг, хүчирхийлэл нүүрлэсэн аймшигт явдал тохиолоо гээд дохио дуугаргаж болохгүй юу ? Утаанд хордож үхсэн хүүхэд хэдэн зуу, авто ослоор хорвоог орхисон хүүхэд хэдэн зуу, хүчиндүүлсэн охид хөвгүүд хэдэн зуу гээд ТӨР ЗАСАГ нь мэдээллээд байгаа мөртлөө ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ авахгүй байгаа учир нь юу вэ ? Хамаагүй бүх эцэг эхчүүд ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭРГҮҮЛ гэж тууз гарандаа зүүгээд ээлж ээлжээр гудам, орцонд манаж цагдацгаая ! Цагдаа нь хүрэлцэхгүй байгаа юм бол хүүхдийнхээ төлөө сайн дурын цагдаа, тэмцэгч, юу байдгийн хийцгээе хүмүүс ээ ! Бидний энэ их хийрхэл, улс төржилт, утга учиргүй новшын амьдрал дунд ямар ч гэм хийгээгүй хүүхдүүд, төрсөн нь золиос болж төрж ч амжихгүй хорвоог орхиж байна. Ийм үед бид Монгол гэж цээжээ дэлдээд, хорвоод хосгүй гэж хоолой мэдэж чарлаад яах юм бэ ?
Ч.Ганжавхлан
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих