Асар, Басар хоёр говийн өглөөг зарлан тунхаглах мэт хот тойрон хуцаж, гэгээн өглөө айлсан ирснийг дуулгана. Тэнийсэн алга шиг талын дундаас зулын гэрэл мэт бүгтхэн гэгээ тусч ахул “Жинчид минь хөдлөх цаг дөхөж байна. Гарч тэмээгээ хомнож, номтой авдраа ачаална шүү” хэмээн жингийн даамал хэлж байна. Мөнөөх эрийг Дашдэндэв гэх. Говийн наран дор нэгэн жарныг үдсэн эл эр ард түмнийхээ дунд алаг морьт хэмээн алдаршсан Монгол Улсын гарамгай баатар Лодонгийн Дандарын хүү юм. Цэрэгт байхдаа Төрийн наадамдаа зодоглож нэгийн даваанд улсын арслан Жамцыг орхиж, хоёрын даваанд улсын начин Бадарчийг баруун тахимаар нь буулгаж байсан шийртэй эр. Түүнээс хойш улсын баяр наадамд дахин зодоглоогүй юм гэдэг. Гэсэн ч 48 нас хүртлээ Дорноговийнхоо наадмын шөвгийн дөрвөөс мултарч байгаагүй, нутагт нь ирсэн улсын цолтнуудын аранга байж авч бөмбөрүүлж явсан гээд бодохоор яав ч зам зуурын нөхөр биш гэдэг нь тодорхой. Төд удалгүй шар дурдан мэт их говийн элсэн дундаас том улаан наран гэрийн тооныг найм хуваан сацран мандаж, гэрэл асгав. Ингэж л бид “Миний цуглуулсан хорвоо” номын жин тээх их ажилдаа гарах цаг болсныг дор бүрнээ ойлголоо. Бид есөн тэмээнд 18 авдар 1800 гаруй ном тээх учиртай тул цайлж аваад зэлний зүг эргэлээ.
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, дэлхийн соёл, яруу найргийн академийн “Гарамгай яруу найрагч” шагналт, “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир тэмээгээр өөрийн төрөлх сум Улаанбадрах руугаа номын жин тээхээр зэхэж хэдэн жил ярьж байсан билээ. Тэнгэрийн хутгийг олсон найрагчийн сэтгэлийн гэгээн хүсэл болох уг ажлыг залуу найрагч дүү нар нь гэр бүлийнхэнтэй нь хамт гүйцэлдүүлэхээр цуглалаа. Догшин хутагтын нутгаас төрсөн дөлгөөн найрагч хэмээн хүндлэгдсэн эрхэм найрагчийн “Миний цуглуулсан хорвоо” хэмээх шүлгээр нэрлэсэн номын жинд оролцохоор маш олон хүмүүс ирсэн байлаа. А.Эрдэнэ-Очир агсан гуравдугаар ангид байхдаа сургуулийн номын сан, наймдугаар ангид байхдаа аймгийнхаа номын сангийн бүх номыг уншиж дууссан байсан тухайгаа ярьдаг сан. Түүний зорьсон хүслийн нэгээхэн хэсэг болох номын жинг
“...Алгадаад нисгэдэг ижийтэй шувууны үр жаргалтай энэ замаас
Амин сүмбэр уулын өсгүүр дээрээс гурван хүүн зам салаалав
Амьдрал мөрний хөх усан элээж урссан энэ замаас
Алагхан хорвоогийн өнгөн дундуур гурван дуун зам салаалав...” “Зам” шүлэгт үлдсэн түүний хүү гурван хүү болох Цагаан-Уул, Мөнх-Уул, Энх-Уул болон найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү нар нь, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Шатарын Энхбаяр, Лувсанчүлтэмийн Эрдэнэбат болон орон нутгийн удирдлагуудын дэмжлэгтэйгээр их бэлгэ ерөөл оршсон энэ ажил ийнхүү эхэлж байгаа юм аа. Номын жин тээхээр нийслэл хүрээнээс яруу найрагч О.Цэнд-Аюуш, Н.Минжинсайхан, Т.Дарханхөвсгөл, С.Баттулга, Э.Гантулга, Б.Жамбалдорж, Г.Лхагвадорж, М.Наранболд, Г.Мөнхбаатар, Д.Гэндэнсүрэн, Б.Батхолбоо, МҮОНРТВ-ийн нэрт нэвтрүүлэгч Бужгарын Гантигмаа, миний бие сэтгэлийн жин тээж Сайншандад аяны дөрөө мултлаад ирээд байсан билээ. Зохиолч, сэтгүүлч Магваны Эрдэнэбат жин дагаж нэвтрүүлэг хийхээр ирж, үеийн нөхрийнхөө талаар сэтгэлийн үгээ хэлж байгаа харагдсан. Улаанбадрах сумын дунд сургуулийн нийгмийн ажилтан Д.Батсайхан тэргүүтэй хүмүүс жин тайван амгалан байхын ерөөл өргөж “Идэр жинчин” дуугаар түрлэг өргөж сүрлэг атны нуруунд дөрөөлсөн найрагч залуусыг үдлээ.
Том хүрэн атны ачаанд зүүсэн хонх хангинан жингэнэж жин хөдөллөө. Дорноговь аймгийн Утга зохиолын “Хан хурмаст” төвийн найрагчид болох Э.Эрдэнэдалай, Г.Ган-Эрдэнэ, Бардаваа нар зам нийлэв. Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш маань тэмээнийхээ бурантгийг яруу найрагч Э.Гантулгад атгуулаад санаа нь амрав. Тэмээндээ “бурантаглуулсан” Цэндээ жонжуулж болохгүй гэдгийг айх, сандрахын наахнуур нөхдөдөө анхааруулна. Бие нь тэмээ шиг, шүлэг нь тэмээнээсээ том найрагч андыгаа ингэж “жижгэрч” байхыг хараагүй идэр жинчид дор бүрнээ нуг нуг хийнэ. Багадаа тэмээ унаж өссөн гэх зохиолч Сааюугийн Баттулга жин даган хөдөлсөн шинэхэн жинчдийг үе үехэн үймүүлж тэмээдийг жонжуулах зэргээр биднийгээ сандаргачихаад бах нь ханасан байдалтай тэмээн дээрээ жишүү харан суугаад инээдээ барьж ядна. Ингэж л бид говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаа 180 гаруй жилийн тэртээд Дорнын говь руу тэмээгээр жин тээж алдарт “Саран хөхөө” жүжгээ тоглож асан энэ л талаар үзүүр нь алдуурсан утас шиг тэмээтэйгээ ар араасаа хөвөрч эхлэв. Хэзээ туулж дуусах нь үл мэдэгдэх шаргалтан бидэртэх талын дундуур тэмээний алхаагаар газар эвхэн явлаа. Удалгүй дэлхийн энергийн төв болох Хамарын хийдийн баруун сугаар тэмээн жингийн цуваа хошуу ороон гарч ирлээ. Дор бүрнээ хийдийн зүг хараа сунган өөрсдийгөө даатгаж байгаа нь илт. Жамбаа маань сүсэглэх гэж байгаа нь энэ гээд бээлийгээ унагачихаад авч чадахгүй хэсэгтээ л юм болов. Хутагтын нутагт цас ороогүй ч идэр ес эхэлж үү гэмээр хүйтэн байх юм. Салхи хүнгэнэсэн талын дундуур тэмээний зогдор хөдөлгөн явахад үнэгэн лоовуузны сор улам өнгө нэмж, жинчин залуусын хацар ягааран харагдана. Малаас хол өссөн мань мэт тав орчим км яваад бие тавирлаа. Тэмээ, хүн хоёр ингэж зохицож эхэлсэн гэхэд болно.
Арлааны Эрдэнэ-Очирын цуглуулсан хорвоод багтсан хэмээн бахдан явах эрхмүүд жингийн даамал Д.Дашдэндэвээс аавынх нь тухай элдвийг шалж, алаг мориных нь тухай яриулах гэж тэмээн дээрээ дэвхцэх нь холгүй юм болох юм. Жин аажуу тайвуухан явсаар нэг л мэдэхэд Хамарын хийдийн бараа нь үгүй алсарчээ. Жингээ засч, биеэ хөнгөлөхөөр үдийн нар зулай голлох үед түр амсхийсэн юм. Хөдлөх болоход яруу найрагч Т.Дарханхөвсгөл маань “Өө, энэ тэмээ чинь нулимчихлаа. Шинэ дээлийг минь мялааж байгаа юм байх даа. Ямар аавын хүү болохоо харуулна аа” хэмээн сэвсээрээ будсан тэмээгээ арай гэж хэвтүүлж авлаа. Хөвсгөл маань дээлэндээ түүртэн түнтэр тантар хийн мордож амжаагүй байхад нь тэмээ өндийснөөс болж тэнгэрийн хаяа руу бараг шидэгдчихэв үү гэмээр пидхийн унав. Уг нь тэмээнийхээ бөхнөөс зуурсан ч тусыг эс олсон нь нөхдөө хөгжөөгөөд авлаа. Тэмээн дээрээс наран ойрхон гэдэг ч тэмээн дээрээс газар хол гэдгийг тэгэхэд мэдэрсэн байх. Харин яруу найрагч Н.Минжинсайхан “Ах минь биднийг эрхлүүлэх гэж л жин тээнэ гэдэг байж дээ. Бид үнэхээр эрхэлж байна шүү” хэмээн сэтгэл дүүрэн мишээгээд тэмээнийхээ бурантгийг сулд нь орхилоо. М.Наранболд найрагчийн унасан тэмээ тавхайгаараа газар алгадан явсаар жингийн тэмээдийг туйлуулсан тул жингээс хол явах даалгаврыг өглөө. Найрагчийн ижий Ц.Цэндсүрэн гуай, дүү А.Эрдэнэчимэг, А.Эрдэнэ-Од, А.Отгончимэг болон ах дүүс нь жин тосон ирэв. Хуучин цагт жинчдийн гол хүнс адууны мах, боорцог байсан юм билээ. Тэр утгаараа адууны мах, боорцог, халуун цай тэргүүтнээр жинчдээ цайллаа.
Үдийн наран баруунтаа таширлах үеэр жин хөдлөхөөр болж миний баруун хойд талд пидхийн унах сонсогдов. Эргээд хартал яруу найрагч О.Цэнд-Аюуш тэмээн дээрээ мордох гэж байтал тэмээ нь өндийж мань эр газар тэврэн тэр их нүсэр чимээ гарган, нэг үгээр хэлбэл тэмээндээ өвдөг шороодсон нь тэр ажээ. Яруу найрагч Г.Лхагвадоржийн тэмээний тохошны дөрөө уртадсан тул хамаг юм нь холгоод тун ч эмзэг яваа нь мэдрэгдэнэ. Харин хэзээний наргианч Б.Жамбалдорж цэнхэр дээлийнхээ хормойг дэрвэтэл тас тас инээд алдан, нэрт дуучин П.Адарсүрэнгийн
“Сонихон зэргэлээт говь минь
Солонгын долоон өнгөтэй дээ хө
Солбио хүрэн ат минь хө
Сарын газраа жонжоотой доо хө” хэмээн “Тэмээн дээрээс наран ойрхон” дууг сэтгэлийн угаас хөгжим мэт эгшиглүүлэх аж. Говийн их үд гэдэг ёстой л Монголын их амар амгалан санж. Харганы толгой салхинд сэрчигнэж, хааяа нэг туулай дэгдэн харайх бүрт тэмээд сортосхийн цочно. Идэр жинчид шинэхэн тул тэмээгээ даган цочиж харагдана. Өвлийн тэргүүн сарын жаварт халуун зүрхэндээ найрагч ахыгаа тэд тээж явлаа. Өдөртөө -25 хэм хүрч хүйтэрсэн ч сэтгэлдээ нартай яваа нь бүгдийнх нь инээмсэглэх царайнаас тодрон харагдана. Тэшин жонжин алхах тэмээн жингийн тэргүүн эгнээнд Эрдэнэ-Очир агсны дүү Арлааны Хосбаяр гэж хүрэн бор царайнд говийн наран шингэсэн хөрстэй бор залуу яваа бол араас нь хүргэн нь болох Ц.Алтанболд гэж үнэн яриасаг өндөр шар залуу, Ж.Чулуунбаатар, Дорноговь аймгийн музейн ажилтан Г.Гантулга гээд чонон дах, нэхий дээл өмсч, бугуйл зүүсэн жинхэнэ монгол эрчүүд жинд хүч нэмэн явсан юм. МҮОНР-ийн сэтгүүлч Эрдэнэбат М.Наранболдын тэмээг түр унахаар болов. Хэсэг яваад бурантаг шилжүүлэх болж мань эр тэмээн дээрээс лаг хийтэл хүчтэй газардан дөрвөн хөллөчихлөө. Эргэж харснаа тэмээнээсээ эмээсэн үү, цаашаа тэр чигээрээ мөлхөж яваад эгээтэй л өөр тэмээний гэдсэн доогуур орчихсонгүй.
“Миний цуглуулсан хорвоо” номын жингээс өмнө манай улсад хоёр удаа ном, соёлын жин тээж байсан гэдэг. Тэр утгаараа мартагдах дөхсөн соёлыг түгээх, Улаанбадрахын хүүхдүүдэд номын гэгээ түгээхээр тэмээнийхээ тэвэр дүүрэн бөхийг нь налан жавар сөрөн явж байгаа нь энэ. А.Эрдэнэ-Очир ахын минь хүсэл энэ байсан юм. “Айлын бараа хүний хүсэл дуудсан андуутай үнэн алаг зам”-аар нь найрагч дүү нар нь нар улдтал явцгаалаа. Жингийн цантай татлага дор 1800 ном ачаалсан нь Монголын утга зохиол, соёл, нийгмийн төлөөх 1800 гаруй хүний сэтгэлийг тээн очиж байгаа их нүүдэл байсан юм. Найрагч өөрөө тун ч хөгжөөнтэй хүн тул дүү нар нь ч мөн тэр занг нь өвлөн авчээ. Замын холыг туулахад юу эс тохиолдохов. Ямар сайндаа О.Цэнд-Аюушийн унаж явсан тэмээ эзнээ тэнгэр харуулан хилэгнүүлсэн учир “Зүрхний хилэн”, тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй гэдэг ч туйлсан тэмээ жинг үргээж саатуулсан тул Н.Минжинсайханы тэмээг “Цаг төрийн үймээн”, М.Наранболдын тэмээ “Цаг төрийн үймээн”-ий гол буруутан тул жингээс алсхан зай барьж явах даалгаврын хүрээнд “Гологдсон хүүхэн”, мөнхийн амгалан гэдэг шиг зохиолч С.Баттулгын тэмээ өөртэй нь тунчиг ижилхэн тул “Дөлгөөн дон” гэхчлэн тэмээд маань ийнхүү роман болж өргөжив. Ийн явсаар бидэнтэй өдөржин жин тээлцсэн наран нэг л мэдэхэд их говийн элсэнд ус асгах шиг жаргалаа. Харуй бүрий гэдэг тэмээдийн хувьд туйлах, үргэхээс эхлээд асуудал ихтэй. Асар, Басар хоёроо хараад хүртэл үргэх аж. “Тахиат хайрхан дөхөж байгаа болов уу” гэж харанхуйгаас бус харанхуйд тэмээ үргэх вий гэхээс айсан жинчин залуус зөөлөн зөөлөн ярьцгаана. Өнөө цагт тэмээг уналга эдэлгээнд ашиглах нь багассан тул заримынх нь тэмээг дөнгөж сургаад авч явсан юм. Тиймээс янз бүрийн ааш гарах гээд найрагчдыг сандаргана. “Тахиат” бол нэрт найрагч Арлааны Эрдэнэ-Очирын тоглож өгссөн газар. Тэмээ үргэх тул ёлтойх гэрэл ч гаргах эрх байсангүй. Тиймээс аргагүйн эрхэнд бууж хөтөллөө. Өдөржин тэмээний нуруун дээр явсан бидний бие буларчээ. Лхагваа маань үдээс хойш даарсан тул ямаан дах өмссөн түүнд хүндэдсэн бололтой түүртэж яваагаа хэлж байна. Заримдаа харганы үндэс нөмөрч унан, эргэж босоод хойшоо хөл алдаж байх жишээтэй. Ямартаа ч зорьсон газраа ирж халуун цай, чанасан мах, шөлтэй хоол идчихээд найрагч ахынхаа хэлж байсанчлан найргийн гал хөгжөөж шүлэг уншин загийн илчнээс их говийн амтыг мэдэрч, идэр хүйтний жавар уярааж, инээд бадраасан юм. Эхний өдөр 60 орчим км замыг туулан хоноглож байгаа нь энэ. Хурган болон сэгсүүргэн дээлтэй идэрхэн жинчид гал тойрон амарцгаалаа.
Өглөө нарны эртэд өндийцгөөв. Тэр шөнө хасах 35 хэм давж хүйтэрчээ. Жингийн даамал Т.Дашдэндэв дээлээ өмсөх зуураа “Чөмөгтэй эрчүүд л жин тээдэг юм. Эр хүн жинд явснаар илүү иртэй, чадалтай, зоригтой болдог. Өвөг дээдэс маань өдөр бүр хийдэг ажил нь тул дассан, сурсан байж. Харин та нар шинэ цагийн хүүхдүүд. Гэвч өдөр өдрөөр дасч, илүү эрэмгий болж буйг чинь хараад үнэхээр бахархаж байна. Анх та нарыг хотоос хөөрөөд гарсан энэ хүүхдүүд хэдэн км яваад бууя л гэх байх гэж бодож байлаа. Сайн явж байна” хэмээн урам хайрлахад нь хөгжицгөөлөө. Удалгүй жингээ хөдөлгөж, Асар, Басар хоёроо дагуулан том улаан нарны дор “Идэр жинчин”-г дуулсан шиг тайвуухан алхууллаа. Урьд өдрөө бодвол өнөөдөр 40 км зам явах тул бас ч гэж танагтай. Өнөө юм бүхний магнайд инээд алдан явдаг “чанга” дууч Жамбаагийн маань хоолой таг сөөгөөд хоножээ. Тэмээн дээр цэнхэр дээлтэй хүний ам хөдөлж байгааг харахаас юу ярьж байгаа нь огт сонсдохгүй байх юм. Ийнхүү өдрийн турш явсаар Улаанбадрах сумын төвөөс таван км-ийн наана “Нүдэн” хэмээх нөмөр ихтэй газар хонохоор боллоо. Эл бууц нь яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирын төрсөн газар нь байв шүү. Аяны тоосоо гөвж амжилгүй найрагч залуус Улаанбадрах сумын улаан буланг зорьсон нь тэнд “Миний цуглуулсан хорвоо” яруу найргийн утга уянгын цэнгүүнд оролцохтой холбоотой. Жинд явсан залуусын шүлэг Соёлын төвийг бүхэлд нь өртөөлөн түгж найрагчаа үгүйлсэн нутгийн зон олон нь нүдэндээ нулимстай дурсамж хэлхэн сууна лээ. Энэ үдэш найрагчийн хүү Цагаан-Уул албан ёсоор утга зохиолыг дэмжих “Арлааны Эрдэнэ-Очир сан” байгуулснаа зарлаж, цаашид хийхээр төлөвлөсөн олон ажил байгааг хэлж байв. Монголын Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг Дарь.Сүхбаатар номын дүүгээ дурсч нулимс дуслуулан дурсамж дэлгэлээ. Б.Ичинхорлоо, М.Саруулдалай, Ц.Буянзаяа нар он цагийн буурал хүрдийг буцаан Ээгийтэйгээ хамт өнгөрүүлсэн залуу насны домог шиг өдрүүдээ дурсана лээ. Ингэж л Улаанбадрах сумын нэгэн үдэш Эрдэнэ-Очироор дүүрэн амьсгалав. Сумын сургуулийн сурагчид “Хавар”, “Нар зөвийн эх орон-Миний Монгол” шүлгийг нь хоороор уншин олон ч хүний зүрх сэтгэлийг ёгхийлгээд авсан юм.
Идэрхэн жинчид гурав дахь өдрийнхөө өглөө эртлэн тэмээндээ номоо тээж аваад Улаанбадрах сумыг зорилоо. Сайншандаас гарахдаа тэмээний бөхнөөс тас зуурч, тэмээгээ хүнээр хөтлүүлж байсан О.Цэнд-Аюуш маань жингийн даамал Д.Дашдэндэвийг ааштай хүрэн аттай нь хамт хөтөлж яваа харагдлаа. Номын жин тээн ирж байгааг мэдсэн нутгийн зон олон гэрэл зураг татуулах, халуун цай дөхүүлэх зэргээр жинчдийг дэмнэн дэмнэсээр сумын төв рүү орлоо. Жин тээсэн залуу найрагчдаа тосон Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн дарга асан Цэнд-Аюушийн Буянзаяа, Монголын зохиолчдын эвлэлийн Гүйцэтгэх захирал Магван-Эрдэнийн Саруулдалай, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Дарь.Сүхбаатар, Д.Нацагдоржийн шагналт, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Баярхүүгийн Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Ванягийн Нэргүй, Сономын Чулуун нараас эхлээд сумын төвийн гадаах талбайг дүүртэл хүмүүс цуглаж, угтан тосч байна. Соёлын төвийн гадаа ирж жингээ отголуулахын өмнө “Идэр жинчин” дуу сумын төвийг бүхэлд нь цуурайлж, халуун итгэл шингэсэн харц бүр залуу найрагчдыг онож байв аа.
Өнө хожмоо дуурсагдах үнэт өв соёл, ном тээж ирсэн залуус сэтгэлдээ эрдэнийн очир мэт тээж явдаг найрагч ахынхаа хийж хэрэгжүүлэхээр зэхсэн ажлынх нь ард гарсандаа дүүрэн жаргалтай зогссон юм. Соёлын төвийн гадаах талбайд нэрт нэвтрүүлэгч Б.Гантигмаа “Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон Б.Явуухулангийн шагналт, “Болор цом”-ын эзэн, дэлхийн “Гарамгай яруу найрагч” өргөмжлөлт Арлааны Эрдэнэ-Очир анхынхаа хүслийг гүйцээж идэр жинчин баатрууд ирлээ” дуун сацруулагчаар зарлан тунхаглалаа. Нэвтрүүлэгч Б.Гантигмаа хоёр өдрийн турш залуу найрагчдыг өөрийн автомашинаар бүтэн дагаж явсан гэдгийг онцлох нь зүйтэй. Хүйтэн шөнө айл хот бараадалгүй идэр жинчдээ даган хамтдаа аяны жолоо хумьчихаад жин отголох газар ирээд биднийг угтан ийнхүү өргөмжилж зогсоо нь тэр ээ. Найрагчийн нутгийн зон олон халуун сэтгэл дэвсэн угтан авч, идэр жинчид есөн тэмээн дээрх 18 авдар номоо хүлээлгэн өгч, сумын номын санд нь яруу найрагч, зураач Г.Мөнхбаатарын урласан цээж баримлыг байршууллаа. Найрагчийн хүү Цагаан-Уул сумын сургуулийн Монгол хэл-уран зохиолын ангийг аавынхаа нэрэмжит болгон тохижуулж иж бүрэн компьютер, зурагт, ширээ сандал хандивласан юм. Хүн бүрийн сэтгэлд дурсамж үлдсэн гэдэгт итгэхгүй байхын аргагүй. Эр хүн шиг эр хүн, ах шиг ах явсан дөлгөөн найрагч Арлааны Эрдэнэ-Очирынхоо номын гэгээнд мөргөсөн дүү нарынх нь хайр мөнхөд оршихын утга ерөөж өндөрлөсү.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих