“Хэрэгтэн Аюуш биш, хэрэгт холбогдсон Аюуш байна аа” гэдэг шиг “60 тэрбумын хэргийн эзэн”, сонссоноороо буруутаж, С.Баяр, Д.Амарбаясгалан хоёрын даалгавраар түрүүлж дуугарсан, түрүүлж ажлаа өгсөн Ц.Сандуй “уушиг нээжээ”.
Яасан ч том уушигтай юм. Яагаад ч өдий хүртэл дуугарахгүй төрийг хүртэл гацаачихав аа, Ц.Сандуй? Тэр үед л “У.Хүрэлсүх ээ, чи хамт сонссон шүү дээ” гээд чирээд явсан бол иймдээ хүртэл хагараад Төрийн махны машин биш хуулийн машин ажиллаж байх байлаа шүү дээ.
“Шинэ Монгол хаад” гэдэг тэр байшинг мэднэ ээ. Хамтарч ажиллах тухай яриа эхлүүлсэн байан болохоор өрнүүлэх санаатай, Ц.Сандуйд уригдан очиж байлаа. Гэтэл А.Ганбаатар нь угтаж, хамтарч ажиллахгүй гэсэн. Ц.Сандуй зөвлөх найзынхаа үгэнд хөтлөгдөөд “Баяртай” гэсэн юм. Хаадын өргөөнд орчихсон харц арга байж уу гээд гараад алхчихсан. Холоос очоод ажигласан. Хоёр жилийн дараа “60 тэрбумын хэрэг” гэгч үүсч тэр байшин, тэр хүн хоёрыг сануулсан билээ. Тэгэхэд хамгийн түрүүнд А.Ганбаатарын үгэнд хөтлөгдсөн Ц.Сандуйгийн л дүр зураг нүдэнд буусан.
Тэгтэл Ц.Сандуй түрүүлж дуугарсан, 2016 оны зургадугаар сарын 24-нд. Энэ үеэр ярьсан зүйл нь ердөө л “Хоёр жил гаруйн өмнө Нийслэлийн МАН стратеги такикаа ярих хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Хэн алдаж, хэн бичлэгийг гадагш өгснийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэсэн юм. Хамгийн сүүлд өгсөн ярилцлагаас нь харахад С.Баяр, Д.Амарбаясгалан нар “ярь” гээд байсан аж. Ердөө маргааш нь буюу 2017 оны наймдугаар сарын 18-нд АТГ-т мэдүүлэг өгснийхөө дараа хэвлэлийнхэнд ярихдаа “Саяхан болтол би эвлүүлэг гэж бодож явсан. Цагдаагийн байгууллага ч тийм дүгнэлт гаргасан байсан. Харамсалтай нь Ц.Сандуй 60 тэрбумын хэрэг эвлүүлэг биш гэдгийг өөрөө МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр хэлсэн. Эвлүүлэг гэж хандаж, олон нийтэд хоёр гурван удаа мэдэгдэл хийсэндээ харамсч байна” гэж хэлсэн нь архивт бий. Бичлэгийг https://www.youtube.com/watch?v=z8BdGhWtANU эндээс үзэж болно.
Дараа нь 2017 оны наймдугаар сарын 17-нд А.Ганбаатар мэдээлэл хийсэн. Тэрбээр “Миний авч явдаг, миний өөрийн Шинэ Монгол хаад” группийн дөрөвдүгээр давхарт энэ уулзалт болсон. Энэ уулзалтад Г.Доржзодовын бичлэг дээр тавиад байгаа хүмүүс байгаагүй. Яагаад үнэхээр тэнд байсан хүмүүсийн дуу авиа гардаггүй юм бэ. Тэр уулзалтад Ц.Сандуй, У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов болон би байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тэнд байж сонссон У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ хамт хариуцлага хүлээж, үнэнээ хэлж сонссоноороо буруудахгүй байна вэ. Ц.Сандуйгүйгээр, Г.Доржзодов бид хоёрын хоёулхнаа ярьсан ярианаас эхлээд огт байгаагүй хүмүүсийн дуу хоолойг эвлүүлж хуурамч бичлэг үзүүлээд яваад байна вэ гэдэгт л харамсч байна” гэж ярьсан.
У.Хүрэлсүх “Бид “60 тэрбумын хэргийг дахиж сэргээн шалгаж байгаа. Үнэхээр тийм асуудал болсон бол хуулийн байгууллага шалгах ёстой” гэдэг байсан бол Засгийн газрыг огцруулах тухай хэлэлцэх үед “60 тэрбумын асуудал чинь үнэн шүү дээ” гэж хэлсэн. Яагаад У.Хүрэлсүх энэ талаар мэдэхгүй гэж. Хоёрын хоёр амьд хүн, цагтаа анд найз байсан хүмүүс нь У.Хүрэлсүхийг тэнд байсан гэж гэгээн дүрийг нь дүрсэлсэн фото зургийг хүртэл алдарт “60 тэрбумын схемийн” өмнө авхуулснаар гэрчлээд байхад, үнэн гэдгийг өөрөө нотлоод байхад нь шалгаж болохгүй гэж. Яагаад Г.Доржзодовын мөрөөдлийн төлөвлөгөөний тайлбарыг сонссон таван хүний хоёр нь хийсэн болж сонссон гурав нь бусадтайгаа ял тооцох болов?
Нийгэм, улс төрийн нөхцөл байдлын эмзэг, хямралтай үед Г.Доржзодовын бичлэг, эвлүүлэг ч бай, биш ч бай шууд итгэгдсэн. Нийгмийг өчигдөр төрсөн нярайтай зүйрлэвэл Г.Доржзодовын бичлэг шууд вирус болж өвдөөд үхэхэд хүргэсэн. Тэр вирус одоо төрд халдварлаад байна. Энэ нь гэмт хэрэг биш үү.
Гэтэл өнөөдөр М.Энхболдтой л тэмцээд байна. М.Энхболд тэнд байсан үгүйг дээрх хоёр хүний ярианаас гадна У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар баталж болох нь. Өөрөөр яаж ч тогтоож болно. Яагаад энэ “аудио зэвсгийг” М.Энхболдын эсрэг ашиглав гэдэг нь туйлын ойлгомжтой.
М.Энхболдтой хийж буй тэмцэл нь эцсийн эцэст Монгол Улсыг ШХАБ-д гишүүнээр элсүүлэхтэй холбоотой биш үү. Яагаад М.Энхболд “ҮАБЗ дээр ганцаарддаг” гэчихээд араас нь “ШХАБ-д элсэх асуудлыг УИХ шийднэ” гэв. УИХ шийдэх учраас УИХ-ыг тартал, ядаж нэр хүндийг нь эргэж босохооргүй унагах “акц” явагдаад байна уу? Үр дүнд нь Засгийн газар УИХ-ыг “удирдах”, намын дарга УИХ-ын даргын огцрох өргөдлийг өгүүлэх чухал байгаа хэрэг үү. Ц.Нямдорж сайд “Нэг хүний албан тушаалтай тэнцэх УИХ гэж байхгүй” хэмээн ивж мохоосноороо М.Энхболдыг улс төрөөс зайлуулахад хүчин зүтгэж байгаагаа илэрхийлчихсэн. Тэгвэл энэ нь Монгол дахь тогтолцоог өөрчлөх зорилготой холбоотой эсэх, улмаар УИХ тарж, Засгийн газар огцорч, тэр ч байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нэг хүний гарт атгагдвал түүний хор уршгийг хэн хүлээх вэ гэдэг талаар бодож үзсэн болов уу.
У.Хүрэлсүх “60 тэрбумын схем” гэгчийн талаар хамтдаа сонссоноо яагаад хэлэхгүй байна вэ. Ядахдаа яагаад энд Г.Доржзодовын дуу хоолой байхгүй байна вэ гэдгийг ч хэлэх “эрхгүй”, “зориггүй” болчихов. Тэгтлээ сүр дуулиантайгаар, хүлээлт үүсгэж зарласан МАН-ын Бага хурал “хоосон хонгио” дуугаргаад дууссан нь ямар учиртай байв. Өөрийнх нь удирдаж буй намаас хэдэн хүн М.Энхболдыг дагаж хурал хаях нь вэ гэдгийг харах гэж Бага хурал зарласан уу.
Тэртэй тэргүй МАН-ыг татан буулгах тухай Дээд шүүхэд бичиг оччихоод байхад МАН-ын дүрэмд өөрчлөлт оруулахаар Дээд шүүхэд хурлын шийдвэрийг хүргүүлсэн. Магадгүй үүнийхээ төлөө дараагийн удаад Дээд шүүхэд МАН-ын даргын нэрийг өөрчлөх асуудал очиж ч мэднэ. Удирдаж байгаа намдаа “олигархжсан”, “мафижсан” гэдэг маш аюултай үнэлэлт дүгнэлтийг өгч улс даяар зарлачихаад яагаад ганцхан хүнтэй хариуцлага тооцох гээд улайраад байна вэ. Тэр аюултай тоглоомоор тоглож байна. Улс орны эрх ашгийг хохироож, Төрийн ажлыг гацааж, ҮАБЗ нэг хүний гарт ч төвлөрч болохоор нөхцөл байдлыг үүсгэнэ гэдэг жижиг тоглоом биш. Ер нь аудио бичлэгийн автор, уулзалтын үеэр хамгийн их тайлбарлаж ярьсан Г.Доржзодовын яриа бичлэгт байхгүй нь, заавал Баянгол зочид буудалд болон гадаад нөхөртэй эмэгтэй гишүүний гэрт бүгж байсан нь ч аюулгүй байдал, аюултай тоглоомынх нь цаад зорилготой холбоотой байсан болов уу.
Ц.Сандуйгийн ярилцлагын дараа нэг л эрэлт, хүлээлт үүслээ. У.Хүрэлсүх, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын фото зургийн ард 60 тэрбумын схем харагдаж байхад яагаад У.Хүрэлсүх “Би тэнд байгаагүй, эвлүүлэг” гэж хэлэхгүй байна вэ. Мөн бол үнэнийг хэзээ өчих вэ.
У.Оргилмаа
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих