Г.Доржзодовын дэлгэсэн “60 тэрбум”-ын схемд МАН-ын цөөнгүй лидер нэр холбогдсон. Тус схемийг Доржзодовтой хамт танилцуулсан А.Ганбаатар нь 2017 оны наймдугаар сарын 17-ны өдөр хэвлэлийн бага хурал хийхдээ тэрхүү 60 тэрбумын схемийг танилцуулах хуралд Шадар сайд У.Хүрэлсүх, намын генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэж мэдээлсэн юм. Үүний дараа мань гурвыг төлөөлж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрхүү нэхэмжлэлд Шүүх ямар шийдвэр гаргасныг нийтлэв. Бидэнд аль эрт олдсон энэхүү Шүүхийн шийдвэрийг одоо гаргаж байгаагийн учрыг ч бас хэлье. Өчигдрийн сонинд нийслэлийн МАН-ын хорооны дарга асан Ц.Сандуйгийн ярилцлага гарсан. Тэр ярилцлагад “... Доржзодовын танилцуулсан 60 тэрбумын схемийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гуравт А.Ганбаатар бид хоёр үзүүлж, ярилцсан юм” хэмээн ярьжээ.
Тэгвэл Д.Амарбаясгалангаас нэхэмжлэлтэй Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт “...Хариуцагч А.Ганбаатарын хэвлэлийн хурал дээр нэхэмжлэгч Д.Амарбаясгалан нартай холбоотой хийсэн мэдээлэл нь үнэн зөв болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийн хэвлэлийн хурал дээр хийсэн мэдээлэл нь нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан байна гэж дүгнэх үндэслэлтэй. Иймд дээрх үндэслэлээр хэвлэлийн хурлын нэхэмжлэгч Д.Амарбаясгалантай холбоотой хэлсэн мэдээлэлд хэвлэлийн бага хурал хийн няцаалт хийж, уучлалт гуйж, нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг залруулахыг хариуцагч А.Ганбаатарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж Шүүх бүрэлдэхүүн дүгнэв” гэжээ. А.Ганбаатарт ирсэн Шүүхийн шийдвэр удахгүй Ц.Сандуйд ирэх нь бололтой. Яагаад гэвэл хүн гүтгэсэн хэргээр Шүүхийн шийтгэл авчихаад байгаа А.Ганбаатарын хууль бус үйлдлийг Ц.Сандуй сая давтлаа хэмээн нэр бүхий хүмүүс үзжээ.
Хүмүүс бүгдээрээ буруу сонсоогүй бол 60 тэрбумын схемийг танилцуулж буй 90 минутын бичлэг дотор “... ингэж л Хүрэлсүхийн гар хөлийг тасдана...” гэсэн яриа тууж явдаг байх аа. Хүрэлсүхийн гар хөлийг тасдах төлөвлөгөөг танилцуулж буй хурал дээр У.Хүрэлсүх нь өөрөө очоод сууж байсан юм байх даа. Нэгнийгээ ичгүүр сонжуургүйгээр гүтгэх, элэг доог болсон юмнууд ч болж байна даа. Удахгүй хэн нэг нь “...түүний хүн хөнөөж байхыг бид хамтдаа хараад зогсож байсан” гэж ярихав дээ.
Ч.БАЗАРГҮР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих