Одоогоос сар хагас гаруйн өмнө буюу 11 дүгээр сарын гуравны өдөр АНУ-ын аялагч Колин О’Брэди, Британийн армийн ахмад Луйс Рудд нар дэлхийн хамгийн хүйтэн цэг өмнөд мөсөн туйлыг алхаж туулах аяндаа гарсан юм.
Аяллын 53 дахь хоногт Америкийн иргэн Колин О’Брэди аяллаа амжилттай дуусгаж бариандаа оржээ. Тэрээр 1,482 км цас мөсөн замыг бусдын дэмжлэг тусламжгүйгээр орь ганцаараа туулсан дэлхийн анхны хүн болж байна.
Колин О'Брэди
О’Брэди аяллынхаа 47 дахь хоногт “би маш их ядарч байна. Өдөр бүр амь сорьсон эрсдэлтэй нүүр тулсаар байна” хэмээн хиймэл дагуулын утсаар ярьж байжээ. Хөл гараа хугалалгүй эсэн мэнд зорьсон газартаа хүрч, амжилттай барианд орсондоо маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.
Аялагч 53 хоногт өдөрт 12-13 цагийн турш 170 кг ачаа чирч тэсгэм хүйтэн, тэвчээр сорьсон эрсдэлтэй нүүр тулсан юм. Маш их жин хаясан бөгөөд нүцгэн биеэ харахаас ч аймшигтай хэмээн ярьжээ.
О’Брэди болон Рудд нар өмнөд мөсөн туйлын Ronne Ice Shelf цэгээс гарахаар төлөвлөж байсан бөгөөд цаг агаарын хүнд байдлаас болж хэд хэдэн удаа гараагаа хойшлуулжээ. Тэд хамгийн анх Чили улсад зочид буудалд танилцаж энэ оролдлогоо эхлүүлэхээр шийдсэн байна.
Өмнөд мөсөн туйлыг бусдын дэмжлэггүй алхаж туулсан анхны хүн О’Брэди тамирчин бөгөөд 2008 онд биеийнхээ ¼-ийг түлж байжээ. Эмч нар түүнийг дахин хөл дээрээ алхахад хүнд гэж хэлсэн ч түлэгдсэнийхээ дараа гурван төрөлтийн тэмцээнд орж дэлхийн долоон оргилд гарсан туршлагатай уулчин аялагч юм.
О’Брэдитэй нэгдэхээр болсон Британийн армийн ахмад Рудд дотны найз Хэнри Вөрслигийн гэгээн дурсгалд зориулж аяллыг эхлүүлжээ. Хэнри Вөрсли яг энэ замаар өмнөд туйлыг бусдын дэмжлэг тусламжгүй алхаж туулах аялалд гарсан ч барианд орохоос 50 км дутуу байхад амиа алдсан. Тиймээс Рудд сайн найзынхаа хүслийг гүйцэлдүүлж барианд орж тугийг нь зоохоор амь насаараа дэнчин тавьжээ. Руддын аялал хараахан дуусаагүй байгаа юм.
Луйс Рудд
Эх сурвалж: www.bbc.com
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих