18 настай, гагнуурчин охин Э.Уужимсэтгэлт Ерөнхийлөгчийн нэрэмжит “2018 оны шилдэг залуу ажилчин” шагналын эзэн болж 10 сая төгрөгөөр шагнууллаа. Тэрээр "Монгол ур чадвар 2018" гагнуурчдын тэмцээнд 2 дугаар байрт шалгарч, шилдэг гагнуурчин болсон юм.
Шагнал гардуулсны дараа гагнуурчин охин Э.Уужимсэтгэлт “Намайг урамшуулж, дэмжиж байгаа багш нартаа, мөн Ерөнхийлөгчдөө маш их баярлалаа. Цаашдаа ч гэсэн улам илүү хичээх болно. Мэргэжил эзэмшээд цаашдын ирээдүйгээ бүтээхэд нь шинэ үеийн залуусаа манлайлан, хөтлөх болно. Гагнуурчин бол эрэгтэй хүний мэргэжил гэж хүмүүс хэлдэг. Гэхдээ би хувьдаа мэргэжлийг эрэгтэй, эмэгтэй хүнийх гэж ялгаж болохгүй гэж боддог. Хүн өөрөө хичээж, мэргэжилдээ сэтгэл гаргах юм бол ямар ч амжилтад хүрч чадна. Мэргэжил бүхэн сайхан. Хамгийн гол нь тухайн хүн өөртөө итгэлтэй, хичээл зүтгэлтэй шантрахгүй л байх ёстой" гэв.
Х.Баттулга: Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Та бүхний өдрийн амгаланг айлтгая. Өнөөдөр маш их ач холбогдолтой шагналыг анхлан гардууллаа. Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн иргэдтэйгээ уулзах үеэр иргэд “залуучуудад ажил хангалттай олдох ч ажил хийх сонирхолгүй байна” гэсэн шүүмжлэлийг олон хэлж байсан.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар 2018 оны эхний байдлаар зөвхөн бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 25 мянга орчим байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь 25-34 насны залуучууд. Гэтэл Хөдөлмөрийн бирж дээр 35 мянган ажлын байрны зар гарсан байдаг юм байна. Ажил хийх хүслээ илэрхийлж бүртгүүлсэн ажилгүйчүүдийн тооноос ажлын байрны тоо даруй 10 мянгаар илүү байна.
Энд гарч байгаа гол бэрхшээл нь мэргэжлийн ур чадвар, хөдөлмөрийн эв дүй юм. Ажил олгогчид мэргэжилтэй ажилтан олдохгүй байгааг байнга хэлдэг. Манай боловсролын тогтолцоо хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн бодлого, төлөвлөлтийг тооцоололгүйгээр жил бүр ажилгүйчүүдийн эгнээг өргөтгөсөөр байгааг өөрчлөх цаг болсон. Үүний тулд мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байгаа нь үр өгөөжөө өгч байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд эрэлттэй мэргэжил эзэмшсэн хүн, дээд сургуулийг хамгийн түгээмэл мэргэжлээр төгссөн хүн хоёрын ажилд орох магадлал 99:1-ийн харьцаатай болжээ” гээд 18 настай Э.Уужимсэтгэлийн нэгэн адилаар эрхэлж байгаа ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргуун болж, ихийг хийж бүтээхийг залуучууддаа уриаллаа.
Itoim.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих