УИХ-ын нэгдсэн чуулган зургаа дахь удаагаа хойшилж байна. Үүнтэй холбоотойгоор Д.Хаянхярваа гишүүн байр сууриа илэрхийллээ.
Тэрээр “Аливаа асуудлыг шийдэхдээ хүчирхийллийн бус аргаар шийдэх ёстой. Ер нь яриа хэлцлийн замаар л шийдэх учиртай. Монголд жагсаал цуглаан хэрхэн хийдэг нь тодорхой болсон. Жагсаалыг хөрөнгөтэй хийдэг болсон асуудал юм. Өчигдрийн жагсаалаар М.Энхболдыг огцрохыг шаардаж байсан. Ер нь монголд бүх зүйл хуулийн хүрээнд явдаг байгаасай гэж бодож байна. Яагаад гэвэл сайн төрийн дээр хууль ноёлж байх ёстой гэдэг үг байдаг. Тийм болохоор бүх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэл зүгээр гэж харж байгаа. Нөгөө талаас ЖДҮХС-аас олгосон зээлтэй холбоотой асуудлыг нийгэм үндсэндээ орхигдуулж байна. Үүнийг хэрэг биш мэтээр орхигдуулж байгаад харамсаж байна. 100 орчим тэрбум төгрөгөөр Монголын олон өрхийн амьжиргааг дээшлүүлэх бололцоог алдагдуулсанд төр засаг анхаарал хандуулах ёстой гэж бодож байгаа.
Энэ асуудлыг он гараад шийдвэрлэх байх. Мөн хууль хяналтын байгууллага ч анхааралдаа авах байх гэж бодож байна. Өчигдрийн жагсаалд ирсэн хүмүүс хууль хяналтын байгууллагууд ажиллаж чадахгүй байна гэж байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллага ч үүнд анхаарлаа хандуулах болов уу гэж бодож байна. Төр засгийн болохгүй байгаа бүх зүйл ганцхан М.Энхболд гэдэг хүнээс хамааралтай мэт ярьж ойлгуулж байгаа нь өрөөсгөл юм. Өнөөдөр УИХ-д олон жил сонгогдсон хүмүүс нийгэмд болохгүй байгаа бүгдийг мэдэж байгаа. Тэд үүнийг засаж залруулахад юу хийж байсан бэ. Асуудлыг хуулийн дагуу шийдээд явахад юу болохгүй байгаа зүйлийг ярих ёстой. Хуулийн дагуу шийдэх боломжоо яагаад ашиглахгүй байгаа юм бэ гэдэг асуудал анхаарал татаж байгаа. М.Энхболдыг огцруулах гээд байгаадаа бус түүний цаана өөр зүйл агуулагдаад байна гэж харж байна. М.Энхболдын өмнөөс түүнийг ажлаа өгөх, үгүйг ярих ёсгүй. Тэр хүнтэй өөртэй нь холбоотой асуудал” гэж ярилаа.
С.Энх-Үжин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих