Цагаан хэрэмний өмнө нь далд байсан, Мин гүрний үед баригдсан нэгэн хэсгийг археологичид Хятадын умард хэсгийн Хэбэй мужийн нутгаас олж илрүүлсэн байна. Уань хотын нутаг дэвсгэрээс олдсон мөнхүү хэсэг 2007 онд уг бүс нутгаас олдсон Цагаан хэрэмний 19 жижиг хэсэгтэй төстэй бөгөөд энэ нь тэр бүхэн нийлээд нэгэн бэхлэлт байсныг нотолж буй гэнэ.
2000 гаруй жилийн тэртээгээс баригдаж эхэлсэн Цагаан хэрэм тус тусын цаг үе, үүх түүхтэй олон зуун хэсгээс бүтдэг аварга том байгууламж билээ. Тиймдээ ч олонх хүний боддог шиг бүх зүйл нь нүднээ ил бүрэн бүтэн, тасралтгүй үргэлжлэх урт хана хэрэм биш, харин одоо ч илрүүлж судлах зүйл ихтэй, олон тасалданги хэсэгтэй, зарим нь уул нуруу, ой хөвчийн дунд нуугдсан гайхамшигт бүтээл юм.
Дөнгөж олдоод буй дээрх хэрэмний хэсгийг шохойн чулуугаар барьсан бөгөөд уулархаг бүсийн хоёр толгодын дунд хөрс шороо, өвс ногоонд хучигдан нуугдсан байж. Хана нь хэдийгээр ихэд эвдэрч сүйдсэн ч ус зайлуулах хоолой, бэхлэлтийн цонх зэрэг нь танигдахаар бүрэн бүтэн байгаа гэнэ. Шинээр олдсон хэрэмний “тасархай”-г судалж шинжлэх ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: mn.cctv.com
Крилл монгол хэлний редакц
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих