Бөхийн өргөөг яаралтай нээх талаар дархан аварга Х.Баянмөнх, УИХ-ын гишүүн, Монголын үндэсний бөхийн холбооны шинэ тэргүүн Б.Бат-Эрдэнэ нар уулзаж, тохиролцоонд хүрснээ олон нийтэд зарласан. Тэд хэвлэлийн бага хурал хийлгэхээс гадна Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны үеэр өөрсдийн биеэр ард түмнээс уучлалт гуйсан байдаг.
Ингээд бөх сонирхогчид бөхчүүдийн түр зөвлөл байгуулсан аваргуудад итгэж удахгүй Бөхийн өргөө нээгдэх нь хэмээн баярлаж байв. Магадгүй энэ сарын 13-нд зохион байгуулагдах Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаан Бөхийн өргөөнд болж мэдэх байлаа. Харамсалтай нь, Бөхийн өргөө хэзээ нээгдэх нь дахиад тодорхой бус болов.
Учир нь өөрсдийгөө МҮБХ-ны хууль ёсны тэргүүн хэмээн зарладаг “Гацуурт”-ын босс, хөдөлмөрийн баатар Л.Чинбат тэргүүтэн аваргуудын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгджээ. Тодруулбал, дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нар Бөхийн өргөөг нээлгэх талаар Баянзүрх дүүргийн шүүхэд хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийг хүлээн авах боломжтой эсэхийг тус дүүргийн шүүхээс Л.Чинбат тэргүүний талаас тодруулахад татгалзсан хариу өгчээ.
Тэд “Х.Баянмөнх аварга дангаараа манай холбоог төлөөлөхгүй. Тиймээс татгалзаж байна” гэсэн хариуг Баянзүрх дүүргийн шүүхэд өгснөөр Бөхийн өргөөг нээх асуудал хойшлогджээ.
Б.ЗУЛ, ҮНДЭСНИЙ ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих