Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид ашигт малтмалын лиценц олгосон гэх асуудлаарАшигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэсийн дарга Д.Дашзэвэгтэй ярилцлаа.
-Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Хамарын хийд орчимд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани ашигт малтмалын лиценц эзэмшиж, үйл ажиллагаа явуулж байгаа гэх мэдээлэл гарах боллоо. Энэ ямар учиртай юм бэ?
-Дорноговь аймгийн Эрдэнэ, Өргөн сумын Хар тал нэртэй 25301 гектар талбайд 2007 оны наймдугаар сарын 3-ний өдөр АОЛК ХХК-д 12618Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны наймдугаар сарын 01-ний өдрийн шийдвэрээр олгосон байдаг. Уг хайгуулын талбай Хамарын хийдээс 7 км орчимд байрладаг, нүүрсний ашиглалтын лицензтэй.
Анх хайгуулын тусгай зөвшөөрлийг тухайн үеийн Дорноговь аймгийн Засаг даргын дэмжсэн бичигтэй олгосон байдаг. Учир нь тухайн үед мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хуулиар орон нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохдоо аймгийн Засаг даргаас нь санал авч, түүнд үндэслэн зөвшөөрөл олгодог байсан. Уг нь тухайн үеийн Засаг дарга нь олон хүн мөргөл хийдэг “Энергийн төв”, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх зорилттой Хамарын хийдийн ойролцоох талбай гэдгийг хэн хүнээ илүү сайн мэдэж байсан баймаар байна. Ашигт малтмалын газраас бол Засаг даргын саналыг үндэслэн хуулийн дагуу хайгуул болон ашиглалтын зөвшөөрлийг олгосон байдаг.
Ингээд 2007 оны арваннэгдүгээр сарын 15-ний өдөр АОЛК ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Оуяашиёоу ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байгаа юм. Оуяашиёоу ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг Ашигт малтмалын тухай хуулинд заасан хугацаанд төлөөгүй тул мөн хуулийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2009 оны наймдугаар сарын 3-ний өдрийн шийдвэрээр цуцлагдсан. Өөрөөр хэлбэл, ашиглалтын төлбөрөө төлөөгүй тул уг компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Гэтэл тусгай зөвшөөрлийг нь цуцалчихсан байх үед буюу 2014 онд Хамарын хийд орчмын нутгийг аймаг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байгаа юм. Ингээд Оуяашиёоу ХХК-иас тусгай зөвшөөрлийг нь цуцалсныг эсэргүүцэж, хууль бус хэмээн үзэж Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. Гэтэл уг асуудлыг шүүхээс хэлэлцэж, тусгай зөвшөөрлийн эрхийг нь 2017 оны 07 сарын 19-нд сэргээсэн.
Мөн Оуяашиёоу ХХК 2018 онд газрынхаа тусгай зөвшөөрлийг Даблью Эс ЖИ Эл ХХК-д бүхэлд нь шилжүүлсэн байдаг. Гэтэл Даблью Эс ЖИ Эл ХХК нь уг тусгай зөвшөөрлийн талбайгаас 8961.23 гектар талбайг хэсэгчлэн Олон ихт баян ХХК-д шилжүүлсэн. Тэгэхээр одоо Даблью Эс Жи Эл ХХК-д 16301.21 гектар талбайн хэмжээтэй газрын ашиглалтын зөвшөөрөл байгаа юм. Ийнхүү одоо тухайн талбайн тусгай зөвшөөрөл нь хоёр хуваагдчихсан, хоёр компанид байгаа гэж ойлгож болно.
-Одоогоор уг компанийн үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаанаас түр зогсоочихсон байгаа юм билээ. Ашигт малтмалын газрын тосны газраас лицензийг нь цуцлах боломж бий юу?
-Дорноговь аймгийн нутгийн удирдлагаас тус компанийн лицензийг цуцлуулах тухай бичиг, өргөдөл гомдол одоогоор ирээгүй байна. Тусгай зөвшөөрлийг хуулийг дагуу олгосон болохоор тухайн компанийн лицензийг цуцлах зөрчил байхгүй. Гэхдээ Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийг нь цуцалдаг цөөхөн хэдэн үндэслэл бий.
1. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын төлбөрийг заасан хугацаанд төлөөгүй бол
2. Хайгуулын болон уурхайн талбайг орон нутгийн нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөн олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид төлсөн бол
3.Тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын зардал нь хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байгаль орчны асуудал асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол
5. Хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон бол
6. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газар ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зүйл, заалт болон хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.
-Улсын тусгай хэрэгцээнд авсан бол лицензийг цуцалж болно гэж ойлголоо. Төрөөс нөхөн төлбөрийг нь төлөх шаардлага үүсэх үү?
-Тийм. Улсын тусгай хэрэгцээнд авсан тохиолдолд нэг жилийн дотор нөхөн төлбөрийг тухайн компанид төлөх ёстой байдаг. Гэтэл улсын тусгай хэрэгцээнд авах үед нь тухайн компанийн лиценз цуцлагдсан байсан. Харин одоо лицензийг нь цуцлуулъя гэвэл төрөөс хэдэн тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлөх шаардлага үүснэ. Учир нь Ашиглалтын тусгай зөвшөөрлийн зардал маш их байдаг. Хайгуул явуулж, геологийн судалгаа хийсэн гээд бүх зардлыг тооцоолж төрөөс төлөх ёстой болно. Компанийг хохиролгүй болгох хуулийн заалт бий. Төсвийн хүндрэлтэй үед ийм боломж хомс болов уу.
-Өөр талбайг дүйцүүлэн олгож, шилжүүлэх боломж бий юу?
-Тухайн талбайн лицензийг цуцлуулаад өөр газарт дүйцүүлэн олгох боломж бий. Үүний тулд тухайн орон нутаг компанитайгаа ойлголцоод, АМГТГ-руу хүсэлт гаргавал өөр хайгуулын талбайг дүйцүүлэн олгож болно. Гэхдээ үүнийг Засгийн газрын шийдвэрээр батлах ёстой. Хайгуулын лицензтэй үед өөр хайгуулын талбайг дүйцүүлэн олгоход хүндрэл бага гарна. Харин ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үед ашигт малтмалын хэмжээ нөөц тогтоогдсон, үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байдаг тул өөр талбайгаар дүйцүүлэн олгохыг компаниас зөвшөөрөх нь ховор байдаг.
С.Цэрэндэжид
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих