Нэг л их цагаан сар яаж тэмдэглэхийг заасан хүмүүс. Монгол мөн эсэх, монголд байдаг эсэх нь үл мэдэгдэх хүмүүс нүдэнд эвэр утгатал муу үг тараах юм. Хүмүүс хэр чинээгээрээ л тэмдэглэнэ. Сүүлдээ мөхсөн манж, үхсэн хятадын баяр болж, идээ ундаа, айраг цагаа, дээл малгайнд ч амны бузар орох шинжтэй болоод явчихлаа. Өнгөтэй өөдтэй юм ч өмсөж зүүх, дээжилж хүртэхээс эргэлздэг боллоо. Ийм бэлгэгүй, хар санаагаар сар шинэ угтах ч дээ... Монголд тэмдэглэж, монголчууд хийж байгаа бол Монголын л баяр. Дээл, гутал, хөөрөг нь манжийнх, архи, малгай нь оросынх, ул боов, уншуулдаг ном, ёс заншил нь төвдийнх, еэвэн, цуу нь хятадынх, салат нь францынх, ааруул нь гурилтай, мах нь антибиотиктой. Монголын гэх цагаан юм үлдэж байна уу?
Ер нь олны сүү шиг сэтгэлийг ээдүүлж байгаа энэ хар санаа л цагаан сарыг маань гутаана шүү! Ийм бэлгэтэй хүмүүс ирэх жил яаж сайхан сэтгэл амар амьдрах вэ? Хавар, намар тэмдэглэдэг байсан л гэнэ, 12 жилийн олонх монголд байдаггүй л гэнэ. Мэдэмгий нь худгийн мэлхий мэт, цус нь хүйтэн.
Гэтэл энэ Монголын цагаан сарыг яг бидэн шиг тэмдэглэдэг үндэстэн дэлхийд байхгүй, бид л ингэж тэмдэглэдэг. Монгол хүн монголынхоо баярыг бэлгэ ерөөлөө бодоод сайхан тэмдэглэчихнэ. Бэлгэ нь бэлгэ эрхтэндээ орчихсон, үнсэж үнгэх алиа завхай яриа, үнэ цэнэтэйг гутаах ядуу гуйранч хорсол, хүний хоттой мал, тогоотой бууз, түрийвчтэй мөнгө рүү өнгийх хорон шунал, өөрт байхгүй бусдад байлгахгүй гэх атгаг санаа, өөрөө баярлахгүй бол бусдыг баярлуулахгүй гэх харь сэтгэл эцэстээ цагаан сарыг тэмдэглэхгүй байх тухай галзууралд хүргэж байна. Бүдүүлэг, хоцрогдсон орхивол таарна ч гэж байна. Ийм бэлгэгүй муу муухайг боддог хүмүүс өөдтэй өнгөтэй явдаггүй юм аа...
Зул барихдаа хүртэл муу шингээхгүй гэж амьсгаагаа татдаг ард түмний дотор ямар гээч юм шүглэчихээ вэ? Муухай харах ч нүдний хортой гэж цээрлэдэг монгол хүн хаачив? Холдохын хэрээр монголоо муулах дон хаанаас вэ? Ийм хүмүүс зүгээр холхон, чимээгүй байж үз ээ, бид баярлах гэж байна! Сайхан ч баярлана.
Булган малгай асааж, торгон дээлээ өмсөнө. Савхин гутал жийж, хоргой даалин барина. Олон давхар идээ засаж, данагар ууц, шаргал өвчүү тавина. Далайн чанадын үнэтэй архи хүртэнэ. Хөлдөөсөн айргаа гэсгээж, луут вааранд бялхуулж, хул хулаар сөгнөнө. Мөнгөн аяга давхарлаж өрнө. Үнэтэй хийцтэй хөөрөг зөрүүлж, шинжинэ. Хүүхнүүд алт сувдаар гангарч гайхуулна. Хөдөө мөнгөн тоногтой эмээл хазаараа тохно, сайн морио унана. Хотод машинаа засаж, чадвал солино. Овоонд гарна. Хөгшиддөө хамгийн том мөнгө барина. Бэлгээ ч авна. Инээж наргиж, ирэх жилийн өнгөө засаж, сэтгэлээ засна. Нэгнээ ямар явааг харж, ярьж чадуу яваадаа баярлаж, ядарч байгаадаа туслана. Хүн бүр, айл бүхэн өнгөтэй өөдтэй харагдахын тулд хичээж бэлтгэнэ.
Лам зална, буян дуудаж даллага авахуулна. Битүүлнэ, хар хорыг дарах догшидоо тахина. Сайныг бэлгэдэж бурхандаа мөргөнө. Зул барьж, цайгаа дээжилнэ.
Даага далантай, бяруу булчинтай... гэж ирээд л дандаа сайн үг ярина. "Ча гэх ямаагүй,ту гэх нохойгүй" гэлцэх байх, гэвч Монголын 70 сая, таван хошуу мал өнтэй орохыг бэлгэднэ. Бид хоцрогдсон малчид л байгаа биз. Монголчууд ингэж л баярладаг...
Харагтун, атаархагтун!
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих