БНХАУ-д суугаа Канадын Элчин сайд Жон Маккаллумыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо бямба гарагт мэдэгдэв.
“Huawei” компанийн өндөр албан тушаалтныг шилжүүлэх хэргийн талаархи санал зөрөлдөөн бүхий мэдэгдлүүдийг Ж.Маккаллум хийсний дараа энэхүү шийдвэр гарсан юм.
Канадын Ерөнхий сайдын мэдэгдэлд, “Би Ж.Маккаллумаас үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийг хүссэн” хэмээн тэмдэглэсэн байсан боловч шалтгааны талаар дурдаагүй байжээ. Мөн тэрбээр, Канадын Засгийн газарт 20 жил ажилласан Ж.Маккаллумд талархал илэрхийлээд, Канадын Бээжин дэх Дипломат төлөөлөгчийн газрын дэд дарга Жим Никелийг Элчин сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.
Ж.Маккаллум энэ долоо хоногийн мягмар гарагт “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг шилжүүлэн авах АНУ-ын хүсэлт бол ноцтой алдаа юм гэж мэдэгдсэн бол лхагва гарагт буруу зүйл ярьснаа хүлээн зөвшөөрөөд, түүний хэлсэн үг эргэлзээ төрүүлсэнд харамсаж буйгаа илэрхийлсэн байна. Харин баасан гарагт тэрбээр, “АНУ хүсэлт гаргахгүй байх нь Канадад ач тустай” гэж мэдэгдсэн ажээ.
Өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр М.Ваньжоуг АНУ-ын хүсэлтээр Канадын Ванкувер хотоос баривчилсан нь Канад-БНХАУ-ын харилцаа хурцдахад хүргэсэн билээ.
Энэ сарын эхээр БНХАУ-ын шүүх Канадын иргэнд ногдуулсан 15 жилийн хорих ялыг хэт хөнгөн хэмээн үзэж, түүнд цаазын ял ногдуулсан юм. Мөн М.Ваньжоуг баривчилсаны дараа Канадын хоёр иргэн БНХАУ-д баривчлагдсан байна.
Зарим ажиглагчийн үзэж буйгаар, БНХАУ дээрх иргэдийг баривчилсан явдал нь М.Ваньжоуг баривчилсаны хариу арга хэмжээ аж. Гэсэн хэдий ч энэ мэдээллийг БНХАУ-ын эрх баригчид үгүйсгэсэн юм.
Үүний зэрэгцээ АНУ М.Ваньжоуг шилжүүлэн авах албан ёсны хүсэлтийг Канадын эрх баригчдад тун удахгүй гаргах төлөвтэй байгаа ажээ.
Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд, “Huawei” компанийн санхүү хариуцсан захирлыг баривчлах хүсэлтээ цуцалж, шилжүүлэн авах хүсэлт гаргахгүй байхыг АНУ-д уриалсан билээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих