Наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг буулгасныг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн морин цагт Богд хааны ордон музейд холбогдох байгууллагын төлөөллүүдэд гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг хүрэлцэн ирсэн зочдод сонордуулсны дараагаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх хатагтай Ц.Хулан зарлигийг холбогдох байгууллагын төлөөллүүдэд гардуулсан юм. Үүнд: Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Шинжлэх Ухааны Академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Архивын Ерөнхий Газрын дарга С.Энхбаатар, Монголын бурхан шашинтны төв, Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Монголын Үндэсний Номын Сангийн захирал Б.Ичинхорлоо, Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар нар зарлиг гардаж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, ойн хүрээнд авах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон байна. Эдгээр арга хэмжээ үйл ажиллагаанд Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүхэн гавьяаг мөнхжүүлсэн дурсгалын цогцолборыг Богд хааны ордон музейн дэргэд байгуулах, наймдугаар Богд Жавзандамба хутагтын түүх, Монголын төлөө явуулсан үйл хэргийн түүхэн болон улс төрийн ач холбогдлын талаар олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, наймдугаар Богд Жавзандамба хутагтын дурсгалд зориулан кино бүтээх, наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, түүхэн замналын талаарх судалгаа, баримтуудыг нэгтгэсэн эмхэтгэл бүтээх зэрэг багтжээ. Мөн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг угтаж санаачлан сэдэх, бүтээн туурвих, ахих дэвжихийн идэвх гаргаж, бүх нийтийн ариун үйлс өрнүүлэн ажиллахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалжээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих