Билэгийн тооллын шинийн нэгний өдөр энэхүү түүхийг бичих ёстой байж... "Монгол Тулгатны 100 Эрхэм" хэмээх төслийг санаачлан хийхээр болж, төслийн гүйцэтгэгчээр Хэро-г авч, Лхагваа ахыг төсөлдөө урьж, хамтран хөтлөхөөр болж билээ. 2011 он... Төслийн маань тулгын гурван чулуун ийн бүрдэж, бид олон түүхийг сийлж, амаргүй даваа, баяр хөөр, гуниг сүүдрийг хамтдаа давсан.
Олон хүмүүний түүхийг бичсэний дотроос миний хувьд, хамгийн амаргүй дугаар Лхагваа ахын өөрийнх нь дугаар байсан юм. Яагаад гэхээр би түүнийг дэндүү сайн мэддэг, мэдэрдэг байсаан. Дэндүү мэддэг зүйлээсээ хүн халгадаг юм билээ. Монгол улсын ерөнхийлөгч асан Н.Энхбаярын дугаарыг бичих гэж, Солонгос улсыг зорих гээд, хоёулаа монголын хилээ гарчихсан сууж байтал Лхагваа ах гэнэт л " заа Ану минь би буцлаа, чи залуу хүн чамд алдаж онож, түүнийгээ давж даах нас бий, би үүнд чирэгдээд яахав, их хүнд дугаар. Чи яагаад амьдралаа хутганы ирэн дээр тавихаас айхгүй байгаа юм?" гээд буцчихаж билээ. Миний бие сөүлд очиж хэсэг ярилцлага авсаны дараа ах минь араас ирэн бидний улаан сандал дүүрч, хөндүүртэй урт ярилцлага хөвөрч билээ... Намайг бодож, өрөвдөн хойноос ирсэн болов уу гэж хожим ухаж, зүрх хайлдаг юм... Үнэхээр ч энэ дугаарыг бүтээсний дараа орон шоронд ороогүй ч, мөрдөнгийн үүд сахиж, сонин сайтны нүүрээс салахгүй л хүнд өдрүүдийг туулсан юм. Тэр жилийнхээ цагаан сараар, Лхагваа ахдаа золгох гэж ороод, энгэрт нь наалдаж нэг их уйлж билээ...
" Амьдралаа хутганы ирэн дээр тавьлаа" хэмээн түүний хэлсэн үг орой руу орж, зүрхэнд шигсэн. Хийж бүтээх их хувь ч түүний төлөө хүн ихийг туулдаг юм байна...
Ах минь... Улаан сандал дээр зэрэгцэн суусан хөтлөгч минь дээ... Та бидэн хоёр хамгийн сайхныг бүтээгээгүй байж болох. Гэхдээ л нэгэн сайхан жимийг зурайлгаж, нижгээд хүнийг мөнхөлсөн юм шүү! Хүйтэн хатуу үгсийг хайргүй мэт чулуудчихаад төд удаан байлгүй тэвэрч өмрөөд аргаддаг таныгаа би дэндүү мэдэрдэг байсан...
Улаахан сандал дээрээ зэрэгцэн суугаад алдаж байснаас, арайхан зайтай болж мөрөө хөөж байсан минь, магад энэ өдрийн бэлтгэл байсан юм уу даа...
Монголын үгийн урлагийн ноён оргил та минь Мөнх тэнгэрээ дагшин морил доо! Та бид хоёрын хамтдаа дүр, та бид хоёрын хамтдаа жаргал, Бидэн хоёрын хамтдаа зовлон хэдэн мянган бээрийг эзлэх уртын урт хальсанд үүрд мөнх үлдсээн... Хайртай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих