УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нар өчигдөр МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатарыг хулээн авч уулзлаа. Эдийн засаг хүндэрсэн үед ард иргэдийн цалин, нийгмийн хамгааллын зардлыг бууруулах бус нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газар баримталж ажиллах ёстой гэдгийг МАН-ын бүлэг болон МҮЭХ-ны удирдлагууд хэлж байна.
Уулзалтын эхэнд бүлгийн дэд дарга Д.Оюунхорол "Эдийн засгийн хямралын хор уршгийг ард иргэд алхам тутамдаа мэдэрч байна. Инфляцийн түвшин 12.5 хувьд хүрч, төгрөгийн худалдан авах чадвар 33 хувиар уналаа. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өсч, ам.долларын ханш 1838 төгрөгт хүрч, бизнесийн орчин улам муудаж байна. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн эхний 10 хоногт "Изинис эйрвэйз" компани дампуурч, 350 хүн ажилгүй боллоо. Оюутолгой компани 250 ажилтнаа цомхотгосон тухай хэвлэлээр зарлаж байна.
Улсын хэмжээнд 68700 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний 707 нь бүрмөсөн үүдээ барьж, 22700 нь үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоожээ. Том аж ахуйн нэгжүуд ажилтнуудаа цомхотгож эхэлж байгаа нь эдийн засаг хүндэрсний хамгийн том дохио. Эцсийн дүнд иргэд, аж ахуйн нэгжүүд хохирч байна. Манай бүлгээс цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан 30 хувиар нэмэгдүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байгаа. Засгийн газар төсвийн гадуур их хэмжээний мөнгө эргэлдүүлж олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн ч ард иргэдийн амьдралд мэдрэгдсэнгүй" гэв.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар төсвийн тодот-голын хүрээнд урсгал зардлыг танах чиглэлийг баримталж байгааг буруушаасан. Тэрбээр эдийн засгийн хүндрэлтэй үед хүмүүсийн цалин, орлогыг бууруулах, ажлын байрыг цөөлөхөөс аль болох татгалздаг олон улсын туршлага байдгийг ч энэ үеэр сануулсан юм.
ӨДРИЙН ШУУДАН
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих