Дэлхийд алдартай Forbes сэтгүүлээс хамгийн бүдүүлэг жолоочтой дэлхийн арван хотыг нэрлэжээ. Тэдгээрт Энэтхэгийн Калькутта, Мумбай, Пакистаны Карачи, Нигерийн Лагос хот эхний тавд жагсав. Харин дөрөвдүгээрт манай Улаанбаатарын гудамжинд түгжрэн зогсдог жолооч нар эрэмбэлэгджээ.
Цонхоороо хог, тамхины иш, нус цэрээ хаяхаас эхлээд урсгал сөрөх, уурлаж хашхирах, бусдыг доромжлох, бууж ирээд зодолдохдоо ч сийхгүй “хүнд гар”-уудын хөдөлгөөний соёл биднийг дэлхийд ингэж харууллаа. Эгнээ байр булаалдах, эргэж шаралхаж шахах, эрийн сайн, эмийн муухайгаа үзэлцэх бол энүүхэнд. Цусанд нь булгилдаг омогшлоо иргэншлийн өмнө гээж амжаагүй байгаа монголчуудын үнэн төрх энэ л дээ. Онгироо зангаас үүдэлтэй эдгээр бүдүүлэг үйлдлүүд нь хараар тэмдэглэх үнэлгээнд “айрагдлаа”. Зөвхөн хотын гэлтгүй хөдөө хязгаарт жолооны хүрд мушгигч нөхөд ч наад захын хөдөлгөөний соёлын талаар ярилтгүй, таг харанхуй хүмүүс байдаг.
Муу нэрийг хусах, сайн нэрийг хүсэмжлэх үүднээс хэрхвэл зохилтойг цөсөө хөөргөж, цэц булаалдалгүй ярилцах цаг хэдийн болжээ. Ингэхийн тулд сургалтын хөтөлбөрөөс эхлэх нь зүйд нийцтэйг албаны хүмүүс ч хэлж байна. ЦЕГ-ын Бүртгэл мэдээллийн төвийн мэргэжилтэн Н.Пүрэвдорж жолооч нарын бүдүүлэг үйлдлийг жолооч бэлтгэх хөтөлбөрөөр засаж болох саналыг хэллээ. Мөн тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн М.Мөнхгэрэл жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм зөрчдөг, ёс зүйгүй үйлдэл гаргадаг, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх чадваргүйг манай жолооны сургалтын хөтөлбөр маш муу байдагтай холбон тайлбарлаж байна.
Монгол Улсад 339 жолооны дамжаа үйл ажиллагаа явуулж буйн 169 нь нийслэлд, 170 нь орон нутагт жолооч бэлтгэж байна. Жилд дунджаар 69 мянган хүн дамжаа төгсөж, өнөөдрийн байдлаар 1.2 сая хүн жолоодох эрхийн үнэмлэх авчээ. Тэднээс замын хөдөлгөөний дүрмээ мэддэг нь хэд байгаа бол. Жолооч мэргэжил бус мэргэшил болсноос хойш хэд нь төгссөн бэ гээд судалбал дийлэнх нь 45 хоногийн дамжаа дүүргэж, дадлагашжээ.
Бүр сурахгүйгээр үнэмлэх гардчихсан хэсэг ч бий л байх. Жолооны дамжаанд бүртгүүлж, сурсан болоод шалгалтад ордог үзэгдэл ч хаа сайгүй байдгийг энд нуух хэрэггүй. Тэндээс л ёс зүйгүй, замын хөдөлгөөний дүрмээ мэддэггүй, анхан шатны тусламж үзүүлэх чадваргүй хүмүүс жолооны хүрд залж явна. Эргэн тойрныхоо жолооч нараас замын хөдөлгөөний тестийг хэдэн хувьтай зөв бөглөх вэ гээд асуучихвал ташраараа эргэлзсэн хариу хэлэх биз. Хүний эрүүл мэндийг сахин хамгаалагчдаа зургаан жил бэлтгэдэг атлаа хүний алтан амь насыг хэдийд ч бүрэлгэхэд бэлэн нөхдийг 45хан хоногт сургаад жолооны ард суулгачихдаг маань дэндүү аймшигтай.
Сүүлийн дөрвөн жилд 2104 хүн зам тээврийн ослын улмаас амиа алджээ
Жолооч бэлтгэх үйл явцад хяналт тавьдаг тогтолцоо манай улсад огтхон ч алга. Сургалтын хөтөлбөрийг ХНХЯ хариуцаж, шалгах, үнэмлэх олгох үүрэг нь ЦЕГ-ийн Бүртгэл мэдээллийн төвд оногдож байна. Хяналтын тогтолцоог хоёр байгууллагын дунд ацагласнаас жолооны курст тавих хяналт сул байгааг албаныхан нуугаагүй юм. Үр дүнд нь мөнгө цагаан нүд улаан гэгчээр “алуурчин бэлтгэх дамжаа” хичээллүүлж байна. Сургалтын хөтөлбөрт наад зах нь эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцох талаарх үг, өгүүлбэр ховор. гадаадын сургалтын системд онцгойлон үздэг гэнэтийн шийдвэр гаргах чадвар буюу жолоочийн IQ-ийн талаар бүр ганц ч үг байхгүй аж. Тийм л учраас замын хөдөлгөөний дүрмээ мэдэхгүй, ослын үед орилохоос цаашгүй жолооч нарыг төрүүлж байна. Уг нь 2012 онд Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний стратеги боловсруулж, 2020 он гэхэд олон сайхан зорилтод хүрнэ хэмээн дэвшүүлж байсан сан. Тухайлбал, жолооч бэлтгэх, мэргэшүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, осол, гэмтэлд өртөгсдөд анхны тусламж үзүүлэх талаар сургалтад хамрагдсан хүний тоог 80 мянгад хүргэх, анхны тусламж үзүүлэх мэдлэг чадварыг насанд хүрсэн иргэн бүрт эзэмшүүлэх, зам тээврийн ослын улмаас хүн нас бардаг явдлыг 50 хувиар бууруулах зэрэг стратегитай байв. Харамсалтай нь, энэ бүхэн мөрөөдөл байж.
Жолооч бэлтгэх дамжаанаас суралцагч нарт ёс зүй, сэтгэл судлалын анхан шатны ойлголт өгдөггүй юм аа гэхэд дүрэм зөрчвөл бусдыг хөнөөх алуурчин болж хувирах, эс бөгөөс өөрөө ч үхэж, үрэгдэх аюул мөч, хором бүрийд ямагт ойрхон дагаж явдаг гэдгийг ой тойнд нь суулгах ёстой. Эс бөгөөс хүний амь эрсэдсэн зам тээврийн ослоор дэлхийд тэргүүлэх антирекордын мэдээг жил бүр сонсох болно.
Өнгөрсөн жил дүрмээ мэддэггүйгээс осол зөрчил гаргасан 25301 жолоочийн эрхийг хассан байна. Үүний дийлэнх нь урсгал сөрсөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон “зүйл ангитай”. Үүний цаана 25 мянган хүний амь эрсдэх муу ёр байсныг үгүйсгэхгүй. Сүүлийн дөрвөн жилд 2104 хүн зам тээврийн ослын улмаас амиа алдсан статистик байна. Энэ тоо цаг ямагт дайн тулаантай афганистанд арав гаруй жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэж байгаа америкийн цэргийн хохирлоос ч хол давсан тоо гээд бодохоор даанч гашуудалтай.
Зэвсэгт хүчний жишгээр бол бүхэл бүтэн хоёр дивиз шахам монгол хүний амь нас энх цагт ямар ч үнэ цэнгүйгээр үрэгдсэн байна гэсэн үг. Гуравхан сая атлаа жил бүр, хамгийн гол нь дайн хийж байгаагаас илүү ийм том хохирол амссаар байна гэдгээ бид хэрхэн ойлгож байгаа минь бүр ч бүдэг. Аймшигтай биш гэж үү!
Энэ олон алтан амийн дийлэнх нь жолоочийн, та бидний дэндүү хариуцлагагүй, бүдүүлэг, буруутай үйлдлээс болж хорвоогоос цаг бусаар буцаж байна гэсэн үг.
Үүний цаана төдий тооны айл гашуудал амсаж, хэчнээн хүн хагацал үзсэн бол оо. Цаашид “алуурчин бэлтгэх дамжаа” төгсөгчдийн буруугаас хэдэн хүн гашуун нулимс залгилхыг хэлж баршгүй. Саяхны жишээ гэхэд л сар шинийн баярын өдрүүдэд 10 хүн зам тээврийн ослоор амиа алдлаа. Мөн ЦЕГ-аас хийсэн судалгаагаар өнгөрсөн жил 562 хүний амийг авч одсон ослын бараг 80 орчим хувь нь зуны амралт тохиодог долдугаар сард гарсныг тогтоосон байна.
Нөгөө л бүдүүлэг жолоочтой ангилалд дэлхийд дөрөвт жагсаж байгаа улаанбаатарын жолооч нарын бас нэг сөрөг үзүүлэлт шүү дээ.
“Алуурчин бэлтгэх дамжаа” гэж детектив уран сайхны кино байдгийг мэдэх юм. Жинхэнэ утгаараа алуурчин бэлтгэж буй тухай өгүүлсэн урлагийн бүтээл л дээ. Харин жолооны курсуудын сургалтын хөтөлбөрийг өөрчлөхгүй бол “алуурчин бэлтгэх дамжаа” нэрнээс мөддөө салахгүй биз ээ. Талд морин дэл дээр дураараа давхиж явсан нөхөрт хүрд залуурдахыг заахын зэрэгцээ хүн чанараа цулбуурдах дадлага суулгаж гэмээнэ муу нэрийг хусаж, сайн нэрийг олюу.
Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих