Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн аймшигт хэргийг гурван шатны шүүхээр хэлэлцэж эцэслэн шийдсэн гэх боловч, маргаан дагуулсан олон асуудал эцсийн шийдлээ хүлээсээр байна. Хэргийг шалгасан цагдаа, тагнуулын хамтарсан ажлын хэсгийн удирдлага, бүрэлдэхүүн олон удаа солигдсон. Хамгийн сүүлд тэд 2015 онд анх Орхон аймгийн уугуул Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр баривчилж, шүүхээс тэдэнд 24-25 жилийн хорих ял оноосон билээ.
Тухайн үед шүүхийнхэн уг хэргийн захиалагчийг олж илрүүлэхийг ажлын хэсэгт даалгасан байлаа. Учир нь хэргийг захиалгаар үйлдсэн гэж шүүх үзсэн. Өөрөөр хэлбэл, захиалагчийг илрүүлж чадаагүй ажлын хэсгийнхний бүрдүүлсэн хавтаст материалаар хэргийн гүйцэтгэгч гэгдэж буй тэдгээр гурван хүнийг тийнхүү ялласан байв. Нөгөөтэйгүүр, гурван шатны шүүх хэргийг хаалттай хийсэн олон түмний дургүйцлийг төрүүлснээс гадна ээдрээ төвөгтэй, илэрхий зөрүүтэй баримт, мэдүүлгүүдийн талаар дараа нь прокуророос мэдэгдэж байсан ихээхэн эргэлзээ төрүүлээд байгаа юм. Мөн хэргийн цорын ганц гэрч буюу С.Зориг агсны хамтран амьдрагч Б.Булганыг шүүх хуралд оролцуулаагүй нь маргааныг улам хүндрүүлж байна. Дээр нь бас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар нь онц хүнд хэргээр шоронд хоригдож байсан Ц.Амгаланбаатарын худал мэдүүлгээр хэргийг шийдэж, биднийг хэлмэгдүүлсэн гэдэг гомдол байнга тавьж байгаа юм.
Гэтэл Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нь болохоор өнгөрсөн оны сүүлчээр М.Энх-Амгалан “Шүүхийн шийдвэр эцсийнх учир хэрэг хаагдсан. Хэн ч шүүж ярих эрхгүй” гэж мэдэгдсэний дараа удалгүй Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нь С.Зоригийн хэргийг шалгах ажлыг хэсгийг тарааж, зөвхөн цагдаагийн мөрдөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийг шинээр байгуулахаар болжээ. Тэгээд урьд нь тагнуулын байгууллагааас ажлын хэсэгт орж ажиллаж байсан болон цагдаагийнхнаас нийтдээ 13 хүнийг ажлаас халж, эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэргийг шалгахдаа процессийн алдаа гаргасан гэж үзээд бүгдийг нь дахин шалгахаар шийдсэн байна. Сар шинийн баярын өмнөхөн ажлаас халагдсан ТЕГ-ын мөрдөх албаны ажилтнуудаас гурван хүнийг нь баривчлан 48 цаг саатуулан шалгаж эхэлсэн гэх яриа ч олны чих дэлсээд авлаа. Гэхдээ мөрдөх ажиллагааны нууц гээд энэ тухай мэдээллийг цагдаагийнхан одоо таг дарж байгаа ажээ.
Энэ бүхний цаана С.Зоригийн хэрэгт шинээр үүссэн хэд хэдэн нөхцөл бүрдсэн нь тодорхой байна. Тухайлбал, С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн гол эзэн гэгддэг Ц.Амгаланбаатар нь хам хэрэгтэн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыгаа эртнээс зориуд бусдын ятгалгаар дарамталсан гэдгээ хүлээн өмнөх мэдүүлгүүдээсээ буцаж эхэлсэн байна.
Тэгвэл 21 жилийн өмнө Ц.Амгаланбаатартай хамт юм уу, эсвэл огт өөр хүмүүс С.Зоригийг алсан байх магадлалтай. Мөн Б.Булган нь тэдний чухам хэнтэй нь уулзаж, гэртээ мах чанан дайлж цайлж суув. Энэ мэт бүрхэг олон зүйлийг эхнээс нь дахин шинээр шалгаж эхэлсэн нь тодорхой болоод байгаа бөгөөд Б.Булган нь хамтран амьдрагч С.Зоригийн амийг хөнөөхөд ямар үүрэгтэй оролцов, хэрвээ худал мэдүүлэг өгч байсан нь үнэн бол ял сонсох уу гэх зэрэг олон таамаг, горьдлогоор өдгөө монголчууд энэ хэргийн талаар чих тавин чагнаж байна.
О.Баяр
Шуурхай.мн
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих