УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд "Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Үйлдвэр,
хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш,
шинжлэх ухааны доктор, профессор, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид,
фермерийн төлөөлөл оролцож бэлчээр ашиглалт, тулгамдаж буй асуудлаар
санал солилцлоо.
Бэлчээрийн мал аж ахуйд онц ноцтой
байдал үүсгэдэг байгалийн хүчин зүйл нь 5-7 жилийн давтамжтай тохиодог
ган, зуд байдаг байна. Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн
тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамлыг таслаж идүүлсний дараа
түүнд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг сэлгэх гэсэн бэлчээр
ашиглах алтан дүрэм байдгийг С.Жигжидсүрэн доктор илтгэлдээ дурдсан юм.
Мөн тэрээр бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэх,
бэлчээрийн газрыг төлбөр, урамшлын системд оруулах шаардлагатай байгааг
хэлж, бэлчээр ашигласнаас болж доройтдоггүй, харин буруу ашигласнаас
доройтдог гэлээ.
Жилийн дөрвөн улиралд таван төрлийн
малыг нэг нутагт бүгдийг нь маллаж байгаа нь буруу. Иймээс уламжлалт
бэлчээрийн аж ахуйг орхигдуулахгүй цааш нь үргэлжлүүлэн авч явах нь
чухал. Мөн аймаг, сум, орон нутгийн хилийн заагийг нарийвчлан
тогтоогоогүй байж бэлчээрийн асуудлыг ярих нь үр дүн муутай гэдгийг
хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв.
Түүнчлэн бэлчээрийн ашиглалт,
хамгаалалтын талаар дорвитой хууль гаргах шаардлагатай гэж оролцогчдын
зарим нь үзэж байсан бол бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагагүй,
Газрын тухай хуульд бэлчээр ашиглах талаар тусгаж өгөх нь зүйтэй гэсэн
байр суурьтай хүмүүс ч байсан юм. Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлж болохгүй.
Зөвхөн ашиглуулах хэрэгтэй. Хэрвээ эзэмшүүлсэн тохиолдолд бизнес болно
гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Мөн жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг
малчин хүний хөдөлмөр хүнд учир тэдний хөдөлмөр хамгаалал, ялангуяа
улирал улиралд тохирсон хувцастай байх асуудлыг ч хөндсөн юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=2983
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих