ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын хэрэг намжих шинжтэй болоод явчихлаа. Жирийн иргэнийхээ боломжийг хулгайлсан энэ асуудлаас болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуц-лага хүлээх ёстой байв. Гэсэн ч ганц хоёр сайдаа явуулаад л өнгөрөв. Мөн прокурорын байгууллагаас ЖДҮ-гээс зээл авсан дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх санал парламентад орж ирсэн ч ангийнх нь нөхөд хамгаалж авч үлдсэн.
Түүний дараа УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Б.Батзориг, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг яллагдагчаар татсан ч зарим нь ирж мэдүүлэг өгөхгүй, шалгалтад хүндрэл үүсэж байна гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдэж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Солтан яллагдагчаар татах дүгнэлттэйгээ ч очиж танилцаагүй байна. Тэгэхээр эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал энэ хүртэл өндрөө аваад намжиж магадгүй болчихлоо.
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тусгай сангуудад хийсэн шалгалтынхаа дүнг танилцуулсан байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЖДҮ-гийн асуудалд санаа тавьж, ганц л даалгавар өгсөн нь тусгай сангуудыг шалгах үүрэг байв. Өөрөөр тэр гараа ч хөдөлгөөгүй. Түүний даалгавраар Сангийн яамнаас ЖДҮ гэж онцолсонгүй, сангуудыг хавтгайруулан шалгасан юм.
Засгийн газрын харьяанд байдаг 29 санд ийнхүү шалгалт хийж, зармыг нь татан буулгах саналаа ч хүргүүлээд байгаа юм байна. Тэд ингэж олноор нь шалгаж, зөрчил дутагдал илэрсэн хэмээн сүр дуулиантай мэдэгдэхийн цаана ЖДҮ-гийн хэргийг бүдгэрүүлэх цаашлаад дараад өнгөрөх нэг арга яваад байх шиг байна. Уг нь олон нийт нэн тэргүүнд ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ямар хариуцлага тооцох вэ гэсэн хүлээлттэй байгаа.
Сангийн сангийн яамнаас энэ удаа ЖДҮХС биш Тариалан эрхлэлтийг дэмжих санг хамгийн их “ухаж” шалгасан гэдгийг салбарын сайд нь өөрөө хэлж байв. Тариаланг дэмжих сан 2018 оны есдүгээр сарын байдлаар хугацаа хэтэрсэн найдваргүй зээл 72 тэрбум төгрөгт хүрчээ. Түүний араас “Мал хамгаалах сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Боловсролын зээлийн сан”, “Авто замын сан”-г шалгасан. Шалгалтаар гурван сангаас нэгэн зэрэг зээл авсан зөрчил илэрчээ.
Мөн хоёр сангаас зээл авсан 319 аж ахуй нэгж байна. Эдгээр нь Монголбанкны зээлийн мэдээллийн санд тусдаггүй учраас зээлийн эргэн төлөлт нь тааруу, 130 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн өр үүссэн нь мөн тогтоогджээ. Түүнчлэн “Тариалан эрхлэлтийг дэмжих” сан байгуулагдсанаас хойш 16 мянган аж ахуйн нэгж хоёроос дээш удаа зээл авсан байна. Нэг сангаас нь зээл аваад нөгөө сангийнхаа зээлийг төлөх зөрчил ч нэлээд гарчээ.
Ийнхүү Сангийн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн шалгалт олны хүлээлтэд хүрсэнгүй. Төрийн өндөр албан тушаалтнууд олноороо их хэмжээний зээл авсан гэх ЖДҮХС-г ухаж шалгаагүй, тойрсон бололтой байна.
Т.Сайхан
“Зууны мэдээ”
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих