Энэ нийгмийн аюултай нэг сэдэв бол яах аргагүй хар тамхи, мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг байна. Аюултай гэхэд дэндүү аюултай анхаарал татаж буй. Үндэсний хэмжээнд онц ноцтой аюул тарьж байгаа цагаан тахал ч гэж нэрлэдэг.
Сүүлийн үед хагас тэрбумын үнэ өртэг бүхий хар тамхи хурааж авлаа, хадгалж, бусдад борлуулж байсан этгээдийг баривчиллаа гэсэн мэдээлэл гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд хар тамхи бусдад зарж борлуулахаар тээвэрлэж явсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнийг цагдаагийнхан хүч хэрэглэн дайчлан баривчилж, хэргийг шалгаж эхэлсэн байгаа юм. Бүр шүүхийн ажилтан хүртэл энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон байгаа юм. Мөн насанд хүрээгүй хүүхдүүд их уруу татагдаж байна. Нэг хэсэг нь сонирхож хэрэглэдэг бол нөгөө хэсэг нь их хэмжээний мөнгөтэй болох мөрөөдлөөр хар тамхийг бусдад худалдаж, дамжуулах зэрэг хууль бус үйлдлийг хийгээд байна. Эндээс харахаар хар тамхины хэрэг хамжааргагүй болж хяналтаас гарсан байгаа биз дээ.
Манай улсад орж ирж байгаа хар тамхины төрөл улам нарийсч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Сүүлийн үед гадаадын улс орноос илгээмжээр авч оруулж ирдэг арга илэрсэн.
Ер нь өнгөрсөн жилүүдийн статистик тоо харахад энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байгаа юм.
Өнгөрсөн 2018 онд бүтэн жилийн хугацаанд 199 хэрэгт 412 хүнийг холбогдуулан шалгасан байдаг. Энэ дунд насанд хүрээгүй хүүхэд ч цөөнгүй байсан. Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг насны ангиллаар авч үзвэл 18-35 нас залуус 80 хувийг эзэлж байсан. Хар тамхины хэрэг нь хохирогч байхгүй шууд холбогдогч, яллагддагчаар татдаг онцлогтой хэрэг. Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд “би хамт явж байсан, би татаж байгаагүй” гэж үгүйсгэдэг. Хар тамхийг зөвхөн хэрэглэсэн этгээд биш биедээ авч явсан буюу холбогдож байгаа бүх этгээдүүдийг хэрэгт холбогдуулан татаж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй.
Он гарсаар цагдаагийн байгуулага 59 хүнд холбогдох 24 хар тамхины хэргийг шалгаж байгаа аж. Энэ нь өмнөх онтой харьцуулахад нэлээд өссөн үзүүлэлт юм байна. Үүнтэй холбоотойгоор манай улсад үйлдэгдэж байгаа хар тамхины хэргийн нөхцөл байдал болоод энэ төрлийн гэмт хэргээс хэрхэн сэргийлж, тэмцэж байна вэ.
Уг нь хар тамхитай тэмцэх мэдээ мэдээллийг нэлээдгүй хүргэж байгаа боловч насанд хүрээгүй хүүхдүүд оролцох эрсдэл байна. Хүүхэд хэрэгт холбогдох шалтгаан эцэг эхийн хараа хяналт хайхрамжгүй байдалтай шууд холбоотой. Таны хүүхэд хаана хэнтэй нөхөрлөж, яаж явааг мэдэхгүй байснаас болж өнөөдөр хүүхэд тань гэмт хэргийн хохирогч, золиос болоод байна шүү дээ.
Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаа насанд хүрээгүй хүүхдүүдийг судлаад үзвэл аав, ээж нь ажилдаа анхаарал төвлөрүүлэх хугацаанд муу хүмүүстэй нөхөрлөх, түүнд уруу татагдах, бусдыг даган сонирхож, аливаа гэмт хэргийн гэрч болдог тохиолдол ч бий.
Мөн мансууруулах бодис гэж юу болох талаар мэдэж байгаа талаар хүүхэдтэйгээ ярилцах ёстой. Цагдаагийн байгууллага эцэг, эхчүүдэд танай хүүхэд хар тамхины хэрэгт холбогдсон гэхээр зарим нь үгүйсгэдэг. Цагдаагийн байгууллага биологийн шинжилгээгээр тогтоодог юм.
Цагдаагийн байгууллагын эх сурвалжийн хэлж буйгаар “Монгол Улсад ихэвчлэн канабис, мөс буюу ice гадаадаас орж ирж байсан ч саяхнаас LSD төрлийн бодис орж ирсэн тохиолдол илэрсэн байна. Мөс буюу ice, LSD, канабис гэх мэт төрлийн бодисыг хэрэглэсэн, тээвэрлэсэн тохиолдлуудыг илрүүлсэн. Эдгээр төрлийн бодисыг хүүхэд хэрэглэвэл биед нь шууд сөрөг нөлөө үзүүлнэ. Насанд хүрсэн 100 кг жинтэй хүн хэрэглээд 40 кг болох хүртлээ турсан жишээ байдаг. Бие эрхтэн буюу хумс, нүд, шүднээс эхлээд харлаад эхэлнэ. Гадаад байдал нь хүн харах аргаггүй болно гэсэн үг.
Хар тамхийг нэг удаа татаж хэрэглэсэн тохиолдолд хамгийн багадаа 60 хоног цусанд эргэлдэж байдаг. Харамсалтай нь Монгол Улсад хар тамхины эмчилгээ байхгүй. Зөвхөн хордлого тайлах эмчилгээ хийдэг. Тэгэхээр мансууруулах төрлийн бодист донтож байгаа хүмүүсийг 100 хувь эмчлэх арга байхгүй. Энэ төрлийн бодист донтоод гэртээ өөрийгөө боомилж, нас барсан хэрэг өнгөрсөн онд гарсан” гэлээ.
Хар тамхины хэрэглэгч нь ихэвчлэн мөнгөний боломжтой хүмүүс байдаг гэх. Гэхдээ боломжтой хүмүүс л хар тамхи хэрэглэдэг гэх нь өрөөсгөл ойлголт. Уг бодисыг хэрэглэхээс гадна бусдад дамжуулан худалдан борлуулж ашиг олох журмаар ч оруулж гаднаас оруулж ирсэн цөөнгүй тохиолдол байна.
Бүр тодруулбал, манайхан баячуудын хүүхэд энэ төрлийн гэмт хэрэгт холбогддог гэж ойлгодог. Гэтэл одоо энэ төрлийн гэмт хэрэгт бүх насныхан холбогдож байна. Хамгийн гол нь энэ төрлийн гэмт хэрэгт зөвхөн татсан хүн хариуцлага хүлээхгүй гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй байна шүү.
Насанд хүрээгүй хүүхдэд эцэг, эх болон сурган хүмүүжүүлэгч нь анхаарал тавих ёстой. Хэрэв сэжигтэй тохиолдол байвал эцэг, эхэд нь мэдэгдэх. Энэ төрлийн бодисыг бусдын нөлөөнд автаж хэрэглэхээс аль болох зайлхсхийж, эрүүл мэнддээ анхаарал тавихад эцэг эх, асран хамгаалагч, ангийн багш нь анхаарах ёстой юм.
О.Гэрэл
Оллоо.mn
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=29890
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих