Урь наашилж, өдөр уртассан энэ өдрүүдэд “Хаврын ядаргаа”гэх үг хүмүүсийн амнаас гарах болов. Нойр ханахгүй байх, нозоорох, аливаад идэвхгүй болох, сэтгэл санаа тавгүйтэх гээд шинж тэмдэг илрэх нь элбэг. Тэр дундаа хавар цагт хүүхдүүд хамгийн их ядардаг аж. Учир нь энэ улиралд нарны тусгал хурц, болж, цаг агаар хэлбэлзэж эхлэхэд хүний бие дасах гэж ихээхэн хүч зарцуулдаг гэнэ. Энэ үед бидэнд тэр дундаа хүүхдүүдэд нэмэлт тэжээл хэрэгтэй юу. Энэхүү асуултын хариуг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн хүүхдийн эмч З.Оюундэлгэрээс тодрууллаа.
-Хаврын улиралд хүүхдүүд ядарч, сульдах, дархлаа муудах зэрэг шинж тэмдгүүд илрэх нь цөөнгүй. Тэр үе заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай юу эсвэл хоол тэжээлээсээ нөхөх үү?
-Тухайн хүүхдийн онцлогоос шалтгаалж витамин буюу нэмэлт тэжээл хэрэглэх эсэхийг шийднэ. Хаврын улиралд хүүхдүүдээс гадна эцэг эхчүүд ч ялгаагүй хоёр улирлын заагт хувцаслалтаа зөв тохируулж чаддаггүйгээс болоод бие махбод өөрчлөлтөд орж, тэнцвэргүй байдалд ордог. Уг нь хувцаслалт, хооллолт зэргээ зохицуулж, тохируулж чадвал хүүхдэд урьдчилан сэргийлэх эм тариа, витамин хэрэглэх шаардлагагүй. Харин харшил, цус багадалт, суурь өвчтэй хүүхдүүдийн өвчин хаврын улиралд сэдрэх магадлал өндөр байдаг гэдгийг анхаараарай. Мөн рахиттай буюу сульдаа, цус багадалттай хүүхдүүдийн эцэг эх Д витаминыг урьдчилан сэргийлэх байдлаар өгөөд давтан үзүүлж, дахин эмчилгээ шаардлагатай эсэхэд анхаарах хэрэгтэй. Хэрэв Д витамин дутагдсан бол эхний ээлжид эмчилгээний тунгаар өгөөд дараагаар нь эмчилгээгээ тогтоож, алдахгүй байхын тулд барих тун тогтмол хэрэглэж байж тогтворжино. Мөн витаминыг заавал тусгай эм бэлдмэлээс авах шаардлагагүй. Хоол тэжээлээс авбал зохино. Жимс, хүнсний ногоо, өндөг, мах зэрэг нь монгол хүний биеийн онцлогт илүү үр өгөөжтэй.
-Витаминууд капсултай, хатуу шахмал, сиропон, омега гээд олон янз байдаг. Эдгээрийн аль нь илүү үр дүнтэй вэ?
-Нэн түрүүнд тухайн бэлдмэл хүүхдэд харшлах эсэхийг нь найрлага заавраас хараад сонгож өгөх ёстой. Жишээ нь, чихэрлэг зүйл хэрэглэхээр тууралт өгч харшлах хандлага ажиглагддаг бол сироп, чихэрлэг витамин аль болох хэрэглэхгүй байхыг бодоорой. Яагаад гэвэл түүнийг хэрэглээд харшлынхаа суурийг сэдрээчихвэл витамин өгөх биш харин ч хор уулгачихлаа гэсэн үг. Сайн гэсэн болгоныг хэрэглээд байж болохгүй. Тэдгээр бэлдмэлүүдийг зөв хэрэглэвэл эм болж, буруу хэрэглэвэл хор болдог гэдгийг эцэг эхчүүд анхаарвал зохино. Тухайн хүүхдийн онцлогт таарсан, хэрэглэж чадахуйц бэлдмэл хэрэглэвэл зүгээр. Гэхдээ Монголд байгаа, орж ирдэг ихэнх бүтээгдэхүүнүүд орц найрлагын хувьд хоорондоо төстэй байдаг. Омегагийн тухайд тархины үйл ажиллагаа сайжруулдаг учраас сурч байгаа хүүхдүүдэд тустай.
-Нэмэлт витамин болон өндөр өртөгтэй жимс, ногоо авч хэрэглэх боломжгүй өрхийн хүүхдүүдэд ямар зөвлөгөө өгөх вэ?
-Тэдгээр хүүхдүүдэд зөвлөхөд үнэ өртөг бага хэр нь хоолондоо холиод хэрэглэдэг жижигхэн бэлдмэлүүд бий. Нэг хэсэг Засгийн газрын хөтөлбөрийн дагуу нэмэлт тэжээл шаардлагатай айл өрх болгонд тараадаг байсан. Хэрэглээний хувьд хязгаарлагдмал байдаг өрхүүд бэлдмэлийн талаар судалж олж авах боломжтой. Мөн мульти витаминуудыг нэгээс хоёр cap хэрэглэж болно. Үнийн хувьд ч харьцангуй хямд бөгөөд олон төрлийн найрлагатай байдаг.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих