Манжийн дарангуйллын болон Богд хаант Монгол улсын үед Дарьгангын Шилийн богд ууланд нийтдээ 32 шилийн сайн эр тангараг өргөсөн байх бөгөөд эдгээрийг Дарьгангачууд ард түмэнд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн шилийн сайн эрчүүд гэж үздэг юм байна.
Ардын хувьсгал ялан мандсанаас хойш буюу соц нийгмийн үед Шилийн богд ууланд очиж тангараг өргөсөн шилийн эр мэр сэр байдаг ч тэд дээрхи 32 сайн эрийн зиндаанд үнэлэгдэж явсангүй. Энэ нь социалист төрийн үед шилийн эрчүүд “Малын хулгайч” гэж адлагдаж явсантай нь холбоотой биз ээ. Албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн дээрхи сайн эрчүүдийн хамгийн сүүлчийнх буюу 32 дахь тангараг өргөсөн хүн нь Дарьгангын шилийн сайн эр “Исгэрдэг” Дамба ажээ.
Лхаагийн Дамба нь 1890-ээд оны дунд үед Сүхбаатар аймгийн Онгон сумын “Шар бүрд” хэмээх газар төржээ. Тэрбээр эрийн цээнд хүрмэгцээ л ар, өвөр хошуудаас аль л баян тарган гэсэн ноёд, феодалын адуу малыг хулгайлж ядуу буурай хүмүүст тарааж өгдөг болсоноор нутаг хошуундаа хүндлэгдэх болжээ. Түүнийг ямар ч харанхуй шөнө морины толгой алдалгүй уургалдаг, газар сайн таньж мэддэг, сайхан исгэрдэг хүн байсан хэмээн нутгийн нь хөгшид өнөө болтол дурсдаг аж. Тэрбээр Маажаа, Саарал, Бор, Борхүүхэн, Онгойбор, Адъяа, Оюун нарын долоон хүүхэдтэй байж. Онгойбор, Оюун нар нь Сүхбаатар аймагт жолооч хийж явжээ. “Исгэрдэг” Дамбын долоон хүүхдээс Адъяа нь эдүгээ амьд сэрүүн байгаа бөгөөд тэрбээр Сүхбаатар аймагт амьдардаг аж. Саяхан Онгойборын хүү Чулуунбаатар (Цагдаагийн ерөнхий газарт жолооч хийдэг) бидэнд өвөг эцгийнхээ зураг хөргийг авчирч өгөхдөө бяцхан дурсамж хүүрнэсэн юм. Дамбын төрсөн эгч Цэрэнлхам гэдэг хүн байж. Хожим Цэрэнлхам дүү Дамбынхаа тухай “Би дүүгээ олон хоногоор явахад нь их л санаа зовж, өдөр шөнөгүй хүлээдэг байлаа. Тэгээд исгэрэх чимээнээр нь дүүгээ ирж байгааг мэддэг байсан. Оройн дуу их сонор байдаг. Намайг голдуу үнээ сааж байх үед дүүгийн маань исгэрэх чимээ сонсогддог байлаа. Энэ чимээнээр нь тулгандаа цай тавьж буцалгаад сууж байхад дүү маань орж ирдэг байсан. Бүр хагас өртөө газраас исгэрэх чимээ нь сонсогддог байсаныг бодоход дүү маань гайхамшигтай сайхан исгэрдэг хүн байж дээ” гэж дурсдаг байж.
“Исгэрдэг” Дамба ихэвчлэн Өвөр Монголын Сөнөд, Барга, Үзэмчин хошуудаар явж адуу хөөж ирдэг байжээ. Өвөр Монголын сайн эрчүүдийн заримтай нь дотно нөхөрлөж, заримтай нь зодолдож ташуурын амт үзүүлж явсан гэдэг. Нэг удаа Дамба нутгийнхаа шилийн эр болохын дон шүглэсэн “Хутгуур” Жанаа гэгчтэй Өвөр Монголоос адуу хөөхөөр болжээ. Гэвч Жанаа цаанаа муу санаа агуулсан байсныг Дамба мэдсэнгүй. Учир нь тухайн үед “Исгэрдэг” Дамба, “Хөх” Ханд нарын шилийн эрчүүд Дарьгангын ард түмний дунд ихэд нэрд гарч байсан бөгөөд үүнд атаархсан Жанаа өрсөлдөгчөө хороож өөрөө нэрд гарахыг хүсчээ. Тэгээд тэр Өвөр Монголоос адуу хөөж ирье хэмээн Дамбыг өдөр шөнөгүй гуйж байсаар нэг өдөр хүслээ гүйцэлдүүлж Дамбын хамт Өвөр Монголын Сөнөд хошуу руу явсан байна. Гэвч тэр цаагуураа Сөнөдийн хулгайч нартай хуйвалдчихсан байж. Мань хоёр Сөнөдөөс баахан адуу хөөгөөд Дарьганга нутгийн зах сэжүүрийг хараад амсхийж суутал хойноос нь хэдэн хүн гэзэг даран хөөсөөр гүйцэж ирсэн байна. Угийн бие томтой,зодоон цохионд гаргууд “Исгэрдэг” Дамба
тэдэнтэй шууд л барилцаад авчээ. Харин хар амиа бодсон Жанаа тэдэнтэй барилцаж авахын оронд Дамбын эмээлтэй морийг хөтлөөд, хөөж явсан адуунаасаа тэн хагасыг нь тасдаж хөөгөөд нутгийн зүг оджээ. Хээр хөдөө явган нүцгэн, бас тэгээд дөрөв таван хүнтэй ганцаараа ноцолдоод үлдсэн Дамбыг Жанаа амьд гарахгүй гэж итгэсэн байна. Тэгээд ч түүнтэй хуйвалдсан Сөнөдийнхөн Дамбыг алах даалгавартай байж. Жанаа шууд явсаар Дамбынд ирж эхнэрт нь эмээлтэй морийг нь өгөхдөө “Нөхөр чинь амь үрэгдсэн. Би эрийн сайнд амиа авч гарлаа. Харийн хошуунаас адуу хөөсөн бидний хохь болохоор нааш цааш нь юм ярьсаны хэрэггүй шүү” гэж захиад явжээ. Харин энэ үед Дамба дөрөв таван хүнтэй хүч тамираа бартал ноцолдож арай гэж амьд гараад ойролцоох адуун дундаас нэг морь дэлдэж унаад нутгийн зүг хөдөлсөн байна. Түүнийг хагас өртөө газраас исгэрэхэд эхнэр нь энэ чимээг сонсоод цай чанадаг байсан бөгөөд “Хутгуур” Жанаагаас нөхрөө үхсэн гэж сонсоод уй гашуу болж суусан тэрбээр гэнэт исгэрэх чимээ сонсоод мэл гайхаж, цэл хөхөрчээ. Дамбыг гэртээ орж иртэл эхнэр нь авдран дээрээ зул өргөчихсөн, аяганд нь цайныхаа дээжийг хийгээд тавьчихсан уйлаад сууж байсан гэдэг.
“Исгэрдэг” Дамба гэртээ хоёр хоног биеэ тэнхрүүлээд “Хутгуур” Жанаа дээр явж очтол мань эрийн царай цонхийгоод эгээтэй л цус харвачихсангүй. Дамба түүнд хандаж “Чи ч эр хүний сүг юм даа. Харь нутгийн дээрэмчдийн дунд нэгийгээ орхиод амь зулбан зугтана гэдгийг чинь мэдсэнгүй. Цаашид хоёулаа бие биенээсээ хол явцгаая” гэж хэлээд түүнтэй тангараг тасарч байжээ. Жанаа урдаас хөөж ирсэн адуугаа ядуу ардуудад тараалгүй өөртөө авчихсан байсныг Дамба бүгдийг нь тууж аваачаад ядуу айлуудад тарааж байсан гэдэг. Үүний дараа арга ядарсан Жанаа хөдөө хээр хонь хариулж явсан жаахан хүүхдийн амийг бүрэлгээд хэдэн хонь туугаад явчихаж. “Исгэрдэг” Дамба энэ тухай дуулж сонсоод арчаагаа алдсан хулгайч Жанааг морин дээрээсээ хурга шиг шүүрч дүүрэн ууланд аваачаад “Чи яах гэж нялх амьтаныг алж байгаа юм бэ” гэж зандарчээ. Хариуд нь Жанаа “Хүүхэд ч гэсэн амьд гэрч шүү дээ” гэсэн байна. Энэ үгийг сонсоод Дамба аймшигтайгаар хилэгнэж “Гэрчийг алдаг юм бол чи ч гэсэн адууны хулгайн гэрч шүү” гээд түүнийг хөлөөр нь модноос дүүжлээд орхиж оджээ. Гэвч муу хүн үхдэггүй гэгчээр “Хутгуур” Жанааг модонд дүүжлээстэй үхлүүт байхад нь нутгийн нь нэг хүн тааралдаж амийг нь аварч байсан гэдэг.
“Исгэрдэг” Дамба нэг удаа До яамныханд баригдаад Хэнтийн шоронд саатуулагджээ. Тэгээд хуягуудын арга эвийг олж гадуур ажиллаж байхдаа нэгэн хянагчийн хоёр сайхан морийг хулгайлж унаад эхнэр, хүүхэдтэйгээ уулзахаар нутгийн зүг одсон байна.
Ингээд гэртээ гурав хоноод Хэнтийн шоронд буцан ирж мөнөөх хянагчид хоёр морийг нь өгөхдөө “Эр хүнийг хүссэн газарт нь хүргэж өгдөг сайн морьд байна” гээд морьдыг нь үнсчихээд мөрдөнд буцаад орж байсан гэдэг. Үүнээс үүдэн До яамныхан түүнийг итгэлтэй сайн хулгайч байна гэж үнэлээд тагнуулын хэрэгт ашиглахаар хот руу авч явжээ. Ер нь тухайн үед шилийн сайн эрчүүдийг өвөрлөгч нутаг руу явуулж тагнуул хийлгэх зорилго агуулж байсан бөгөөд ингэх болгондоо До яамныхан өмнө нь адуу мал хөөж туусан, дээрэм тонуул хийсэн гэх хэргийг нь өлгөж аваад шорон гянданд хорьж, нэг ёсондоо барьцаалдаг байж. Тэгээд дараа нь “Чамайг хэрвээ эх орныхоо төлөө үнэнчээр зүтгэх юм бол ялаас чинь чөлөөлнө” гэх жишээтэй. Хээрээр гэр, хэцээр дэр хийгээд сурчихсан шилийн эрчүүд энэхүү саналыг нь шууд л зөвшөөрдөг байж. “Эх орныхоо төлөө” гэдэг нь харийн нутаг руу орж тагнуул хийхийг хэлж байгаа хэрэг. Тухайн үед До яамны чекистүүд шилийн эрийн дүрд хувирч тагнуул хийдэг байжээ. Гэвч чекистүүд шилийн хулгайчийн дүрд хувираад тагнуул хийх нэг хэрэг, шилийн эрчүүд жинхэнэ дүр төрхөөрөө эх орноосоо даалгавар аваад тагнуул хийх бүр ч өөр хэрэг. Өөр хэрэг гэдгийн учир нь өвөрлөгч нутагт аль хэдийн танил болсон “Исгэрдэг” Дамба мэтийн шилийн эрчүүдийг хятадууд хэзээ ч тагнуул туршуул гэж хардаж сэрдэхгүй, харин олз ашиг хайхаар явна гэж сэрэмжлээд адуу малаа хямгадаж таарна. Гэтэл цаагуур нь мань хүмүүс хэний ч санаанд оромгүй үйлдэл хийх жишээтэй. Шилийн хулгайч нараар тагнуул туршуул хийлгэх нь ийм л ашигтай байж. До яамныханд баригдаад Хэнтийн шорон руу ачигдсан “Исгэрдэг” Дамба хэдэн сарын дараа хоёр нүдний сунадаг дуран, цахиур буугаар шагнуулаад нутагтаа ирж байсан гэдэг. Энэ нь хэрэг дээрээ төр засгийн даалгавараар тагнуулын үүрэг гүйцэтгээд ирсэний нотолгоо байлаа. Шилийн богд ууланд тангараг өргөсөн Дарьгангын 32 сайн эрийн нэг болох “Исгэрдэг” Дамбыг Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, яруу найрагч Г.Мэнд-Ооёо сайн мэддэг, амьд ахуйд нь барааг нь харж үг солилцож явсан гэдэг.
Сайн эр Дамба 1972 онд 80 орчим насандаа таалал төгсчээ. Өвгөн болсон хойноо ч түүний хүч тэнхээ тэгтэлээ харьж байсангүй. Нэг удаа түүний хүү Онгойбор гэртээ согтуу ирээд ойр хавийнхаа хүмүүст агсам тавих аядсан байна. Тэгтэл дал гаруй настай “Исгэрдэг” Дамба босч ирэн өөрөөсөө том хүүгээ барьж аваад орон дээр чулуудтал түүний өрөөсөн гутал холоо суга үсэрч байсан гэдэг.
https://www.facebook.com/photo.php?fbid=2263039437277556&set=gm.535649943589426&type=3&theater&ifg=1
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих