"Хонхны дуу” цуурайтуулж, улс төрд хөл тавьсан эгэл бор залуус өнөөдөр хаана байна вэ. Олонхоосоо тасарч, олигархуудын эгнээнд шилжсэн ахимаг насныхан л ардчиллын өмчилцгөөж байна.
Үнэндээ энэ ардчилал чинь ард түмэн биш билүү гэж дахин дахин асуумаар…
Ерөнхий дөө Ардчилсан нам гэж байхгүй болчихлоо. Эрх баригчдын тэмцэл дундаас дараагийн сонгуулийн зураг тодорч, эндээс л сөрөг хүчин олон нийтийн дэмжлэгийг авч эхэлмээр. Гэтэл АН-аас сураг чимээ алга. Харин ч эрх баригчидтайгаа нэгдэн тэдний зодооны гол хөдөлгөгч хүчин болчихсон явж байна.
Нам өөрийн гэсэн үзэл баримтлал, чиг баримжаатай байх ёстой атал намын гэх ямарч итгэл үнэмшилгүй болж зүгээр л саналаа, үзэл бодлоо "худалдсан” хэдэн хүний овгийн өмнөх үг л болох хувирчхаад байна.
Хар л даа. УИХ-д эрс шинэчлэл хийхээр залуус дуу хоолойгоо нэгтгэх үед ташуур өгч дэмжихийн оронд бугласан эдээ бээрийг хамгаалагч болон хувирсан. Уг нь Ардчилсан хувьсгал залуусын дуу хоолойгоор л эхэлсэн биз дээ. Ийм хувьсгал хийгдэж байж л олон жил оршин тогтносон нэг намын "дарангуйлал”-ыг зогсоож, үг хэлэх эрх чөлөөг олж авсан гэж боддог.
Гэтэл эрх чөлөөг тунхаглагчид өөрсдөө болохгүй бүхний үүр уурхай руу шургалан орж, түүнийгээ хамгаалагчид болчихсон байна. Энэ жишээ ойрын өдрүүдэд нийслэл дээр ч маш тодоор харагдлаа.
Нийслэлийн Иргэдийн хурал дахь Ардчилсан нам гэж алга. Харин 60 тэрбумынхны үзэл бодлыг хамгаалагчид л гэж байна. Эрх баригчид хоорондоо хэмлэлдэж байгаа энэ үед нэгнийх нь талд орж байгаад нөгөөг нь "гөвших”-д хамжилцаж байгаа хүмүүсийг сөрөг хүчин гэх үү, хамжигч тал гэх үү. Та бодоод үз дээ.
Улсын Баатар цолтой эрхмийг өчигдөржин хоолой зангируулан бухимдал илэрхийлэхийг харлаа. Гацаанд орж, ирцээр шантаачилж байгаа асуудлыг цэгцлэхээр зориг шулуудсан нөхдийг бус харин түгжил үүсгэгч, хорсон занагчдын талыг баримталж, тэднийг хамгаалан үг дугарч, хоолой чичрүүлж байгаа нь намын үзэл баримтлал уу, хувь хүний "тохиролцоо” юу?
Ардчилсан намд лидер гэж алга. Бидний лидер гэж боддог байсан хүмүүс бүгд л гэмт хэргийн хамсаатан, хулгайч, луйварчин болж таарч байна. Намаа бодлогоор удирдаад явах учиртай хашир туршлагууд бие биенээ хэмлэж, олон нийтэд АН үгүй болсон гэж зарлан тунхаглаад ч байгаа юм шиг.
Ардчилсан чиглэлийн таван нам нэгдэхэд одоо л чанартай, чадвартай сөрөг хүчин бий боллоо доо гэж харж байв. Гэтэл олон фракц, олон ашиг сонирхлын нэгдлүүд л байсныг ухаарсан намын гишүүд ямар ихээр итгэл алдарсан бол оо.
Намд удирдагч үгүй учраас залуус үзэл бодлоо нэгтгэн өрх тусгаарлаж, өөр нам байгуулахаар зэхэж байгаа сураг дуулдав. Залуусыг хэн дагаж, ардчиллыг өмчлөгч "ахимаг насныхан”-ыг хэн сахиж үлдэх бол?
Хөх зангиагаар ижилсэж, "БИД ЯЛЛАА” хэмээн зарлаж байсан ардчилагчдаас өнөөдөр хэн чиг шугамаа барьж, хэн намын үзэл баримтлалаа хамгаалж байна вэ. Нэгнээ намнагчид, нэгдэхээрээ МАНАН бүлэглэлийг хамгаалагчид л гэж хардахад хүргэж байгаа үйлдлээ АН-аас яг хэн нь эр зориг гарган тайлбарлах вэ. Яг үнэндээ намаасаа хөөгдсөн гишүүд нь намаасаа илүү нэр хүндтэй байгааг энд цохон тэмдэглэмээр байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих