Цагаан сарын баяр бид бүхний өтгөс буурлаа хүндэтгэх, буруу үйл хийсэн бол түүнээ засаж залруулах, зам мөрөө тэгшлэх гээд арга билиг, билэгдлийн мөн чанарыг агуулж байдаг. Өнөөдөр шинийн нэгэн. Энэ билэг сайхан өдөр телевизээр МОНГОЛ ТУЛГАТНЫ ЗУУН ЭРХЭМ нэвтрүүлэг явж байлаа. Тус нэвтрүүлгээр дэлхийд алдартай Буриадын уран барималч Даши Надаковын амьдрал уран бүтээл өрнөж байв.
Түүний “ЧИНГИС ХААН ИРЛЭЭ” гэдэг Лондон хотын Гайд паркийн Марбле нуман хаалганы дэргэд сүндэрлэн боссон гайхамшигтай сүрлэг хүрэл хөшөө одоо монголдоо орж ирээд байгаа билээ. Гайхамшигтай уран бүтээлчийн эгэл даруухан ярилцлагыг сонсож харж байхад бахтай сайхан байлаа. Үүнтэй зэрэгцээд тэр нэгэн жилийн цагаан сараар “АЛТАН УРАГ” -ийн удмын хүнтэй дарс барьж сууснаа нэхэн санагалзлаа.
Үүний улмаас дундад азид өнгөрүүлсэн цагаан сарын тухай хууч дэлгэе гэж бодлоо. Тэр нэгэн жил Казахстан улсад явж байлаа. Хоёрдугаар сарын сүүл хэрд цагаан сар төдийлөн хуучираагүй үе юмсан. Нэг өдөр Чингис судлаач доктор Б.Напиль, яруу найрагч Х.Жукель нар, Уалихан гуай чамайг 12 цагт ажил дээрээ дагуулаад ир гэж хэллээ гэв. Бид хэлсэн цагт нь явж хүрлээ. Их эзэн Чингис хааны ууган хүү Зүчийн удмын Уалиханов Шота Идрисовичтой уулзав. Би түүнд цагаан хадаг дэлгэн барьж Монгол ёсоор золгов. Түүний ажлын байр гэж хоёр давхар цагаан байшин байна. Хоёр өрөө нь түүний урлан бололтой юм. Хөшөө дурсгал, цогцолборуудын загвараар хоёр өрөөг дүүргэжээ. Уалиханов бидний яриа, санаа зорилго сайхан нийлж байлаа.
Тэрбээр, Миний өвөг дээдсийг зарим нь хот балгад нураасан мэтээр ярьдаг. Тэгээд би хот босгох мэргэжил сонгосон гэж хошигнов. Өргөөний хойморт Чингис Өгөөдэй Хубилай хаадын хөрөг зургуудыг өлгөж, эргэн тойрны хананд хаадын уран зургууд тогтоожээ. Абылай хааны цээж баримал гээд олон хаадын дүр бүхий бүтээл, загвар хийцүүд ширээ дүүрэн өрсөн байв. Тэрбээр, “Дэлхийн монголчуудыг бие биесэд нь танилцуулах гэж таны ингэж зүтгэж яваад би их баяртай байна. Яагаад гэвэл, Миний өвөг дээдэс ч дэлхийн хүмүүсийн сайн сайханы төлөө явж байсан. Чи миний өндөр дээд өвөг дээдсийн үйлс, мөрөөдлийг санууллаа” гэж надад нилээд ахадсан магтаалын үг хэллээ.
Би анх удаа Алтан ургийн хүнтэй уулзаж байлаа. Түүний илэн далангүй сайхан яриа, дотроосоо гэрэлтсэн нөхөрсөг эерэг дулаан байдалд автан хэзээний танилууд шиг, ямар нэг өмөг түшигт орсон мэт эевэргүү зөөлөн орчинд хөөрөлдөж суув. “Одоо бид нөхөд боллоо шүү” гэсэн нь бүрч чөлөөтэй болгож байв. Уалиханов Шота Идрисович бол Абылай хааны олон улсын фондын ерөхнийлөгч, ОХУ-ын гавъяат архитектор, төрийн соёрхолт, Архитекторын Соёлын өвийн нийгэмлэгийн академын академик, Казахстан улсын төрийн сүлдний зохиогч автор, Алмата хотын төвд боссон “Эрх чөлөө тусгаар тогтнолын хөшөө”-ний зохиогч, Казахстан улсын ерөнхийлөгч Нурсултан Назабайевын зөвлөх юм. Тэрээр нас дал гарч байгаа ч хурдан гавшгай хөдөлгөөн, цовоо сэргэлэн байдал зэрэг нь хурц зоримог байдлыг илтгэнэ. Бидний сэтгэл хөдөлсөн байлаа. Түүний зургийн цомгоос олон улс орны хаадын удамтай найз нөхөд болох нь илхэн харагдана. Бид дөрвөн цаг гаруй ярилцаж байхдаа түүний бүтээлтэй танилцаад уулзалтын танхимд эргэн ирэв. Танхимын голд метр гаруй урт шаталсан гурван эгнээ тавиурыг улаан хүрэн цэмбээр бүтээжээ. Тавиур дээр нэг зуун граммаас эхлэн хоёр литр хүртэл янз бүрийн савлагаатай гоёмсог виски өрж дунд нь ганцхан шил цагаан арни тавьсан байлаа.
Шота Уалиханов,
-Та алинаас нь уух вэ? гэж байна
Би,
-Танил юм байна цагаанаас нь дээр биздээ
-Тийм шүү. Бидний санаа энд ч бас нийлж байна гэв.
Уалихан ширээнд сууж угийн бичгээ гараар бичиж өгөхдөө хэдэн шүлэг хамт өгөв. Түүний “Төр” овгийн тамга шүтээн нь Аргаль угалзны эвэр бүхий дүрс байдаг ажээ.
Тэр ингэж бичжээ.
УРГИЙН БИЧЭЭС
Хүмүүн бээр төрөхдөө эцэг-эхийгээ сонгож төрдөггүй. Хувь тавилан биднийг Аугаа их хүний үр болгон заяажээ. Аз заяандаа хязгааргүй баярлаж явнам. Шударга эр, чиг шулуун хүмүүн болон амьдрах, Аугаа их, хүний сэтгэл хөдөлгөх, эзэгнэх Их үйлсийг бүтээх бидний хүсэл-тэмүүлэл, Ариун үйл хэрэг, сайн үйлсээс гажин бууралгүй явах маань-бидний өвөг дээдсийн гэгээн гэрээсэл.
Ш.Уалихан.
2002.02.27 Алмата хот гэсэн байв.
Энэ тухай “Дэлхийн монголчуудаар зорчсон тэмдэглэл” номондоо дэлэгрэнгүй бисэн тул энэ удаа түүний гар бичмэлийг хоёр шүлгийн хамт толилуулбал сонин боловуу гэж бэлтгэв.
ӨР ӨВДӨХҮЙ
Сохорыг хараад зовно би
Нүдтэйдээ
Өвчтэйг үзээд шанална би
Эрүүлдээ
Өлссөнийг хараад зовно би
Талхтайдаа
Өеөдсөнийг сонсоод шанална би
Үлдсэндээ
Өнчирснийг үзвээс
Өрлөг дэлхий наргүй мэт
Өөрөө би жаргах нь
Өршөөлгүй хатуу гэсгээл мэт
Хувь заяаны сохор сум
Хэнийг ч онож мэдэх ч
Хэлгүй дүлийг онилсон зэв
Хэнийг ч биш намайг л онох мэт
Өр өвднөм, өр зүрх шаналнам
МИНИЙ ЗҮРХ-МИНИЙ ДЭЛХИЙ
Хад чулууны ховил бүрээс шүлэг унших
Шидтэн юм би-Шота найрагч
Алтан ураг Уали Ханы удам юм би
Ард олон түмэнтэйгээ ойрхон юм би
Нүдний өмнүүр жирэлзэн урсах
Цуст түүхийн хуудсыг
Нил цэцгэс, хайраар тэтгэн амирлуулахгүйн учир
Нүгэлт яргачдыг үзэн яднам би
Зуныг хайрланам
Зудтай өвлийг хайрланам
Усыг хайрланам
Учиггүй элсийг хайрланам
Амьдралыг дуулсан
Дууг хайрланам
Аугаа их найргийг
Арга үгүй хайрланам
Гуа сайхан, энхрийхэн бүхэнд баярланам
Гунан буугүйгээр саранд хүрсэндээ баярланам
Нуур болон үерлэх нулимсан далайг
Цээжээрээ хаан, далан болон зогсохуйяа
Зовлонг үүрч бүхнийг туулан гэгээрэгсдийн
Зочдоор дүүрсэн цэцэгст диважин санагддагаа
Миний үг-ард түмний хилэнтэй
Миний нүд-бүргэдийн хурц хараатай
Мөн бишийн зохирлыг онож ойлгохуйяа
Мөнөөх зүрх дэлхий болон цохилох нь гаслантай
Хурц шовх сарьдгийн оройд нэгэнтээ зүсэгдээд
Хуйларсан бороо болоод асгарах эрх чөлөө юм би
Хувь заяаны боол бололгүй тэрсэж босохдоо
Гэсгээл болох-Хуй салхи юм би
Шүлгийг казах хэлнээс хөрвүүлсэн На.Тухат
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих