Роберт Мугабе 1924 оны хоёрдугаар сарын 14-нд тэр үеийн Өмнөд Родезийн Кутама тосгонд шон ардын гэр бүлд төрсөн.
1980 оноос Зимбабвейн Ерөнхий сайд хийж байгаад 1987 оны арванхоёрдугаар сарын 31-нээс Зимбабвейн ерөнхийлөгчөөр ажилласан. Мугабейн эдийн засгийн бодлогын үндэс нь английн колоничдын удам цагаан арьстан фермерүүдийн эх орноосоо хөөхөд чиглэсэн.
Эхнэр Грейс нь түүнээс 40 насаар залуу. Роберт Мугабе 73 насандаа гурав дахь хүүхдийнхээ эцэг болж байсан.
Роберт Мугабе зөвхөн өөртөө үйлчилдэг шүхэрчдийн тавдугаар бригад нэртэй хувийн арми байгуулан сөрөг хүчнийхнийг ангуучлан хэлмэгдүүлэн устгадаг байснаас түүний дарангуйлагч, махчин гэж нэрлэдэг байжээ. Мугабегийн бригад Матабелеленд мужид гэхэд л 30-100 мянган хүний аминд хүрч байсан гэдэг.
Африк тивийн бараг бүх улс орон эдийн засгийн бэрхшээл, асуудалтай тулгардаг ч Зимбабвейн тухайд бол огт өөр түүх. Хэсэг хугацааны туршид Африктаа хамгийн хөгжиж байгаа улс гэгдэж байсан энэ орон өнөөдөр тивдээ төдийгүй дэлхийд хамгийн ядуу, сүйрч байгаа улс болчхоод байна.
2000-аад оны дундуур Зимбабвейд бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн мянга дахин нэмэгдэж өнөөдөр ард иргэд нь дэлгүүр зах руу явахдаа мөнгөө тэргэнд ачин түрж явдаг болжээ. Засгийн газар мөнгөн дэвсгэрт дээрх тэгийг хасаад ч нэмэргүй, тэртэй тэргүй улсынхаа санхүүгийн тогтолцоо, эдийн засгаа хянаж чадахаа больчхоод байгаа нь энэ. Энэ бүхэн юунаас эхэлсэн бэ....
XXI зууны эхэн үеийн эдийн засгийн алдаа
ХХ, XXI зууны заагаар Зимбабвей Африк тивдээ хамгийн хөгжилтэй орны тоонд орж байсан ч ядуурал бас л байсан. 2000 онд Ерөнхийлөгч Роберт Мугабе энэ асуудлыг шийдвэрлэхээр ихэвчлэн цагаан арьст африкчуудын эзэмшиж байсан 4500 томоохон фермийн газрыг хураах шийдвэр гаргалаа. Чухамдаа тэд нь зөвхөн Зимбабвей төдийгүй бүхий л африкийг үр тариа, эрдэнэ шишээр тэжээж байсан юм шүү дээ. Энэ нь ч тэгээд улс орных нь сүйрлийн эхлэл болсон.
2000 оны эхээр Ченжераи Хунзви тэргүүтэй Зимбабвейн үндэсний чөлөөлөх дайны ахмад дайчдын нийгэмлэг цагаан арьст фермерүүд хөрөнгөө манай нийгэмлэгийн гишүүдэд шилжүүлэхгүй бол тэдэнтэй “цуст дайн” зарлана гэж анхаарууллаа. Ингээд л цагаан арьстнуудын фермийг булаан авах ажил эрчимтэй эхлэх нь тэр.
2000 оны хоёрдугаар сар гэхэд африкчууд хэд хэдэн фермийг булаан эзэлснийг шүүх хууль бус гэсэн ч Мугабе цагаан арьст фермерүүд бол “төрийн дайсан” гэж нэрлэлээ. Тэр шударга түүхийг сэргээх бослогод ард түмнээ уриалж, үүний дүнд нэг сая хүнд газар хуваарилна гэж амласан байна.
Роберт Мугабейн Засгийн газрын шинэтгэл гэдэг энэ арга хэмжээний дүнд цагаан арьстнуудын эзэмшиж байсан 3041 фермийн эзэмшил таван сая га талбайг 1970-аад оны дайны ахмад дайчин, газаргүй тариачин гээд 500 мянга гаруй хүнд тарааж өгсөн юм. Үүний уршгаар тэр фермүүдэд ажиллаж байсан 835 мянган хүн 2002 оны тавдугаар сар гэхэд ажилгүй болж хотуудад олон аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Аж үйлдвэрийн үйлдвэрлэлийн эрч унаж уул уурхайн олборлолт, боловсруулалт бууран, ялангуяа хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрдэс түүхий эд боловсруулах салбар сүйрэхэд хүрсэн байна. 2001 он гэхэд үйлдвэрлэлийн боловсруулах салбар 10,1 хувиар унажээ. Энд тамхи шар айрагны үйлдвэрлэл 32,2, нэхмэл, нэхмэлийн утасны үйлдвэрлэл 18,1 саахрынх 4,8 хувиар уналаа.
Ингэж байтал 2002 оны зун Мугабе “Газрын шинэтгэл”-ийн төгсгөлийн шатыг зарлалаа. Улс орноо хүнсээр хангаж байсан 4000 цагаан фермерийн нэн яаралтай манай улсаас нэн яаралтай гарч яв, тэгэхгүй бол хоёр жилийн ялаар шийтгэнэ гэж наймдугаар сард мэдэгдэв. Аргагүйн эрхэнд аравдугаар сар гэхэд фермерүүдийн 90 хувь нь тус улсаас гарч явжээ. Олон улсын валютын сан Зимбабвейд тусламж үзүүлэхээ больж Европын холбоо Мугабейн засгийн эсрэг хориг тавилаа.
Хараре газрын шинэтгэлээ зогсоо гэсэн Лондонгийн шаардлагаас татгалзсан нь барууны орнуудаас ирэх хөрөнгө оруулалт, донорын тусламж буурах шалтгаан боллоо. Мугабе өөр түнш хайж эхэлсэн ч нэмэр болсонгүй газрын шинэтгэл нь улс орныг эдийн засгийн хурц хямралд орууллаа.
Мугабейгийн буянаар хүний эзэмшилд байсан газрыг зүгээр авсан хар арьстнууд тийм ч сайн тариаланчид байсангүй, улмаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэл улам унаж, хэдэн зуун мянган хүн ажилгүй болох нь тэр.
2000-2008 онд Зимбабвейн эдийн засаг 40 хувь хорогдлоо. Энэ хомсдолоос гарахын тулд Мугабе ердөө л хэвлэлийн машин ашиглах нь тэр. Ингэж мөнгө хэвлэснээр байдал бүр дордож 2006 онд гэхэд инфляци мянга гаруй хувьд хүрсэн бол жилийн дараа 2007 онд 60 мянган хувьд хүрлээ. Гэтэл юм яагаа ч үгүй байж, 2008 онд улам сүйрч инфляц нэг сая хувьд хүрэв. Албан ёсны статистикийн үзүүлэлтээр бараа бүтээгдхүүний үнэ 2008 онд 231 сая хувиар өссөн ч шинжээчид ийм байдлаар бол инфляц дөрвөн тэрбумд хүрнэ гэж харж байлаа.
2008 оны долдугаар сарын 21-нд Засгийн газар 100 тэрбумын зимбабвей долларын дэвсгэрт гаргалаа. Гэхдээ энэ мөнгөөр дөрвөн ширхэг жүрж л худалдан авч болох байсан юм.
Шинжээч эдийн засагчдын таамаг үнэн болж 2009 он гэхэд инфляц 500 тэрбум хувьд хүрэв. 2015 он гэхэд Зимбабвейд нэг ам.долларыг 35 квадриллион зимбабвей доллараар сольж байлаа.
Мөнгө нь ариун цэврийн цааснаас хямд
2009 онд зимбабвей доллар мөнгө хэвлэж байгаа цааснаасаа ч хямд боллоо. Нутгийн иргэд мөнгөн дэвсгэртийг жорлонгийн цаас болгон ашиглах боллоо. Дэлгүүрээс ариун цэврийн жинхэнэ цаас худалдан авах нь илүү үнэтэй байснаас тэр. Нөхцөл байдлаас болоод Засгийн газар ч мөнгө хэвлэхээ зогсоож валютаа солилоо.
Орон сууцны кампанит ажил
Мугабе Ерөнхийлөгч 2005 онд ядуурлыг бууруулах бас нэг том хөтөлбөр, кампанит ажил эхлүүллээ. Тэрбээр зургадугаар сараас орон сууц барих хөтөлбөр эхлүүлж энэ хүрээндээ ядуусын хорооллыг устгах ажил эхлүүлэх нь тэр. Харамсалтай ядуусаа оруулах сууцаа баригүй байхад эхлүүлсэн энэ кампанит ажлын гайгаар зөвхөн тэр онд гэхэд 200 мянган хүн орох оронгүй боллоо. Хоёр жилийн дараа 2007 онд орон гэргүйчүүдийн тоо 2,5 саяд хүрлээ. НҮБ тус улсын засгийн газраас орон сууцын энэ кампанит ажлаа зогсоохыг шаардлаа. Үнэхээр ингэж иргэдийг орон гэргүй, эмнэлгийн ямар ч үйлчилгээгүй болгож байгаа нь хүмүүнлэгийн эсрэг арга хэмжээ байсан. Уг нь 92 настай Роберт Мугабе өөрийгөө хувьсгалч, шинэчлэгч хэмээн Нельсон Манделатай зүйрлэж засгийн эрхэнд гарч ирсэн юм шүү дээ. Тэр 2013 онд бас л Ерөнхийлөгчийн сонгуульд 61 хувийн саналаар ялан Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.
Харамсалтай нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргаснаар Зимбабвейд хүний дундаж нас 60 байсан бол өнөөдөр эрэгтэйчүүд 37, эмэгтэйчүүд 34 насалж байна.
Шинэ зовлон
Зимбабвей 2008 онд инфляциараа дэлхийд тэргүүлж байсан бол 2015 он гэхэд үүний оронд дефляц буюу үнэ унах аюул гарч иржээ. Өнгөц харахад үнэ буурч байгаа нь сайн хэрэг мэт боловч үнэн хэрэгтээ эдийн засаг өсөхгүйгээс иргэд бараа таваар, үйлчилгээ худалдан авах мөнгөгүй болсны гэрч. Эрэлт байгаа ч худалдан авах чадваргүй болохоор үйлдвэрлэл урагшлахгүй. Нөгөө талаас илүү хямд, өрсөлдөх чадвартай импортын өмнө үндэсний үйлдвэрлэл, бизнес сөхөрч байна. Үр дүнд нь Зимбабвейд үйлдвэр аж ахуйн газрууд хаагдан, ажилгүйдэл улам өссөөр байгаа юм.
Нэгэн цагт хувцас, нэхмэл эдлэл, тавилга, авто машины сэлбэг гээд бүхнийг өөрсдөө үйлдвэрлэдэг байсан энэ улс өнөөдөр эцсийн эцэст хууль бус аж ахуйн нэгжүүдийн хүчээр амь зогоож байна.
Өнөөдөр Зимбабвейн энэ түүх эдийн засгийн харилцааг яаж жолоодож болохгүй вэ гэдэг сэдвээр эдийн засгийн сурах бичгүүдэд орж бусдад сануулга болж байх шив дээ.
Мугабег огцруулж баривчилсан төрийн эргэлт
2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд тус улсад Жанжин штабын дарга Константино Чивенгийн удирдлагаар цэргийнхэн төрийн эргэлт хийснээр бараг 40 жил төр тэргүүлсэн Роберт Мугабег засгийн эрхээс зайлуулж эхнэр болон Сангийн сайд Игнасиус Чомбо нарын хамт баривчилсан юм.
Улмаар дэд Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва арваннэгдүгээр сарын 24-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөж Зимбабвейн төрийн тэргүүн болсон юм.
ЭХ СУРВАЛЖ:"АРДЧИЛАЛ ТАЙМС" ҮНДЭСНИЙ ӨДӨР ТУТМЫН СОНИН.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих