Сонгууль
болгоны дараа аймгуудын Засаг дарга нарыг томилох гэж арай л "хүн амины
хэрэг” гардаггүй айхтар нажидтай ажил өрнөдөг болсоор арван хэдэн жил
болж байна.
Өнөөдөр үнэндээ төсвийн ерөнхийлөн захирагчийн хувиар аймгийн Засаг
дарга нар шиг ахархан хугацаанд аймаг орон нутагтаа багтаж шингэхгүй
болтлоо баяжиж хөлжин, Улаанбаатарыг алгасч улс гүрэн дамжиж нисээд
байдаг шинэ цагийн ойворгон баячууд байхгүй гэхэд хилсдэхгүй.
Нарийн яривал УИХ-ын гишүүдээс илүү юу гэхээс дутуугүй эрх мэдэлтэй,
аймаг орон нутагт нь хуваарилсан хөрөнгө мөнгийг эзэн хаан шиг л
захиран зарцуулж, хажуугаар нь өөрсдийнхөө амьдрал ахуйг хэдэн үеэрээ
идээд барахгүй эд хөрөнгө, мөнгө санхүүгээр баталгаажуулж байгаа
эрхмүүд гэвэл энэ цагт аймгийн Засаг дарга нар л байна.
Шинэчлэлийн Засгийн газар 2016 онд багтаан 21 аймгийн төвийг нийслэл
хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд зөвхөн 2013
онд л гэхэд "Чингис бонд”-оос 570 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкаар
дамжуулан санхүүжүүлсэн.
Төлөвлөгөө ёсоор зургаан аймгийн төв ямар ч асуудалгүй Улаанбаатартай
хатуу хучилттай замаар холбогдсон байх ёстой ч зарим нэг нь өнөөдөр ч
дуусаагүй л байгаа. Санхүүжилт нь хэдийнэ 100 хувь хийгдчихээд байхад
замын ажил нь дуусдаггүй, гэтэл эрхэм Засаг нар нь бүхэл бүтэн аймгаасаа
илүү хөрөнгө мөнгөтэй болцгоосоор байгааг чухам юу гэж ойлговол
зохилтой вэ.
Хамгийн сүүлд АТГ-аас аймгаасаа баян эрхэм Засаг дарга нарын хөрөнгө,
санхүүг олон нийтэд зарласан баримтаас харвал тэргүүн баянаар 13 сум,
нийтдээ 56 мянган хүн амтай Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
хэмээх "шинэбаян” 2 тэрбум, 872 сая, 105 мянган төгрөгийн хөрөнгөөрөө
толгой цохисон байгаа юм.
Эрхэм Засаг дарга Ж.Батсуурийн ахархан богино хугацаанд толгой
эргэмээр баяжсаны нууцыг аймгуудаас анх удаа гэр хорооллын дахин
төлөвлөлт хийгдсэн Баруун-Урт хотод улсын төсвийн санхүүжилтээр хэдэн
арван тэрбум төгрөг олгосонтой холбон тайлбарлаж байгаа нь ч оргүй
зүйл биш. Түүний дараа Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор хэмээх цаасан
дээрх аварга том төслийн толгой дээр сууж байгаа Дорноговь аймгийн
Засаг дарга П.Ганхуяг 2 тэрбум, 385 сая, 960 мянган төгрөгийн хөрөнгөөр
аман хүзүүдсэн байна.
Хүмүүс санаж байгаа бол Дорноговийг Улаанбаатартай хатуу хучилттай
замаар холбох ажил гэж байнга л санхүүжилт нь дутагддаг, ажил нь
хугацаандаа дуусддаггүй үйлтэй зам байсансан. Мань П.Ганхуяг дарга ч
хөрөнгө, санхүүгийн будлианд нэг бус удаа хутгалдаж дуулдсан. За тэгээд
саяхныг хүртэл Засаг даргаа томилж чадахгүй хэрүүл тэмцэл өрнөсөөр л
байсан Говьсүмбэрийн отгон Засаг Л.Одсэр хэмээх шавилхан эр 2 тэрбум,
254 сая, 647 мянгын хөрөнгөөр гуравт жагссан байна. Тэдний араас нэг,
нэг тэрбумын хөрөнгөтэй Булганы Засаг дарга Д.Эрдэнэбат, Дархан-Уулын
С.Насанбат гээд шинэ баячуудын уртхан цуваа хөвөрнө.
Шинэ баячуудын хэрхэн хөрөнгөжсөнийг сонирхвол "Тэргүүн баян Засаг
дарга Ж.Батсуурь үл хөдлөх хөрөнгө ихтэй бол, "дэд тэргүүн баян”
П.Ганхуяг газар, үл хөдлөх хөрөнгө сайтай. Гуравдугаарт орсон Л.Одсэрийн
хувийн компаниудынх нь хөрөнгө мөнгөн дүнгийн тоог өсгөжээ.
Мөн Булганы Д.Эрдэнэбат тэрбум гаруй төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй,
С.Насанбат "Шарын гол” ХК-ийн 20 мянган ширхэг хувьцаатай. Бас 333 сая
төгрөгийн машин, техник хэрэгсэлтэй гээд бийлэгжүү дарга нарын
жагсаалтад багтахаас аргагүй эрхэм юм.
Тэдний араас Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар орж байна. Түүний
орлого, хөрөнгийг 1 199 983 600 /нэг тэрбум нэг зуун ерэн есөн сая есөн
зуун наян гурван сая зургаан зуун мянга/ төгрөг гэж тоолжээ.
Баян дарга нарыг харахад ихэвчлэн уул уурхай дагасан газар нутагтай,
дээрээс нь өмнөх бүрэн эрхийн хугацаанд Засаг даргаар ажиллаж байсан
эрхмүүд зонхилж байгаа юм. Сүхбаатар, Дорноговь, зэрэг аймгуудыг ингэж
хэлэхээс аргагүй. Ж.Батсуурь, П.Ганхуяг нар сүүлийн зургаан жилийн
турш засаг ноёны завгүй ажилтай зууралдсан улс. Тэдний зургаан жилийн
өмнөх хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ удаагийнхтай нь харьцуулбал
"сонин” тоо гарах нь дамжиггүй.
Мөн жагсаалтын дээгүүр бичигдсэн Говьсүмбэрийн Л.Одсэр, Хэнтийн
Ж.Оюунбаатар нар өмнө нь намын ажлынхаа зэрэгцээ багахан бизнес эрхэлдэг
байсан нь өнөөдөр ийнхүү Монголын толгой баячуудын эгнээнд багтахад
бага ч болтугай нөлөөлсөн боловуу. Ж.Оюунбаатарын хувьд хурдан морь
уядаг, эзэмшлийн газар нэлээдтэй, "Баялаг бууз сүлжээ хоолны газар”
ХХК-ийн 25 хувь, "ЖО интернэшнл” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг нэгэн гэнэ.
Ахуй амьдралаа ийнхүү ахархан богино хугацаанд "өөд татсан” эрхэм Засаг
дарга нарын дараагийн алхам нь УИХ байдаг нь одоо хэнд ч тодорхой
болсон зүйл. Аймгаасаа илүү баяжсан өмнөх Засаг дарга хэрхэн УИХ-ын
гишүүн болохоор улайран зүтгэцгээж байсныг дараах баримт бэлээхэн хэлээд
өгнө.
Өмнөх УИХ-ын сонгуульд Архангай аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг,
Ховдын Г.Нямдаваа, Сэлэнгийн Ж.Эрдэнэбат нар нэр дэвшиж Ж.Эрдэнэбат
санасандаа хүрч эрхэм гишүүн болсон.
Хэрэв АТГ-т зарим аймаг, дүүргийн Засаг дарга нар шалгагдаагүй бол энэ
тоо илүү олон байх байсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг
дарга Б.Болд, Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнх, Булганы Засаг дарга
М.Оюунбат, Увсын Засаг дарга асан Э.Цасчихэр нарын нэр дэвшигчид
үргэлжлэх байсан ч тэдэнд барцад тохиож АТГ-т "асуудалтай” байснаар
УИХ-ын улаан модон сандлыг зайдлах мөрөөдлөө татахаас өөр аргагүй
болцгоосон билээ.
Дээрх эрхмүүдээс гадна Ховдын Засаг дарга асан Г.Нямдаваа Хөшөөтийн уурхайн маапаанд орооцолдож, АТГ-т дуудагдаж л байсан.
Ийнхүү ганц хүрз нүүрс ачиж, ганц сар бизнес хийж үзээгүй хэрнээ
ахархан богино хугацаанд бүхэл бүтэн аймгаасаа баян болсон эрхэм Засаг
дарга нарын цуваа тасралтгүй үргэлжилсээр л байна.
Д.Энхтүвшин Өглөөний сонин
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих