Монгол Улсын нэн шинэ үеийн түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, Монгол Улсын түүхэн сэргэн мандалтыг гардан гүйцэтгэсэн их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн маршал Ю.Цэдэнбалын туулж өнгөрүүлсэн амьдралаар түүхэн баримтат, уран сайхны кино бүтээхээр болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн, зохиолч Ж.Мөнхбат кино багийнхаа уран бүтээлчидтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Би өмнө нь “Хүмүүн” фильмтэй хамтран “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гэсэн түүхэн хоёр кино бүтээсэн. Харин энэ удаад бид хамтарч Монгол Улсын ХХ зууны түүхийн хоёрдугаар хагасыг бүтээлцсэн, тодруулж хэлбэл Монголын өнөөдрийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшил, сэргэн мандалтыг бүтээсэн түүхэн удирдагч Юмжаагийн Цэдэнбал даргын тухай “Түүх мартахгүй” кино хийнэ” гэсэн юм.
Тус уран сайхны киноны онцлог нь Ю.Цэдэнбалыг ХХ зуунд амьдарч байсан дэлхийн хүн гэдгийг тодотгож харуулах зорилготой ажээ. Энэ ч утгаараа ХХ зууны дэлхийн том улстөрчдийн дүр төрхийг харуулна гэж байлаа. Товчхондоо Монгол Улсын тусгаар тогнолын гол гол үйл явдлууд Ю.Цэдэнбал гэдэг хүнтэй салшгүй холбоотой байдаг. 1939, 1940 оноос эхэлсэн энэ хүний түүх бол дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон монголчуудын оролцоо, 1945 оны аравдугаар сарын 25-ны тусгаар тогнолыг баталгаажуулах Бүх ард түмний санал асуулга, 1945 оны чөлөөлөх дайн, НҮБ-д Монгол Улс элсэх, хүн амаа эрүүлжүүлэх, соёлжуулах, бүтээн байгуулалтыг өрнүүлсэн, соёлын довтолгоог хийсэн мөн энэ улсын бүх сургууль цэцэрлэг, театр, соёл урлагийн байгууллагууд энэ хүний үед боссон. Үүнээс гадна олон үйлдвэр, уурхай Дархан, Эрдэнэт зэрэг шинэ хотуудаас эхлээд 21 аймаг 300 гаруй сум болон 1000 гаруй багийг барьж босгох, төмөр зам, агаарын зам хүнд аж үйлдвэрийн төвүүдийг барих гэх мэтчилэн энэ бүх ажил Ю.Цэдэнбал даргын үед хийгдсэн. Иймээс энэ хүний түүхийг бид хойч үедээ үнэн зөвөөр бичиж үлдээх ёстой гэсэн үүднээс бүрэн хэмжээний түүхэн уран сайхны кино бүтээж байгааг хэлье гэсэн юм.
“Түүх мартахгүй” киног бүтээх баг нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажээ. Тодруулбал, “Түүх мартахгүй” киноны ерөнхий найруулагчаар “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” зэрэг олон киноны ерөнхий найруулагчаар ажилласан “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн ерөнхий найруулагч А.Мөнхсүх ажиллана. Мөн түүхэн кино гэдэг утгаараа түүх болон зохиол талаасаа зөвлөхүүд авч ажиллаж байгаа хэмээсэн. Тухайлбал, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, нэрт соён гэгээрүүлэгч, Монголын түүхэнд 12 түүхэн романыг арван хоёр жилээр нэрлэж бичсэн, “Маршалын нууц товчоо” таван боть түүхэн романыг бичсэн Дамбын Төрбат ажиллах бол түүхийн зөвлөхөөр Төрийн шагналт, түүхийн ухааны доктор, түүхч Л.Өлзийбаатар, Ю.Цэдэнбал академийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Даваасүрэн нар ажиллаж байгаа ажээ. Мөн олон сайхан дүрээрээ түмэнд танигдсан жүжигчин Д.Бямбацогт киноны дүрийн сонголт дээр ажиллахаар болсон байна.
Дашрамд дурдахад киноны дүрүүдийг сонгож эхэлсэн агаад кинонд тоглох хүсэлтэй хүн бүрт “Түүх мартахгүй” уран сайхны киноны үүд хаалга нээлттэй гэдгийг уран бүтээлчид онцолж байлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар их удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны тухай өгүүлэх “Түүх матрахгүй” баримтат түүхэн уран сайхны киног бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна. Киноны зураг авалтын үндсэн ажил дөрөвдүгээр сараас эхлэх бөгөөд энэ оны сүүлч гэхэд үзэгчдэд хүргэнэ хэмээн төлөвлөж байгаа ажээ.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих