
Тэгвэл энэ удаа Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрх мэдэл бүхий таван албан тушаалтан хуурамч бичиг баримт үйлдэн сангийн хөрөнгөөс мөнгө завшсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна.
Дээрх хүмүүс 90 гаруй хүний акт болон хувийн хэргийг хуурамчаар үйлдэн "Хөгжлийн бэрхшээл”-тэй хэмээн тэтгэвэр тогтоож өгч байсан нь илэрсэн юм. Түүнчлэн тэд энэхүү хууль бус ажлаа хийхдээ нэг иргэнээс доод тал нь 300-500 мянган төгрөгийн хахууль авдаг байсан нь хэргийн материалд бүртгэгдсэн аж.
Товчхондоо тэдний энэхүү хууль бус үйлдлээс болж урьдчилсан байдлаар Нийгмийн даатгал болон Тэтгэвэрийн санд 120 гаруй сая төгрөгийн хохирол учирсан байна. Мөрдөн байцаалтын явцад дээрх мөнгөн дүнгээс ч илүү тоо гарах магадлалтай гэдгийг эх сурвалж өгүүлсэн юм.
Мөн бидний олсон мэдээллээр эл хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Батзориг шалгаж байгаа юм билээ.
Хэрэгт хамгийн их оролцоотой хүн нь тус дүүргийн Нийгмийн даатгалын архивч Гэрэлмаа, эмч Оюун-Эрдэнэ нарын таван хүн холбогджээ.
Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах үүднээс НДЕГ-ын мэдээллийн ажилтан Адилзаяагаас асуухад "Манай ажилтнууд хэрэгт холбогдсон гэж сонссон. Гэхдээ энэ талаарх мэдээллийг Хяналт шалгалтын дарга Ариунаагаас асуу” гэв. Түүний хэлсэнчлэн дээрх хүнтэй уулзах гэсэн боловч эзгүй байсан юм.
Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар хэрэгт холбогдсон албан тушаалтнууд хууль тогтоомж, эрх зүйн актыг зөрчөөгүй юм шиг далд аргаар үйлдсэн нь сая л илэрсэн аж.
Түүнчлэн өмнө нь тус газарт шалгалтын баг орж ажиллаж байхдаа хэд хэдэн зөрчил илрүүлсэн боловч тэд хуулийн хийдлийг ашиглаж тухайн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй байх тийм боломжуудыг ашигласан байсан гэсэн үг.
Товчхондоо далд аргаар үйлдэгддэг энэ мэт хэрэгт холбогдогчид нь голдуу эрх мэдэл бүхий албан тушаалтан байдаг. Эрх мэдлээ хэрэгжүүлж байгаа хүнийг шалгахад гэмт хэргийн баримт, нотолгоог устгах, бусад гэрч, холбогдогчтой сүлбэлдэх, хуйвалдах, нөлөөлөх замаар хэргийг замхаруулдаг гээд олон сөрөг зүйл байдаг тухай мөрдөн байцаагч нар ч хэлдэг.
Өнгөрсөн онд Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын дарга П.Баяраа, ерөнхий нягтлан бодогч Б.Хастуяа нар нь иргэдийн тэтгэврийн мөнгийг хувийн данс руу шилжүүлэн хүүг нь хуваан авч улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэг ч гарч байсан. Зовж зүдэрсэн ард иргэдийнхээ халаасыг сэгсэрч хувьдаа их хэмжээний мөнгө завшсан дээрх албан тушаалтнуудын нэр усыг дараагийн дугаартаа эрэн сурвалжилж мэдээллэх болно.
Үргэлжлэл бий...
Өглөөний сонин
Р.Саруул

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3029
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих