БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох "Койка”-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын зохицуулагч Myoung Sun Song, мэргэжилтэн Yaerin Kyeon, Ц.Төмөрчулуун зэрэг төлөөлөгчид 2019.03.15-нд Дорнод аймагт ажиллаж, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтэн хүлээн авч уулзлаа.
"Койка” олон улсын байгууллагын сайн дурын гишүүн томилох хөтөлбөр нь Монгол улсад хэрэгжээд олон жил болж байна. Дорнод аймгийн Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамжийн салбарт сайн дурын мэргэжилтнүүд ажиллаж, Солонгос улсын сайн туршлага, сургалтын үйл ажиллагааг нэвтрүүлэн, улмаар манай аймгийн дээрх салбаруудын үйл ажиллагаанд хувь нэмэр оруулсаар байгаа бөгөөд 2019 оны байдлаар "Койка” олон улсын байгууллагын 4 сайн дурын мэргэжилтэн манай аймагт ажиллаж байна.
Уулзалтын үеэр сайн дурын мэргэжилтэн урих хүсэлтийг хэрхэн гаргах, ямар чиглэлээр сайн дурын мэргэжилтэнг урьж ажиллуулах боломжтой болох, мөн "Койка”-аас хэрэгжүүлдэг Төрийн албан хаагчдыг чадавхижуулах төсөл, хөтөлбөрт Дорнод аймгийн төрийн албан хаагчдыг хамруулах боломжийн талаар танилцуулж, цаашид манай аймагтай өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтойг илэрхийллээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн зүгээс 2018 онд БНСУ-ын "Койка”, АНУ-ын "Энх тайвны корпус”, Япон улсын "Жайка” зэрэг олон улсын байгууллагын шугамаар Дорнод аймагт ажиллаж байгаа сайн дурын мэргэжилтнүүдийн үйл ажиллагаатай танилцах, санал бодлыг сонсох, цаашид хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцох зорилгоор хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр сайн дурын мэргэжилтнүүдийн дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж, мэргэжилтнүүдийн амьдрах орчин, аюулгүй байдалд анхаарч ажиллахаа илэрхийлж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг, чиглэл өгсөн билээ.
"Койка” олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын хувьд сайн дурын мэргэжилтнүүдийн амьдрах орчин, аюулгүй байдалд анхаарч ажиллаж буй манай аймгийн удирдлагуудад талархсанаа илэрхийлж, цаашид манай аймагт ажиллах сайн дурын мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн юм.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих